Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 163

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Б.Э  ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Б.Э  эд холбогдох эрүүгийн 1726001240058 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Б.Э 

Шүүгдэгч Б.Э   нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах спортын ордны хашаан дотор хохирогч С.Э   зүүн гарыг төмрөөр зүсж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч С.Э   мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаарр баг Спортын ордны замын хойд талд байдаг Э  ийн хүнсний дэлгүүрт тэмцээнд оролцож байгаа хүүхдэд ундаа авахаар орсон. Дотор нь Э   танихгүй залуутай хамт хөзөр тоглоод сууж байсан. Э   тэр үед архи уучихсан халамцуу байх шиг байсан. Би өмнө нь надтай маргалдаж байсан Болд гэх хүн танай хамаатан билүү гээд санаандгүй асуучихсан чинь тэгээд чи юу гэх гээд байгаа юм бэ гээд намайг тэр залуугын хажууд заамдаад авсан. Тэр залуу салгах үед би дэлгүүрээс нь гараад баруун тийшээ алхаад Эрдэнсүхийн гар утас руу өөрийн утаснаасаа залгаад, чи манай хүргэн болоод одоо сэхэж дээ, чамайг ямар байсныг мэдэх юм байна гэж хэрүүл хийж залгасан. Миний өмнөөс чи муу гуйлгачин арчаагүй пизда зэрэг үгээр хэлж хэрэлдсэн. Тэгсэн чинь дэлгүүрээсээ гарч ирээд пизда минь чи хаана байна гэхээр нь өөрийнх дэлгүүрээс баруун урд талд байдаг спортын ордны баруун талд хашаан дотор нь байна гэж хэлээд уулзсан. Тэгээд хэрэлдэж байгаад би гараараа нүүр хэсэг рүү нь цохих гэсэн чинь оноогүй хальт шүргэх шиг болсон чинь тонгойгоод босоод ирэхээр нь би заамдаж аваад дахиад цохих гэтэл заамдсан байсан зүүн гар руу 2 удаа цохиж авах шиг болсон. Тэгэхээр нь би гараа тавиад салтал миний зүүн гарын шуу хэсгээс цус гараад байсан. Би “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэсэн чинь чи битгий хуц би чамайг хутгалаагүй гэж хэлсэн. Тэгээд би өөдөөс нь дайраад хэрэлдээд байж байтал Э   тэгвэл чи намайг хутгалсан гээд байгаан бол цагдаа дуудаж шалгуулна гээд өөрийнхөө утсаар цагдаа руу залгасан. Удалгүй цагдаа ирж бид хоёрыг салгаад намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн. ..Би сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед тонгойхдоо газраас ямар нэг юм авсан байж магадгүй. ..Зүүн гарын шуу хэсэгтээ оёо тавиулаад боолт хийлгэсэн. Өөр миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. ..Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 хуудас/,

Хохирогч С.Э   мөрдөн байцаалтанд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн: “..Спортын ордонд тэмцээн болоод Улаанбаатар хотоос ирсэн хүмүүстэй жаахан архи уусан байсан. Халамцуу байсан. ..Би өмнө нь Болд гэх хүнтэй маргалдсан байсан юм. Тэгээд тэр хүнийг танай хамаатан бил үү гэж асуусан чинь өөдөөс уурлаад тэгээд л маргаан эхэлсэн юм. Б.Э   бид хоёр хоёулаа халамцуу байсан. ..Б.Э   нь гартаа юм барьж ирээгүй, газраас л юм авч миний гарыг зүссэн байх. ..Миний биеийн байдал зүгээр, сайн байгаа. Сүртэй ч зүсээгүй юм. Э   өөрөө л цагдаа дуудчихсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ..Би л эхэлж хэрүүл өдсөн юм. Б гэх хүнийг танай ах дүү билүү гээд хэлчихсэн чинь уурлаад л бид хоёр маргалдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байсан юм. Би Э   ахын дэлгүүрийнх нь хажуугаар явж байгаад дэлгүүрээр нь дайраад гаръя гэж бодоод орсон. Намайг дэлгүүрт нь ороход өглөөний 10 цаг болж байсан байх. Намайг дэлгүүрт нь ороход Э   ах нэг хүний хамт байсан. Тэр хүнтэйгээ архи уугаад сууж байсан, архи нь дуусч байсан. Э   ахтай цуг архи уугаад сууж байсан хүн нь архиа ууж дуусаад явсан. Тэгээд Э   ах бид хоёр хөзөр тоглоод сууж байтал гаднаас Э   ахын хүргэн ах гэх Э   гэх хүн дэлгүүрт нь ганцаараа орж ирсэн. Дэлгүүрт орж ирсэн Э   гэх хүнийг Э   ахын эхнэрийнх нь ах гэдгийг сүүлд мэдсэн. Э   гэх хүн орж ирээд "хүнд авч өгөх гэсэн юм, ямар архи нь зүгээр байдаг юм бэ" гэх зэрэг зүйл яриад л байсан. Тэгснээ тэр хүн "ногоон Болдоо гэх хүн танай хамаатан юм байна лээ шүү дээ, танай ээж чинь тэгж байна лээ" гэхэд Э   ах "битгий янз бүрийн яриандаа намайг оролцуулаад бай, надад хамаагүй" гээд уурлаад босоод ирсэн. Тэгээд тэр хоёр барилцаад заамдалцаад авахаар нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд Э   гэх хүнийг дэлгүүрээс би аваад гарсан. Дэлгүүрээс гаргаад спортын ордон руу явуулсан боловч 2-3 удаа буцаж дэлгүүр лүү нь орох гээд байхаар нь би та нар эрүүл дээрээ учраа ол гээд дэлгүүр рүү оруулалгүй спортын ордны хашаа руу оруулчихаад миний машин Э   ахын дэлгүүрийн гадаа байсан болохоор дэлгүүр рүү орж Э   ахад явлаа шүү гэж хэлчихээд машинаа унаад ажил руугаа явсан. Ахиж Э   ахын дэлгүүр рүү очоогүй. ..Б.Э  ийн дэлгүүрт ямар ч зодоон болоогүй. Тэр хоёр бие биенийгээ заамдаад авахаар нь би салгаад Э   гэх хүнийг дагуулаад дэлгүүрээс нь гарсан. Тэгээд буцаж орж ирэх гээд байхаар нь спортын ордны хашаа руу оруулаад явсан. Дэлгүүр дотор заамдалцаж авснаас бие биенийгээ цохиогүй. ..Э   гэх хүнийг архи бага зэрэг уусан юм болов уу гэж бодсон. Архи үнэртээгүй ч гэсэн бага зэрэг уучихсан юм шиг нүд нь жаахан талимаарсан байсан. Б.Э   ах нилээн халамцуу байсан. ..Намайг байхад тийм зүйл болоогүй. Дэлгүүрээсээ ч Э   ах гарч ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Ж.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..1990 оноос хойш танина. Найзууд байгаа юм. Садан төрлийн ямар нэгэн холбоогүй. ..Миний мэдэхийн хүнтэй муудалцаад байхааргүй хүн байгаа юм. Бид хоёр 30-аад жил нөхөрлөж байна. Б.Э   нь хүнд тусархуу хүн байгаа юм. Бид нар 30-аад жил найзлахдаа хоорондоо муудалцаж үзээгүй. Сайхан л найзууд. Б.Э   нь архи согтууруулах ундааны зүйл баяр ёслолоор л хэрэглэдэг, тэр бүр хэрэглээд байдаггүй юм. Архи уухаараа хүнтэй муудалцаад хэрүүл маргаан зодоон цохион хийгээд байдаггүй л хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..1981 онд Арвайхээр сумын 1 дүгээр 10-н жилд 1 дүгээр ангид элсэн орохдоо нэг ангид цуг орж байсан юм. Түүнээс хойш мэднэ. Найзууд байгаа юм. Садан төрлийн ямар нэгэн холбоогүй. ..Болсон хэргийн талаар Б.Э  ээс өөрөөс нь мэдсэн. Эхнэрийнхээ ахтай маргалдаад цохичихсон гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна. ..Архи дарс уугаад, хүн амьтантай зодолдоод, хүн амьтан дээрлэхээд байдаггүй л хүн байгаа юм. Нийтэч, хүнтэй эвтэй харьцдаг, даруу төлөв зантай, хүнд тусархуу хүн. Хүн зодчихсон гэхээр нь би гайхаад байгаа юм. Би олон жил найзалчихаад агсан согтуу тавиад хүнтэй маргаад зодолдоод байхыг нь хараагүй. Айраг ч нэг их уугаад яваад байдаггүй хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Шүүгдэгч Б.Э  ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...С.Э   нь манай эхнэр болох Чимэддуламын төрсөн ах нь байгаа юм. С.Э  г 2005 оноос хойш танина. Садан төрлийн холбоотой. ..Тэр өдөр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байсан юм. Спортын ордны хажуугийн саарал өнгийн байранд манай дэлгүүр байрладаг юм. Тэр байрны дугаарыг нь мэдэхгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өглөө цэрэг татлага болсон юм. Тэгээд тэр өдрийн өглөө намайг дэлгүүр дотроо байж байхад 08 цагийн орчимд манай найз болох Пэл хүүхдээ цэрэгт явуулчихлаа гээд ганцаараа орж ирсэн. Пэлийг орж ирэхээр нь бид хоёр 0,75 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи хувааж уусан. 08 цаг 30 минутын орчимд машин нь явах болчихоод гараад явсан. Пэлийг явсны дараа Батцэнд гэх манай найз орж ирсэн. Батцэндийг орж ирэхээр нь бид хоёр хөзөр тоглож байтал эхнэрийн ах Э   дэлгүүрт ганцаараа орж ирсэн. Миний хажууд сууж байгаад Э   надаас "ногоон Болд танай ах дүүгийн хүн бил үү" гэхээр нь би "битгий өөрийнхөө хэрүүлд намайг хутгах гээд бай" гэж хэлсэн. Тэгтэл Э   ах намайг "чи цадаж дээ гуйлгачин минь" гэхээр нь би уурлаад өөдөөс нь хэрүүл хийгээд Э   ах бид хоёр барилцаж авсан. Тэгээд Батцэнд бид хоёрыг салгаад Э   ахыг дэлгүүрээс гаргаад явуулсан. Тэгтэл Э   ах миний гар утас руу залгаад "чи манай хүргэн болчихоод баяжаа биз дээ гуйлгачин минь" гэж хэлэхээр нь би уурлаад бид хоёр утсаар хэрэлдсэн. Би Э   ахыг хаана байна гэхэд Э   ах "спортын ордны хашаанд байна" гэхээр нь дэлгүүрээсээ гараад хүрээд очтол Э   ганцаараа спортын ордны хашаан дотор байсан. Тэгээд очоод бид хоёр барилцаж авсан. Э   нь миний нүүр рүү гараараа цохисон. Э   миний куртканы захнаас заамдсан байсан. Э   ахад цохиулаад манараад доошоо суусан. Суугаад газар байсан төмрийг аваад Э   заамдсан гарыг тавиулахын тулд газраас авсан төмрөөрөө 2 удаа зүүн гарын шуу руу цохисон. Тэгтэл Э   ах "чи намайг хутгалчихлаа шүү дээ" гээд заамдсан гараа тавихаар нь хартал зүүн талын гарынх нь шуунаас цус гарч байсан. Тэгээд би өөрөө цагдаа дуудсан. Цагдаад би "спортын ордны хашаанд хүн хутгалуулчихлаа" гэж дуудлага өгсөн. Цагдаа ирээд намайг цагдаа руу, Э  г эмнэлэг рүү аваад явсан. ..Ногоон Болд гэх хүнээс болж хэрүүл эхэлсэн юм. Болд гэх хүнтэй би ямар нэгэн холбоогүй. ..С.Э   ах эрүүл, архи уугаагүй байсан. Би согтуу байсан. ..Би хаашаа шидсэнээ санахгүй байгаа юм. Тухайн үед дуудлага өгчихөөд цагдаа нартай хамт тэр төмрийг хайгаад олоогүй. ..Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 411 дугаартай шинжээчийн: “..1.С.Э   биед зүүн гарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй. 5.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 23 хуудас/,

Шүүгдэгч Б.Э  ийн хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35/, охин Э.Мөнхзаяа, хүү Э.Намхай, хүү Э.Мөнхгал нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36-37/,

Хохирогч С.Э   шүүхэд ирүүлсэн “Б.Э  ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул надгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Б.Э   нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Спортын ордны хашаан дотор хохирогч С.Э   зүүн гарыг төмрөөр зүсч, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч С.Э   /хх-ийн 7-11/, гэрч Б.Батцэнд /хх-ийн 15-16/ нарын мэдүүлгүүд, хохирогч С.Э   эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 411 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Б.Э  ээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-32/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржигон овгийн Б.Э  эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Э  ийг торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э  эд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Э  эд оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э   нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

   Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э  эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Э  ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Б.Э  ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  эд оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э   нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Б.Э   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э  эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э  эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ЦЭЦЭГЭЭ