Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03111

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 27 181/ШШ2024/03111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт О-ын Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа: Би 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт мужааны ажилд орсон. 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хаагаад 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цэргээс халагдсан. Ингээд 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эргэн ажилдаа орж, 1992 оны 08 дгаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Ажилд, орсон гарсан тушаалыг Үндэсний төв архив, Нийслэлийн архив, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны архиваас тус тус шүүлгэсэн боловч гараагүй.

Иймд О.Б миний Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  1. Нэхэмжлэгч О.Б нь ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч О.Б нь ажилласан байдлаа тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд ажилласан байдлаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь Үндэсний төв архив, Нийслэлийн архив, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны архивт ажилд орсон, гарсан тушаал нь байхгүй болох нь лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч О.Б-ын хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Нэхэмжлэгч О.Б нь Улаанбаатар хотоос НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0230 дугаар ангид алба хаагаад, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024.07.05-ны өдрийн 0801/2111 лавлагаагаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5 хуудас/

 

Мөн нэхэмжлэгч О.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нийт 9 жилийг нөхөн тооцуулсан болох нь №2812000970 дугаар Баталгаажилтын хуудас-аар тогтоогдож байна.

 

Иймд дээрхи баримтуудаар нэхэмжлэгч О.Б-ын цэргийн алба хаасан болон нөхөн баталгаажуулсан хугацааг ажилласан жилд тооцох тул ажилласнаар тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4. Нэхэмжлэгч О.Б нь Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, мөн 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл мужаанаар ажилласан болох нь:

а. О.Б-д нээсэн Хөдөлмөрийн дэвтэрт 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мөн 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилд авсан, чөлөөлсөн талаар бичилт хийгдсэн байдлаар,

б. Хөнгөн үйлдвэрийн барилга угсралтын конторыг Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992.01.27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор хувьчилж, Д ХК-ийг үүсгэн байгуулснаар,

б. Гэрч С.Бн, Б.Гнарын О.Б-тай Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт 1982 оны намраас 1992 оны 08 дугаар сар хүртэл хамт ажилласан талаар гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан шинжлэн судлахад нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлийг хангаж, дээрх ажилласан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б /РД:ХК64070310/-ын  Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, мөн 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл мужаанаар ажилласан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНТУЯА