Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0847/З |
Дугаар | 128/ШШ2019/0787 |
Огноо | 2019-11-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2019/0787
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би Ж.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Наранбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ж.Наранбаатар миний бие 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар Үндэсний тагнуулын академийн эрх зүй, ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчээр томилогдсон болно. Иймд Тагнуулын ерөнхий газрын даргыг хариуцагчаар татсан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нь Ж.Наранбаатарын Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Ж.Наранбаатар намайг ажилд томилохгүй байгаа Тагнуулын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй байгаа болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Наранбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгч Ж.Наранбаатарт тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ж.Наранбаатарын Ж.Наранбаатар намайг ажилд томилохгүй байгаа Тагнуулын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй байгаа болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН