Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/983

 

 

 

 

 

 2022        10        13                              2022/ДШМ/983

            

    О.Н-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар, иргэний нэхэмжлэгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Н-т холбогдох эрүүгийн 2203002390315 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ё овгийн О-ын Н, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................ .. төрсөн, .. настай, э..эгтэй, ................. боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ........ нарын хамт .................. дүүргийн ... дугаар хороо, ................... .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

Шүүгдэгч О.Н нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун замд Тоуоtа Рrius маркийн 30-20 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ унадаг дугуйтай зорчигч Р.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар O.Ныг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Н баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар О.Н-оос 474.730 төгрөг гаргуулж хохирогч P.Даваацэрэнд, 400.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Т-д олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Т давж заалдах гомдолдоо: “...Б.Т миний бие тухайн болсон зам тээврийн ослоос үүдэн гарсан хохирлын хэмжээ болох 400.000 төгрөгийг Р.Д-гээс Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 25.5, 25.4, 25.7 дугаар зүйлд зааснаар гэм буруутай гэж үзэж нэхэмжлэх хүсэлтэй байсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрээр О.Н нь тухайн зам тээврийн осолд гэм буруутай гэсэн шийдвэр гарсан. Тухайн ослоос үүдэн гарсан хохирол болох 400.000 төгрөгийг О.Н-оос нэхэмжлэх шаардлагагүй болно. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1.2-т нотлох баримт баримтын үнэлгээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв” гэсэн байна.

Шүүх нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6 дахь заалтуудад заасныг нотлоогүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн бодит байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тоггоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ... яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг хангалтгай хэрэгжүүлээгүй байхад, нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзсэн нь буруу байна.

Учир нь, мөрдөн байцаалтын шатанд О.Н нь мэдүүлэг өгөхдөө намайг хохирогчоор тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч, энэ талаар ямар нэг шийдвэр гаргалгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Үүнийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин гаргасан боловч шүүх хүлээж аваагүй бөгөөд мөрдөгчийн хуульд заасан шаардлага хангаагүй асуудлыг /хүсэлт шийдвэрлээгүй/ орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл 1 хэсэгт “...хуулийг чанд сахих...” гэснийг зөрчсөн. О.Н яагаад хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргасан асуудал нь тэрээр бие давхар бөгөөд ослын улмаас тонус өгч удаа дараа эмнэлэгийн тусламж авсан байгаа нь түүний ураг хэвийн өсөх, эрүүл саруул өсөн бойжиж буй эсэхэд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох шаардлага зүй ёсоор тавигдах юм.

Хэрэгт авагдсан баримт дотор шалгагдаж тогтоогдоогүй дараах зүйл байгаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүйг илтэгдэг. Үүнд: Хохирогчтой холбоотой, хохирогчийн мэдүүлэгт:

“Зогсоох арга хэмжээ аваагүй” /Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”/,

“10-15 км/цаг хурдтай явж байсан” /Замын хөдөлгөөний дүрмийн 25.5 дугаар зүйлд “Энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсвэл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно./,

“Би 1 дүгээр эгнээд явж байгаад уг тээврийн хэрэгсэлийг тойрч гарах гээд 2 дугаар эгнээ рүү шилжсэн байж магадгүй, сайн санахгүй байна”. /25.7-д Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно. /Тухайн үед түүний сэдэлт зорилго нь тодорхойгүй, өөрийн үйлдлийг санахгүй байгаа нь өөрийгөө бүрэн хянаж хөдөлгөөнд оролцоогүй болж байна.

Prius машиныг эсрэг урсгалаас ирж байхаас нь эхлээд харсан байдаг. “...Би урдаасаа хойшоо чиглэлтэй явж байх үед өөдөөс буюу эсрэг урсгалаас явж байсан ... автомашин буцаж эргэсэн” /Энэ нь Prius машиныг холоос харсан байх бөгөөд түүнд тээврийн хэрэгслийн хурдыг хасах, осол гарахгүй байх бүрэн бололцоо байсныг гэрчилж байна. Харин харсаар байж хурдаа хасалгүй, 10-15 км цаг хурдтай явсан нь осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нь мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалттай холбогдож байна.

Иймээс дээр дурдсанаар хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэтэл шүүх Техникийн шинжээчийн 05/25 дугаартай 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судалж чадалгүй, нэг талыг баримтлан хэрэг шийдвэрлэсэн нь харагдаж байна.

Техникийн шинжээчийн 05/25 дугаартай 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд асуултанд хариулсан байдал:

1. “Унадаг дугуйтай зорчигч Р.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зорчөөгүй байна” гэсэн байна. Шинжээч нар наад зах нь “Унадаг дугуйтай зорчигч” гэж хэн бэ? гэдгийг тодорхойлох ёстой. Зорчигч юм бол жолоог хэн барьж явсныг тоггоох хэрэгтэй болж байна. Гэтэл Р.Д нь өөрөө Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч юм байна. /25.8-д Унадаг дугуй, мопедын жолооч нь, 25.9-д Унадаг дугуй, мопедын жолоочид дараах зүйлийг хориглоно, мөн жолооч гэж хэн болох тээврийн хэрэгсэл гэж юу болохыг тодорхойлолтоор зааж өгсөн байдаг бөгөөд шинжээч нар үүнийг мэдэхгүй дүгнэлт гаргасан болж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр шинжээч нар тусгай мэдлэг эзэмшээгүй гэж ойлгогдож байна/.

2. “Унадаг дугуйтай зорчигч Р.Д нь аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ авсан эсэхийг Техникийн шинжээчид ирүүлсэн материалд үндэслэн тогтоох боломжгүй байна. Харин зогсоох арга хэмжээ аван, авто машиныг мөргөхгүйгээр зогсоох хугацаа байгаагүй гэж үзэж байна” гэсэн байна. Үүнээс дүгнэн үзвэл шинжээчид дүгнэлт гаргахад ирүүлсэн баримт хангалтгүй бол нэмэлт баримт шаардах эрх нь бий. Үүнийг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Хоёрт “мөргөхгүйгээр зогсоох хугацаа байгаагүй” гэдэг нь мөргөхгүйгээр гэдэг бол Р.Д-д холбогдож буй асуудал, зогсоох хугацаа байгаагүй гэдэг нь хурд хэтрүүлсэн үйлдэл гэж үзэхээр байна. Яагаад зогсоож чадаагүй асуудал гарав гэвэл хурдтай холбоотой, үүнийг наад зах нь шалгаж тогтоож байж хэргийн бодит байдал бий болно.

Мөн шүүхийн зарим дүгнэлт, хэрэг хянан шийдвэрлэхдээ гаргасан алдаа зөрчлийг авч үзвэл:

1. Шүүх хуралд шинжээч нарыг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй өнгөрч байгаа бөгөөд оролцуулахгүй гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 хэсэгт заасан “баримтлах үүрэггүй” гэж ойлгогдсон боловч эсрэгээр дүгнэлтийг үндэслэл болгосон нь алдаатай шийдвэр болсон.

2. Шүүх хуралд иргэний нэхэмжлэгчийг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт дурдагдсан Б.Т-д төлөх төлбөр болох 400.000 төгрөгийг төлөх, авах эсэх нь тодорхойгүй болгосон. Учир нь, Б.Т өөрийн найз О.Н-ыг буруутай гэж үзээгүй, түүнээс нэхэмжлэнэ гэж тодорхой заагаагүй байна. Буруутай этгээд гэсэн нь хохирогчийг гэж үзсэн байж болох талтай.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ “..ухрах үйлдлийг гүйцэтгэх явцдаа уг зорчих хэсэгт явсан унадаг дугуйтай зорчигч Р.Д-г мөргөж ” гэсэн нь Р.Д-г зорчигч болгож, хөдөлгөөнгүй зүйлийг мөргөсөн мэт дүгнэсэн. Гэтэл ослын нөхцөл байдал мөргөлдсөн байх шинжтэй байгааг анхаарч үзсэнгүй.

Эрүүгийн хариуцлагын тал дээр:

Шүүх О.Н-ын хувийн байдал, түүний амьжиргаа зэргийг нотлох баримтанд авагдсаны дагуу дурдсан боловч нөхцөл байдлыг нь үнэлж хариуцлага ногдуулсангүй гэж үзэхээр байна. Учир нь, О.Н-ыг бусдад төлөх төлбөртэй гэж тогтоосон ба орлогогүй, амжиргааны түвшин доогуур гэдгийг тодорхойлсон боловч торгох ял ногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус ...шинжгүй байна” гэсэн заалттай зөрчилдсөн шийдвэр гаргалаа. Энэ тал дээр улсын яллагч тус зүйл ангид заасан сонгох санкцийг харгалзаж “зорчих эрхийг хязгаарлах ялын” санал оруулсныг ч хүлээн аваагүй нь хүнлэг бус шийдвэр гэж илэрхийлэгдэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...ашигтайгаар ” хэргийг шийдвэрлэж, О.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Ч.Болдбаатарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яригдсан зүйлийг давж заалдах гомдолдоо тусгасан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч унадаг дугуйтай зорчигчийн үйлдлийн талаар л яриад байдаг. Гэтэл автомашины жолоочийн баримтлах дүрэм, үйлдлийн талаар огт ярьдаггүй. О.Н мэдүүлэхдээ “нэгдүгээр эгнээнд зогсох гэж байгаад боржур тулсан учраас доошоо ухарсан” гэдэг. Энэ үйлдэл нь камерын бичлэгт тодорхой харагддаг. Шууд зүүн эргэж орж ирээд 1 дүгээр эгнээнд зогсох гэж байгаа юм шиг болоод, эргээд шууд ухарах үйлдлийг гүйцэтгэдэг. Энэ нөхцөл байдал нь унадаг дугуйтай зорчигчийг 1 дүгээр эгнээнд зорчиж явж байхад нь шууд мөргөсөн байдаг. Унадаг дугуйтай зорчигч тээврийн хэрэгслийг тойрон гарах үйлдэл хийж байх явцад нь мөргөсөн нь жолооч ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангахгүй, орчноо шалгахгүйгээр ухрах үйлдэл хийсэнтэй шууд холбоотой гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Унадаг дугуйтай зорчигчийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх боломжгүй. Учир нь, саадыг тойрон гарах үйлдэл хийж байхад нь хажуу талаас нь мөргөсөн нөхцөл байдал байдаг. Гэмт хэрэг гэдэг бол хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршигт хүргэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Гэтэл Даваацэрэнгийн үйлдлийн улмаас О.Н-т хохирол учирсан гэж О.Н-ыг хохирогчоор тогтоолгох ёстой гээд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг ярьж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд уг асуудал хэлэлцэгдээд анхан шатны шүүх хүлээж аваагүй, энэ нь үндэслэлтэй юм. Эрүүгийн хариуцлагын хувьд, шүүгдэгч О.Н нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, жирэмсэн эмэгтэй байсан. Иймд прокуророос зорчих эрхийг хязгаарлах ялын санал тавьсан. Гэвч анхан шатны шүүх торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Шүүгдэгч О.Н нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун замд Тоуоtа Рrius маркийн 30-20 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ унадаг дугуйтай зорчигч Р.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

  хохирогч Р.Д-гийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 30 минутын үед ажлаа тараад өөрийн эзэмшлийн Shingmilo маркийн цахилгаан унадаг дугуй унаад Эх нялхасын эрүүл мэндийн баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байх үед өөдөөс буюу эсрэг урсгалаас явж байсан Тоуоtа Рrius маркийн автомашин буцаж эргэсэн ба би тэр автомашиныг зогсчихлоо гэж бодоод хажуугаар нь гарах гэтэл тэр автомашин гэнэт хойшоо ухраад намайг мөргөөд унагасан. Тэгээд би унахдаа унаж явсан дугуйныхаа руль дээр нь дараад зам дээр унасан. Намайг мөргөсөн автомашины жолооч гэх нэг үл таних эмэгтэй хүн автомашинаасаа буугаад ирсэн харагдсан. ...Тухайн үед гадаа дулаахан нартай, тогтуун цаг агаартай байсан.

....Ослын улмаас рулийн тулгуур босоо рам нь гулзайсан байсан. Мөн руль нь бас гулзайсан. Тоормосны базуур нь хагарсан байсан. ...Жолооч Н осол гарсан өдөр, Гэмтлийн эмнэлэг дээр миний цээжний хөндийн Компьютерт томографийн шинжилгээний төлбөрийг төлсөн. Би жолоочоос эмчилгээний зардал болон унадаг дугуйнд учирсан хохирлыг нэхэмжилнэ ...” /хх 21-22/,

иргэний хариуцагч, нэхэмжлэгч Б.Т-ын “...Энэ Тоуоtа Рrius маркийн 30-20 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сард худалдаж авсан санагдаж байна. Түүнээс хойш өөрийн ажил гэрийн хооронд хувийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг. Надаас өөр хүн бараг унаж хэрэглэдэггүй. Найз охин, хамтран амьдрагч Н бас унаж хэрэглэдэг тээврийн хэрэгсэл байгаа юм...” /хх 38/,

иргэний нэхэмжлэгч Б.Т-ын дахин өгсөн “...Уг ослын улмаас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 400.000 төгрөгийн хохирол учирсан. Хэн буруутай хүнээс өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг нэхэмжилнэ...” /хх 41/,

гэрч Г.Н-ийн “...манай охин Н зам дээр автомашинтайгаа буцаж эргэсэн. Тэгээд буцаж эргээд автомашин нь замын хашлага тулж зогсохоор нь буцаад зөөлөн ухрах үед автомашины хойд талд түг хийх чимээ гарсан. Тэгэхээр нь Н автомашинаасаа буусан. Тэр үед миний сууж явсан талд автомашины хажууд унадаг дугуйтай хүн зам дээр унасан байсан... ” гэх мэдүүлгүүд /хх 49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6750 тоот “Р.Д-гийн биед баруун 5, 7-р хавирга хугарал, зүүн шууны доод булууны шөвгөн сэртэнд хөндлөн зөрүүгүй сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 53-54/,

Техникийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 05/25 тоот “Жолооч О.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр заалт буюу “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Унадаг дугуйтай зорчигч Р.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна...” гэх дүгнэлтүүд /хх 98-99/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-13/, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаар эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх 15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хх 27-28/, Лазер мед эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээний хуулбар /хх 55/, Түргэн тусламжийн №2022030760 дугаар хуудасны хуулбар /хх 157/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 89-90/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Н-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч О.Н-ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Ч.Болдбаатараас “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6 дахь заалтуудад заасныг нотлоогүй хэргийг шийдвэрлэсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн бодит байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 хэсэгт “Хэргийн бодит байдлыг тоггоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ... яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг хангалттай хэрэгжүүлээгүй байхад, нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзсэн нь буруу, ...Техникийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 05/25 тоот дүгнэлтийг үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг бодитой шинжлэн судалж чадалгүй, нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. ...О.Н-ын хувийн байдал, түүний амьжиргаа зэргийг нотлох баримтад авагдсаны дагуу дурдсан боловч нөхцөл байдлыг нь үнэлж хариуцлага оногдуулаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ашигтайгаар” зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Н-ын гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж шийдвэрлэлээ.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Таас “...Тухайн ослоос үүдэн гарсан хохирол болох 400.000 төгрөгийг О.Н-оос нэхэмжлэх шаардлагагүй...” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаас шүүгдэгч О.Н-оос 400.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Т-д олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Р.Д-г эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зохих төлбөр зарцуулагдсан бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгч томилж дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа талаар нотлох баримт авагдсан боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийг жич нэхэмжлэн гаргуулах эрхтэй болохыг давж заалдах шатны шүүхийн магадлалд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

 - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар О.Н-оос 474.730 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Д-д, 400.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Н-оос 474.730 төгрөг гаргуулж хохирогч Р.Д-д олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ,

                 ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

                      ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ