Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 221/2023/0087/З |
Дугаар | 221/ШШ2024/0007 |
Огноо | 2024-04-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/ШШ2024/0007
Ш.Х-н гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч З.Ганзориг, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Ш.Х
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Гуравдагч этгээд: Н.Т
Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Өмгөөлөгч Ш.Х-т холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, Б.Дагиймаа, Д.Болд-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяртөгс, Б.Цэрэнмягмар, гуравдагч этгээд Ш.Т, иргэдийн төлөөлөгч С.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
Хэргийн индекс: 221/2023/0087/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ш.Х нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Өмгөөлөгч Ш.Хосбаярт холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Гуравдагч этгээд Н.Т нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдээр огноолон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгч Ш.Х-г Өмгөөллийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 6.1, 7.1, 14.2, 14.11, 16, 17.2, 17.3, 17.4, 17.7, 17.8 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан байна.
3. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн МТ/18 дугаар тогтоолоор “... Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ш.Х-т сануулах хариуцлага хүлээлгэж” шийдвэрлэжээ.
4. Гомдол гаргагч Ш.Х тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргагч Н.Т тай манай Өмгөөллийн “Э” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Н.Т ын нэхэмжлэлтэй, Т.Нарантуяад холбогдох 240,281,641 төгрөгийн зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцохоор “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байсан. Ийнхүү өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байхдаа Өмгөөллийн тухай хууль болон өөр бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд үйлчлүүлэгч Н.Т ын хүсэлтийн дагуу харилцан тохиролцон 2023 оны 04 дүгээр сард тус гэрээг цуцалсан байдаг.
4.2. Манай Өмгөөллийн “Э” ХХК-ийн үйлчлүүлэгч байсан Төмөрбаатар нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдолдоо “Хосбаяр нь асуудлыг маш богино хугацаанд шийдэж өгнө, ерөнхий прокурорын туслахаар ажиллаж байсан, шүүх прокурорт танилтай, П.Эрдэнэбаатар нь цагдаад ажилладаг байсан цагдаагийн асуудлыг хариуцаж шийдвэрлэнэ” гэж хэлж амлалт өгсөн гэжээ. Гэвч Н.Т нь хамтарч ажиллах саналыг прокурорын байгууллагад ажилладаг хүнээр дамжуулан санал тавьж өөрөө ирж уулзсан. Миний өмнө ямар ажил эрхэлж байсан талаар мэдээлэлтэй байсан. Би ч түүнд өмгөөлөгчийн хувьд ямар ажил эрхэлдэг байсан талаараа танилцуулснаас өөрөөр прокурорын байгууллага болоод хэн нэгэн албан тушаалтны нэрийг барьж түүнд итгэл төрүүлсэн зүйл байхгүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахдаа аливаа байгууллагад прокурорын болон бусад байгууллагын нэрийг барьсан зүйл байхгүй. Манай өмгөөлөгч хуульч нараас цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэг ч хүн үгүй, ямар учраас өмгөөлөгч П.Э-г хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэж үндэслэлгүй дурдаад байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл түүнд хууль бус амлалт өгч, түүнийг хуурч итгэл үнэмшил төрүүлсэн зүйл байхгүй.
4.3. ... манай улсад одоогоор өмгөөллийн хөлс тогтоох тухай нарийвчлан гаргасан албан ёсны тооцоолуур байхгүй бөгөөд тухайн өмгөөлөгч аливаа хэргийн нөхцөл байдал, ээдрээ төвөгтэй байдал, ажиллах цар хүрээ болон өөрийн мэргэшлийн ур чадвараас шалтгаалан харилцан адилгүй үнэлгээтэй байдаг билээ. Манай өмгөөллийн фирмийн хувьд үйлчлүүлэгч Н.Т ын хэрэг дээр миний бие болон өмгөөлөгч Ж.Н, П.Э, туслах хуульч Б.Д гэх дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан билээ. Ийнхүү ажиллахдаа зөвхөн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан иргэн Нарантуяатай холбоотой хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд ажиллана гэсэн боловч түүнтэй хамааралтай эд хөрөнгийн, татварын, газрын харилцааны, гэмт хэргийн, зөрчлийн шинжтэй бүхий л гомдол маргаанд төлөөлөн оролцохоор байсан тул төлбөрийг ийнхүү тохирсон. Тэр бүү хэл түүний хүү өөрийн эзэмшлийн газарт бараа буулгах ажилд нь хүртэл Н-н хүүхдүүд саад учруулахад холбогдох байгууллагад гомдол гаргаж, идэр есийн хүйтэнд 3 хуульч нь байлцан хууль ёсны дагуу чөлөөлөх арга хэмжээг хүртэл авч байсан. Үүгээр бид өмгөөллийн үйл ажиллагааг чин сэтгэлээсээ хүчин чармайлт гарган, шуурхай зохион байгуулалттай ажилласан болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн хүссэн хуулийн үйл ажиллагааг гэрээнд заасан хүрээнд баригдалгүйгээр үзүүлж түүндээ тохирсон хөлсийг авсан бөгөөд түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ Өмгөөллийн тухай хуулийн 15.1.10. дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.4. ... Н.Т нь манай байгууллагатай гэрээ байгуулсан цагаас хойш өдөр болгон шахуу ирж зөвлөлдөж, зөвлөгөө авч байсан. Тухай бүрт ажлын байранд хэдийд ирсэн ч, хэн нь байсан ч хүлээж авч уулздаг, зөвлөгөө өгдөг, тав тухтай байлгаж настай хүний хувьд хангалттай хүндэтгэлтэй ханддаг байсан. Ийнхүү Өмгөөллийн үйл ажиллагааг явуулахдаа түүнд төвөг чирэгдэл учруулж, дайчилсан асуудал байхгүй бөгөөд миний бие болоод өмгөөлөгч Ж.Н, П.Э, туслах Б.Д нар тус тусын үүргээ биелүүлж багаар ажиллаж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалж байсан. Гэвч үйлчлүүлэгчийн зүгээс зарим боломжгүй, тэр битгий хэл хууль бус байж болохоор зүйлийг хүртэл үйл ажиллагаанд ашиглахыг шаарддаг байсныг бидний зүгээс хуульчийн байр суурьнаас татгалзаж тайлбарласныг түүний эрх ашгийг хамгаалаагүй хэмээн ойлгосон байж болохоос өөрөөр манай хамт олон хууль зөрчсөн, мэргэжлийн ёс зүйгүй ямар ч үйлдэл гаргалгүй чин сэтгэлээсээ ажилласан. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдолд дурдсан асуудлуудаа нотлох ямар ч баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд харин бидний зүгээс энэ ажилд ямар эмх цэгцтэй, ажил хэрэгч хандаж байсан нь манай байгууллагаас гаргаж өгсөн баримтуудаас харагддаг. Тодруулбал хийх ажлын төлөвлөгөөг бичгээр гарган түүнд танилцуулж үр дүнгээ харилцан ярилцаж нээлттэй ажиллаж байсан нь нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Тиймд өмгөөллийн үйлчилгээний төлбөрийг 3 хуваан хийхээр харилцан тохиролцон гэрээ байгуулж, бидний ажилд хэвийн үр дүнтэй явж байсан учир үйлчлүүлэгч Н.Т нь 2 дахь төлбөрийг хийсэн гэж ойлгож байна.
4.5. Түүнчлэн Н.Т ын иргэн Н-тай маргаж байсан эд хөрөнгийн маргааны үйл явцын талаар тухай бүрт түүнийг мэдээллээр хангаж байсан бөгөөд тус маргаан нь богино хугацаанд шийдвэрлэгдэх ямар ч боломжгүй гэдгийг манай байгууллага маш сайн тайлбарлаж хэлсэн байдаг. Тэрээр өөрөө санал тавьж итгэмжлэлийг 2 жилийн хугацаагаар хийлгэж, өмгөөллийн гэрээг 1, 1 жилээр сунгахаар тохиролцсон байдаг. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан тухайн маргаан нь нэхэмжлэгч талаас болж удааширсан хойшилсон асуудал огт үгүй, хариуцагч болон нэхэмжлэгч талаас шүүхэд хүсэлт гаргаж, хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой ажиллагаа хийгдээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотой ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Хамтран хариуцагч нараар иргэн, аж ахуй нэгж хүртэл нэмэгдсэн зэрэг ажиллагаа хийгдэж байсан бөгөөд энэ талаар ажлын тайланд дэлгэрэнгүй дурдсан. Манай хамт олон гэрээнд заасан үүргээр хязгаарлагдахгүй Н.Т ын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалан түүнд гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар тайлагнан ажиллаж байтал тэрээр гэрээ цуцлах саналыг бидэнд хүргүүлсэн. Ингээд үйлчлүүлэгч Н.Т ын хүсэлтийн дагуу баримт бичиг хүлээлцэж, ажлын тайланг гарган өгч төлбөрийн асуудлыг шийдвэрлэе гэхэд тэгье гэж баримт бичиг ажлын тайланг хүлээж авснаас 4-5 хоногийн дараа манайд албан мэдэгдэл гэх бичгээр төлбөрийг 100 хувь буцааж 1-2 хоногийн дотор өг гэсэн шаардлага ирүүлсэн. Тэрээр гэрээ цуцлагдсантай холбоотой харилцааг зохих журмаар шийдвэрлэхээс зайлсхийж тухайн шаардлагадаа хэрэв түүний шаардлагыг биелүүлэхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана, Татварын байгууллагад шалгуулна, Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргана гэж дурдсан. Ингээд Татварын байгууллагад гомдол гаргаж шалгуулан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэхүү маргаан нь тус дүүргийн шүүхэд хянагдаж байна.
4.6. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчсөн хэмээжээ. Гэвч тухайн зөрчил нь гомдол гаргагчийн гомдолд дурдагдаагүй уг хэрэг маргаантай хамааралгүй. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч Баяртөгс нь Ш.Х надад холбогдох гомдлыг хүлээн авч, намайг мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн тухайн маргааныг мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанаар шийдвэрлүүлэхээр хянан шалгагчийн зөрчлийн дүгнэлт үйлдсэн. Ийнхүү дүгнэлт үйлдэхдээ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 57 дугаар зүйлийн 57.2, 61.1-д заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл тэрээр надад зөрчлийн дүгнэлтийн талаар огт мэдэгдээгүй бөгөөд миний одоо хүртэл тухайн дүгнэлттэй танилцаж чадаагүй. Энэ нь миний Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хурмын 20.1.1-д заасан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болсон шалтгаан, үндэслэлийг тайлбарлуулах, маргаан үүсгэсэн тогтоолтой танилцах” эрхийг минь зөрчиж, улмаар хэний гомдолд ямар үндэслэлээр ямар зөрчил гаргасан гэж дүгнэн намайг холбогдуулан шалгаж байгааг мэдэх, гомдолд өөрийн эрх ашгаа хамгаалан цаг алдалгүй нотлох баримт, тайлбар гаргах боломжийг хязгаарласан нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил хэмээн дүгнэж болохоор байна. Дээрх бүгдээс дүгнэхэд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ш.Х миний бие үйлчлүүлэгч Н.Т тай хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллахдаа Өмгөөллийн тухай хууль болон мэргэжлийн ёс зүйн хувьд ямар нэгэн зөрчил гаргалгүй ажилласны зэрэгцээ мэргэжлийн хариуцлагын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. Тиймээс маргаан бүхий 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/18 дугаартай “Өмгөөлөгч Ш.Х-т холбогдох маргааны тухай” тогтоол нь үндэслэлгүй буюу өмгөөлөгч миний үйлдээгүй зөрчлийг үйлдсэн хэмээн буруу дүгнэн, надад холбогдуулан “сануулах” арга хэмжээ авсан явдал нь миний эрх ашгийг хөндөж байна.
4.7. Иймээс Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/18 дугаартай тогтоол нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/18 дугаартай “Өмгөөлөгч Ш.Х-т холбогдох маргааны тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “... Ш.Х-н үг, үйлдэл зөрж эхэлсэн. Тухайлбал Ш.Х төлбөр тооцоогоо авснаас хойш миний шүүх хуралд нэг удаа ажиглагчийн байр суурьнаас орсон. Эрдэнэбаатар цагдаатай холбоотой ажил хариуцна гэсэн хэрнээ Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид холбогдох зөрчлийн хэрэгтэй холбоотой асуудалд гомдол гаргагчийн өмгөөлөгчөөр оролцуулах гэтэл өмгөөлөгчийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан гээд холоос ажиглагч байрнаас харж байсан. Өмгөөллийн ажиллагаанд Ш.Х нь хотын прокурор, Баянзүрх дүүргийн шүүгч М-тай ярьсан гэж хэлж байсан. Энэ хэргийг өмгөөлж байх 8 жилийн хугацаанд ковидын хөл хориотой байж шүүх прокурорын ажиллагаа хөл хориотой байсан. Учир нь гэрээнд заасан тохирсон байхад ямар ядаргаатай юм гэж доромжилж эхэлсэн. Ш.Х өмгөөлөгчөөр цаашид эрхээ хамгаалуулах боломжгүй болсон нь мэдэгдсэн.
5.1. Иймд би 2022 оны 04 дүгээр сарын 20-нд гэрээ дуусгавар болгох мэдэгдэл, 5 дугаар сарын 02-нд надаас Ш.Х-т шилжүүлсэн 45 сая төгрөгнөөс 40 сая төгрөгийг буцаан шилжүүлэх талаар мэдэгдэл өгч, түүний анх надад юу гэж амлаж байсныг сануулж, өдрийг хүртэл хууртагдаж ирснээ мэдэгдсэн ... 5 сая төгрөгийг өмгөөллийн зардалд аваад бусад худлаа ярьж авсан мөнгөө мэдэгдлээр шаардсан. Гэтэл Ш.Х миний мөнгийг буцааж өгөхгүй, харин ч гэрээгээ цуцлах гэлээ гээд уурласан.
5.2. Мөнгийг буцааж өгөхгүй болохоор нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ш.Х-г Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн. Одоог хүртэл Ш.Х-тай хийсэн өмгөөллийн гэрээний үндсэн хэрэг, Ш.Х-г хариуцагчаар 40 сая төгрөг гаргуулах иргэний хэрэг ч тэр эцэслэн шийдэгдээгүй байгаа гэдгийг дурдах нь зөв байх гэж бодож байна. Дээрх хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэхээс үл шалтгаалан өмгөөлөгч Ш.Х-н үйлдлүүд Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байх тул энэ гомдлыг гаргаж байна.
5.3. Иргэн Н.Т ын гаргасан дээрх гомдолд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ЗД/17 дугаартай зөрчлийн дүгнэлт үйлдэж маргааны хурлаар орсон байна. Өмгөөлөгч Ш.Х нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.8, 14.1.11, 14.1.14, 15 дугаар зүйлийн 15.1.9, 15.1.10 дахь заалт, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ш.Х-т “сануулах” хариуцлага хүлээлгэсэн. Өмгөөлөгч Ш.Х-т хариуцлага үлээлгэсэн тухай утсаар мэдэгдэж, тогтоолыг хүлээлгэн өгч маргааны материалд тэмдэглэл үйлдсэн” гэжээ.
6. Гуравдагч этгээд Н.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... миний бие өмгөөлөгч Ш.Х-т холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд МТ/18 дугаартай тогтоол гарч өмгөөлөгч Ш.Х-т Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос “сануулах” арга хэмжээ авсан нь үндэслэл бүхий болсон гэж миний зүгээс үзэж байна. Учир нь миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Т.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр шаардаж нэхэмжлэл гаргасан ба тухайн хэрэгт өмгөөлөгч авах хүсэлтэй байсан. Ингээд энэхүү асуудлаар өмгөөлөгч Ш.Х-тай очиж уулзаж, ярилцахад өмгөөлөгч Ш.Х нь “...би таны хэрэг маргааныг шуурхай шийдвэрлэж чадна, мөн би Ерөнхий прокурорын туслахаар ажиллаж байсан тул таны маргааны түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой, учир нь би шүүх прокурорт танил тал ихтэй, мөн манай өмгөөлөгч П.Э нь цагдаад ажилладаг байсан цагдаагийн асуудлыг бүрэн шийдвэрлэж өгнө гэх амлалт өгч ...” гэрээний байгуулах санал тавьсан. Миний бие дээрх саналыг хүлээн авч “хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө” гэх амлалтанд итгэж 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, урьдчилгаанд 45.000.000 төгрөг өмгөөлөгч Ш.Х-н хувийн дансанд шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд өмгөөлөгч Ш.Х нь хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөх амлалтандаа хүрэх нь битгий хэл өмгөөлөгчтэй огт холбогдох боломжгүй болсон бөгөөд миний дуудлагыг авахаа байж, хэргийн талаарх нөхцөл байдлыг танилцуулах, тайлбар өгөх гэх мэт “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх” гэрээний үндсэн үүргээ ч биелүүлэхээ больсон тул Н.Т миний бие 2022 оны 04 сард өмгөөлөгч Ш.Х-тай хийсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн байдаг. Гэвч өмгөөлөгч Ш.Х-н зүгээс тухайн мэдэгдлийг хүлээн авснаас хойш тодорхой хариу өгөөгүй ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Н.Т ын нэхэмжлэлтэй Т.Н-д холбогдох хэрэгт өмгөөлөгч нар оролцохоо больсон.
6.1. Миний бие өмгөөлөгч Ш.Х-н Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.13, 15 дугаар зүйлийн 15.1.2, 23 дугаар зүйлийн 23.2-д заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн тул Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд гомдол гаргасан.
6.2. Иймд өмгөөлөгч Ш.Х-н дээрх үйлдэл нь өмгөөлөгч хүний хувьд байж болохгүй ёс зүйн ноцтой зөрчил миний зүгээс үзэж байх тул Монголын өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн МТ/18 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
7. Иргэдийн төлөөлөгч: “...Ш.Х өмгөөлөгч байх шаардлагатай. Нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ш.Х-н гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон боловч гомдол гаргагчийн өмгөөлөгч У.Х-н “шүүх хуралдаан давхацсан” гэх хүсэлтээр хойшлуулж, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад товлосон. Тус шүүх хуралдаан мөн гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Дагиймаагийн “эрүүл мэндийн шалтгааны улмаас өвчтэй байгаа” гэх хүсэлтийн дагуу 14 хоногоор хойшлуулж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад товлосон. Иймд гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан гэж үзэж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Б-н “хэргийн материалтай танилцах тухай” хүсэлтийг хүлээн аваагүй болно.
2. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.
2.1. Шүүх гомдол гаргагч Ш.Х-н нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д тус тус заасны дагуу дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн МТ/18 дугаар тогтоолоор өмгөөлөгч Ш.Х-т “Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар сануулах хариуцлага хүлээлгэж” шийдвэрлэжээ.
2.3. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан иргэн Н.Т ын “...Өмгөөлөгч Ш.Х-н үйлдлүүд өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Танил талаараа миний хэргийг хурдан шуурхай шийдүүлэх маягаар надад ойлгуулж хөлсөө тогтоосон нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн” гэх гомдлын дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, өмгөөлөгч Ш.Х-г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.5-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”, 14 дүгээр зүйлийн 14.1.2-д “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 15.1.3-д “үйлчлүүлэгчид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, хэрэг, маргааны бодит байдлыг нуун дарагдуулах”, 15.1.10-д “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хэрэг, маргааны оролцогчийг ашиглан өөрийн хууль зүйн мэргэжлийн туслалцааг бусдад тулгах, үйлчлүүлэгч олж өгсний төлөө бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах”, 19 дүгээр зүйлийн 19.3-д “Өмгөөллийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүр Өмгөөлөгчдийн Холбоонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж, арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй байна.
2.4. Учир нь гомдол гаргагч Ш.Х нь “... Н.Т нь хамтарч ажиллах талаарх саналыг прокурорын байгууллагад ажилладаг хүнээр дамжуулан санал тавьж өөрөө ирж уулзсан. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахдаа аливаа байгууллагад прокурорын болон бусад байгууллагын нэрийг барьсан зүйл байхгүй гэсэн” боловч энэ талаар нотлох баримт, тайлбар зэргийг гаргаж өгөөгүй байна.
2.5. Өөрөөр хэлбэл, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны маргааны материалд авагдсан гомдол гаргагч, гуравдагч этгээдийн тайлбарууд, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцлах мэдэгдэлүүд, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, А.Б-н тайлбар, зөрчлийн дүгнэлт зэргээс үзэхэд гомдол гаргагч Ш.Х нь гуравдагч этгээд Н.Т т ... хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлж өгнө гэж амлалт өгч, итгэл үнэмшил төрүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны “... өмгөөллийн хөлсийг харилцан тохиролцсон боловч 4 дахин их хөлс төлж байгаа нь танил талаа ашиглаж түргэн шуурхай шийдэж өгнө гэсэн амлалт өгсөн учраас илүү хөлс төлсөн гэж үзэж болохоор байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.
2.6. Мөн тэрээр нэхэмжлэлдээ “...надад зөрчлийн дүгнэлтийн талаар огт мэдэгдээгүй бөгөөд миний одоо хүртэл тухайн дүгнэлттэй танилцаж чадаагүй. Энэ нь миний Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хурмын 20.1.1-д заасан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болсон шалтгаан, үндэслэлийг тайлбарлуулах, маргаан үүсгэсэн тогтоолтой танилцах” эрхийг минь зөрчсөн” гэх боловч тус маргааны материалд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан шалгагч Б.Б зөрчлийн дүгнэлт үйлдэж, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр танилцуулж хүргүүлсэн байх тул Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хууль бус гэж үзэж, түүний улмаас нэхэмжлэгчийн тайлбар, баримтаа гаргах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргаан хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааны явцад гомдлыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргах эрх нь байсан байна.
2.7. Түүнчлэн гомдол гаргагч Ш.Х нь нэхэмжлэлдээ “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчсөн гэсэн. Гэвч тухайн зөрчил нь гомдол гаргагчийн гомдолд дурдагдаагүй уг хэрэг маргаантай хамааралгүй” гэжээ. Хэдийгээр гуравдагч этгээд Ш.Т Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороонд гаргасан гомдолд энэ талаар дурдаагүй боловч энэ нь уг зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
2.8. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3172 дугаар шийдвэрээр “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцалснаас үүссэн гэрээний төлбөрийн буцаалт 30.000.000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, “Өмгөөллийн “Э” ХХК болон Ш.Х нараас 30.000.000 төгрөг гаргуулан Н.Т т олгохоор” шийдвэрлэж, уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2176 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.9. Дээр дурдсан үндэслэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Ш.Х-г Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд “сануулах” хариуцлага ногдуулсан нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасанд нийцсэн байх тул тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ш.Х-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.10. Нэгэнт өмгөөлөгч Ш.Х нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж дүгнэж байгаа энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн “... нэхэмжлэлийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг авах хууль зүйн үндэслэлгүй байна.
2.11. Мөн маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Өмгөөлөгч Ш.Х-т холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг гомдол гаргагч хэзээ, хэрхэн гардаж авсан талаарх баримт маргааны материалд авагдаагүй, шүүхээс энэ талаарх тайлбар, баримтыг хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооноос 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2/2608, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/87, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/280, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2/709 дүгээр албан бичгүүдээр тус тус шаардсан боловч холбогдох баримт, тайлбарыг ирүүлээгүй тул “Монгол шуудан” ХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18/199 дүгээр “... иргэн Ш.Х-н ... хаягаар шуудан илгээсэн тухай мэдээлэл манай шуудан бүртгэлийн систем болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос шуудан хүлээн авдаг шуудангийн салбарт хайлт хийлгэхэд мэдээлэл гарсангүй” гэх албан бичиг, гомдол гаргагчийн “... маргаан бүхий тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... Ш.Х нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирж өөрийн биеэр гардаж авсан” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн МТ/18 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Ш.Х-н Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Өмгөөлөгч Ш.Х-т холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг” хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН