| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/05892/И |
| Дугаар | 181/ШШ2024/03109 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03109
2024 08 27 181/ШШ2024/03109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тахимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 тоотод оршин суух Х овогтой Б-ийн Б /РД:0/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод оршин суух Б овогт М-ын Д /РД:0/-д холбогдох,
54,446,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би уул уурхайн хүнд машин механизмын жолооч, механикчаар ажиллаж, хувийн экскаватороор газар шорооны ажил хийж амьжиргаагаа залгуулдаг байсан юм.
Хариуцагч М.Д нь анх миний оюутан ангийн найз болох Ш.Б-гийн хамт манай хашаанд ирж миний экскаваторыг түрээслэх санал гаргаж танилцсан. М.Д эхлээд миний экскаваторыг түрээслэх тухай ярьж байсан бөгөөд манайхаар орж гарч найзалж нөхөрлөх явцдаа Сэлэнгэ аймгийн Шарын голд байрлах Б гэгч найзтайгаа хамт ажиллуулдаг алтны уурхайд намайг экскаватораа авч очиж ажиллуулах, улмаар тухайн алтны уурхайтай холбоотой М.Д-ийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулбал уурхайгаас олох ашгаас миний экскаваторыг худалдаж авах санал гаргаж эхэлсэн.
Ингээд миний бие Сэлэнгэ аймгийн Шарын голд Б, М.Д нарын ажиллуулдаг гэх уурхайд М.Д-ийн хүсэлтээр очиж 10 гаруй хоног тухайн уурхайтай танилцаж тэдний түрээслэн ажиллуулж байсан экскаваторыг барьж өгч буцахдаа замын зардал хоолны мөнгөнд 500,000 төгрөгийг Б гэгчийн эхнэрээс гаргуулж ирсэн. Үүний дараа М.Д-ийн удаа дараагийн хүсэлтээр өөрийн экскаваторыг М.Д-ийн эзэмшлийн хариер маркийн автомашины хамт барьцаалан хамтран зээл авах, тухайн зээлийг М.Д-ийн алтны уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр 1 сарын хугацаатай байршуулж, тухайн хугацааны дотор алтны уурхайн үйл ажиллагааны ашгаас зээлийг төлж барагдуулах, эргүүлээд миний экскаваторыг М.Д миний оюутан ангийн найз Ш.Б-ийн хамтаар 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож зээл хөөцөлдсөн.
Зээл хөөцөлдөх явцад М.Д нь зээлийн хар түүхтэй, зээл гарахгүй байсан тул миний нэр дээр М.Д нь хариер маркийн автомашинаа шилжүүлж, миний эзэмшлийн экскаваторын хамт барьцаалан Б.Б надаар дангаар нь зээл авахуулахаар болж зээлийн төлбөрийг 1 сарын дотор төлнө гэх өмнө амаар ярьж тохиролцсон нөхцөл амлалтын дагуу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Т ББСБ-аас зээл авахуулж нийт 3 удаагийн гүйлгээгээр 43,770,000 (дөчин гурван сая долоон зуун далан мянга) төгрөгийг шилжүүлэн авсан.
Мөнгө шилжүүлж авснаас хойш анх хоорондоо тохиролцсон зориулалтын дагуу буюу алтны уурхайд хөрөнгө мөнгөө оруулсан эсэхээ ч тайлагнаж хэлэхгүй, алга болсон. Миний хувьд хөрөнгө мөнгөө зориулалтын дагуу зарцуулж зээлийг хаана гэдэгт итгэж хэл ам хийлгүй хүлээж байсан. Гэтэл 1 сарын хугацаа нь дуусч зээлийн эхний сарын төлөлт болоход мөнгө төгрөг байхгүй гэх шалтгаанаар М.Д зээлийг төлөөгүй. Үүнээс хойш миний бие эхнэрийн хамт өөрсдөө зээлийн бүх асуудалтай бүтэн жилийн турш нүүр тулж, зээлийн төлөлтөд шахагдахын эрхэнд амь амьжиргаа болсон өөрийн экскаваторыг, сонота-6 маркийн ганц хөл залгуулж байсан машины хамт үнэгүйдүүлэн зарж зээлийг төлж, өнөөдрийг хүртэл хөдөлмөрөөрөө цуглуулан байж олсон амьжиргааны бүх эх үүсвэрээсээ салж, дээр нь М.Д-д шилжүүлсэн мөнгөний хүүг Т банк бус санхүүгийн байгууллагад төлж эд хөрөнгө, сэтгэл санаа, амьдралын баталгаагаар бүрэн хохирсон.
Одоо гэр бүл үр хүүхдүүд, хань ижлийнхээ эдийн засгийн бүх боломжийг алдсан, эхнэрийн хамт сэтгэл санаагаар хямарсан, цаашид хэрхэн амьдрах учраа ч олохгүй өдөр хоногийг өнгөрөөж явна. Асуудал хүнд хэцүү байгаа тухай, зээл хуулиа төлөх тухай М.Д-ээс өчнөөн шаардаж, түүний худал хэлсэн үг бүхэнд хууртаж эцэст нь надад шилжүүлсэн хариер машиныг хүртэл шилжүүлж өгөхийг шаардсан ч тэрээр төвөггүй татгалзсан.
Үндсэндээ дээрх үйл явдал М.Д-гийн зүгээс Б.Б миний итгэлийг эвдэж залилсан залилангийн гэмт хэргийн шинжтэй болох нь илэрхий байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч М.Д-д миний зүгээс хөрөнгө оруулалтын зориулалтаар шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг ч хянахгүйгээр гомдлыг хүлээж авахаас татгалзаж, иргэний журмаар шийдвэрлүүл гэх хариуг өгсөн.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч М.Д-ээс хөрөнгө оруулалтын зориулалтаар шилжүүлсэн 43,770,000 (дөчин гурван сая долоон зуун далан мянга) төгрөг, Т банк бус санхүүгийн байгууллагад зээлийн хүүд төлсөн 10,676,050 /арван сая зургаан зуун далан зургаан мянга тавин төгрөг/, нийт 54,446,050 /тавин дөрвөн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга тавин/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Д хариу тайлбар, татгалзалдаа: Б.Б-ийн 54,446,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч Б.Б нь зориудаар худал тайлбар хийж шүүхийн байгууллагыг төөрөгдүүлж, надаас мөнгө нэхэмжилжээ.
Миний танил Ш.Б гэх хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн компани миний найз Б гэх хүнд байна. Б мөнгө байхгүй хоёулаа 50/50 хувиар хөрөнгө босгож 80-100 сая төгрөг олоод Б-тай хамтран ажиллая гэдэг саналыг 2022 оны 08 дугаар сард гаргасан.
Ингээд Ш.Б гэгч нь өөрийн гаргах 50 хувийн мөнгөө тухайн үед өөрийн найзынхаа (тухайн үед Б.Б гэх хүнийг миний бие огт танихгүй) экскаваторыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавиулаад зээл аваад өгнө гэж ярьсан. Миний бие зээл авахаас хэд хоногийн өмнө 45,000,000 орчим төгрөгийн (бэлэн мөнгө, өөрийн нэр дээр эзэмшиж байсан мерседес бенз маркийн автомашин зэргийг) хөрөнгийг Б-д өгчихсөн байсан.
Б.Б нь өөрийнхөө КАТ320 экскаваторыг, миний эзэмшлийн 79-55 УБВ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн Тоёота хариэр маркийн автомашины (Б.Б-ийн экскаваторын үнэлгээ банк бусаас авах зээлийн дүндээ хүрэхгүй байсан учраас Б-гийн хүсэлтээр би машинаа Б.Б-ийн нэр дээр шилжүүлж өгсөн) хамт Т ББСБ-д барьцаанд тавьж 43,770,000 төгрөгийг Б.Б өөрөө зээлсэн.
Ш.Б нь миний нэр дээрх данс шүүхийн шийдвэрт барилт хийгдсэн учраас Б.Б-с орж ирэх мөнгийг чиний дансаар авъя гэсэн. Миний бие зөвшөөрсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний эзэмшдэг Хаан банк дахь 0 дугаартай дансаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 43,770,000 төгрөг Б зээл гэх гүйлгээний утгаар шилжиж орж ирсэн нь үнэн болно.
Тухайн мөнгө миний дансруу орж ирсэн өдрийн үдээс хойш Ш.Б миний танил Г надад таньдаг банк бусаас зээл авч өгч байгаа юм түүнд урамшуулал хэдэн төгрөг өгье гэж хэлээд 500,000 төгрөгийг 5011188483 тоот дансруу G гүйлгээний утгаар шилжүүлүүлсэн.
Ш.Б 7,000,000 төгрөгийг өөрийн найз Б-д өгчих гэсний дагуу 0 оот дансруу хийлгэсэн. Энэ нь Баасанбатын өөрийн данс биш Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дансаа битүүмжлүүлсэн гээд дээрх дансаар мөнгө авч байсан. Би энэ дансны эзнийг огт танихгүй.
Мөн би өөрөө хүнд 250,000 төгрөгийн өртэй байсныгаа Ш.Б-ийн зөвшөөрсөнөөр 0 тоот дансруу шилжүүлсэн.
Тухайн өдөр Б банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч зээлийг гаргахад тусалсан түүнд зээл бүтээж өгсөн шагнал өгнө гээд 6,000,000 төгрөгийг 0 тоот дансанд "eonsoo гэх гүйлгээний утгаар шилжүүлүүлсэн.
Ш.Б нь миний дансанд байсан мөнгөө уурхайд хэрэглэх экскаваторын түрээс сэлбэг хэрэгсэл, түлш, тос тосолгооны материал авах, операторчин хөлслөх, өөрсдийн ахуйн хэрэглээ хоол унд гэх мэт зүйлд увуулж цувуулж зарцуулсаар дуусгасан.
Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн найз Ш.Б, Б нараас мөнгөө нэхэмжлэхийн оронд миний дансаар мөнгө орсоноор далимдуулж намайг чирэгдүүлж хууль шүүхийн байгууллагад удаа дараа өгч байгаад гомдолтой байна.
Б.Б нь өмнө яг энэ асуудлаар намайг цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан бөгөөд цагдаа дээрх асуудалд намайг хамаагүй гэдгийг дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байсан.
Иймд Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас: Б.Б, Т ББСБ ХХК нарын 2022.10.05-ны өдрийн 112100430012 дугаартай Зээлийн гэрээ, 2022.10.05-ны өдрийн 112100430012 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2023.02.28-ны өдрийн 113020430090 дугаартай Зээлийн гэрээ, 2023.02.28-ны өдрийн 113020430090 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2023.02.28-ны өдрийн 113020430090 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, М.Д, Б.Б нарын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1205 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 0 УБВ улсын дугаартай, Тоёота хариэр маркийн автомашины Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хаан банкны 2023.06.20-ны өдрийн 3 удаагийн шилжүүлгийн мэдээлэл, Б.Б-ийн Т ББСБ-ын Зээлийн дансны хуулга 2 ширхэг, Б.Б-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүхийн журмаар: ХААН банк ХК-ийн 2024.02.29-ний өдрийн 29/2346 дугаар албан бичиг, М.Д-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 9 хуудас, Х ХК-ийн 2024.04.08-ны өдрийн 29/3817 дугаар албан бичгээр данс эзэмшигч нарын мэдээлэл, гэрч Ш.Б-гийн мэдүүлэг, Э.Б-ын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Д-д холбогдуулан 54,446,050 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчийг Т ХХК-иас зээл авхуулж авсан гэх үндэслэлээр зээлсэн мөнгийг, хүүгийн хохирлын хамт гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, би авхуулаагүй, өөрийн найз Ш.Б-дээ зээл авч өгсөн тул хариуцахгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Хариуцагч М.Д нь өөрийн эзэмшлийн Тоёота хариэр маркийн, 0000 УБВ улсын дугаартай автомашинаа худалдах худалдан авах гэрээгээр Б.Б-ийн нэр дээр шилжүүлсэн, нэхэмжлэгч Б.Б нь Т ХХК-тай 2022.10.05-ны өдөр 112100430012 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 45,000,000 төгрөгийг сарын 2,8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор мөн 2022.10.05-ны өдөр 112100430012 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр САТ-320С маркийн, 6505 УБ улсын дугаартай Эксковатор, Тоёота хариэр маркийн, 00000 УБВ улсын дугаартай автомашин зэргийг Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хавтаст хэргийн 20-21, 7-11 хуудас/
Т ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.Б-ийн ХААН банкны дансанд зээлдүүлсэн 44,775,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд мөн өдөр Б.Б нь 3 удаагийн гүйгээгээр 43,770,000 төгрөгийг М.Д-ийн ХААН банкны дансанд Б зээл гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ. /хавтаст хэргийн 28, 45 хуудас/
М.Д нь 43,770,000 төгрөгийг олон удаагийн гүйлгээгээр захиран зарцуулсан болох нь түүний ХААН банкны депозит дансны хуулга, данс эзэмшигч нарын мэдээллийг тодруулсан Хаан банк ХК-ийн 2024.04.08-ны өдрийн 29/3817 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 44-49, 54 хуудас/
2. Зохигч зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаж байгаа бөгөөд тодруулбал, нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Д-тэй зээлийн талаар болон зээлийн төлбөрийг М.Д төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч М.Д нь нэхэмжлэгч Б.Б-г Ш.Б-д зээл авч өгсөн гэж тайлбарлан маргаж байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөнөөр гэрээг байгуулсанд тооцдог.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.Д нь өөрийн автомашиныг зээлийн барьцааны зүйл болгох зорилгоор нэхэмжлэгч Б.Б-д шилжүүлсэн, Б.Б нь Т ББСБ ХХК-иас зээлсэн мөнгөө М.Д-д Б зээл гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, М.Д мөнгийг захиран зарцуулсан, гэрч Ш.Б Б.Б-аар зээл авхуулж, зээлийн төлбөрийг М.Д хариуцаж төлөхөөр тохиролцсон гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч М.Д нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч М.Д нь Ш.Б хамт Э.Б-ын уурхайд хөрөнгө оруулсан, Ш.Б нь Б.Б-аас зээлсэн мөнгөө миний дансаар дамжуулан хүлээн авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй.
3. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч М.Д нь нэхэмжлэгч Б.Б-г Т ХХК-тай 2022.10.05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, өөрийн зээлсэн 43,770,000 төгрөгийг М.Д-д шилжүүлсэн талаар маргаагүй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Д-тэй зээлсэн мөнгийг 1 сарын дараа буцаан төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Д 43,770,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлийн төлбөрөө төлөөгүй байна.
4. Хариуцагч М.Д нь нэхэмжлэгч Б.Б-аас зээлсэн 43,770,000 төгрөгийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Б.Б нь Т ХХК-тай байгуулсан 2022.10.05-ны өдрийн 112100430012 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргээ биелүүлэх боломжгүй болж, зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүгийн төлбөрт нийт 10,676,050 төгрөгийг төлсөн болох нь Т-ын зээлийн дансны хуулга, Хаан банкны 2023.06.20-ны өдрийн 3 удаагийн шилжүүлгийн мэдээлэл, Б.Б-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг тогтоогдож байна. /хавтаст хэргийн 23-28 хуудас/
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Б нь Т ХХК-иас зээл авах хувийн хэрэгцээ шаардлага байгаагүй боловч хариуцагч М.Д-гийн гуйлтаар түүний хэрэгцээ, шаардлагад зориулан зээл авч, түүнд шилжүүлэн өгсөн боловч М.Д-ийн хугацаандаа зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйтэй шууд шалтгаант холбоотойгоор Б.Бнь Т хүүгийн төлбөр 10,676,050 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч М.Д-ээс зээлийн төлбөр 43,770,000 төгрөг, хохирол 10,676,050 төгрөг, нийт 54,446,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Д-ээс 54,446,050 /тавин дөрвөн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,180 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д-ээс 430,180 /дөрвөн зуун гучин мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА