Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/03143

 

2024 08 29 181/ШШ2024/03143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаан 1-174 тоотод оршин суух, Н ХХК /РД:/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ХХК /РД: /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ХХК-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т ХХК нь Эрдэнэт хотод баригдсан ГОК Гарден хороололд цонхны ажил хийж гүйцэтгэх зориулалтаар Н ХХК-иас 90,153,000 төгрөгийн цонхны бараа материал худалдан авсан болно.

Хариуцагч нь бараа материал худалдан авсан үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШЗ2024/02741 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нь оршин сууж байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Отгонбилэгийн гудамж, МСҮТ-ийн урд байрлах хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч Т ХХК-г /РД:/ болон Захирал Ж.Ө нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ

 

2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т ХХК-г томилсон 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 27/62 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн хүсэлтийн хуулбар, 2022 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2022 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтийн хуулбар, 2022 оны 11 дугаар сарын 11-ний тооцоо нийлсэн актын хуулбар, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШЗ2024/02741 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Н ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Т ХХК Ажил хийж гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. Т ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны Ажил хийж гүйцэтгэх гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Ажил хийж гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Т ХХК-ын оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ХХК нь Ажил хийж гүйцэтгэх гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШЗ2024/02741 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ХХК-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч Т ХХК-г сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Отгонбилэгийн гудамж, МСҮТ-ийн урд байрлах Т ХХК /РД:/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Т ХХК-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Т ХХК-ын оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С /утас:/-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.





 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ