Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/03238

 

 

 

 

 

 

 

 

2024 09 05 181/ШШ2024/03238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж 8а байр, 67 тоот хаягт оршин суух, О овогт О Н /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Урбанек цэнтер 3 давхарт 300 тоот хаягт байрлах Л ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,833,642 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан 6,833,642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 6,547,824 төгрөг болгож багасгасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: О.Н миний бие 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Л ХХК-тай гэрээ байгуулан тус байгууллагаар зуучлуулан БНСУ-ын сургуульд явах гэрээ байгуулсан. Гэрээн дээр Би Эл Ай Скай ХХК данс руу мөнгө хий гэсэн боловч захирал М.Билгүүн, Р.Оргилмаа гэх хүмүүс нь хувийн дансаар мөнгөө авч байсан болно. Тухайн байгууллагаар зуучлуулан Хансео их сургуульд элсэн 2023 оны 0З дугаар сарын 22-нд явсан.

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийсэн өдөр бүртгэлийн хураамж 780,000 төгрөг буюу /Захирал гэх М.Билгүүний голомт банкны 2405126216 тоот тухайд өдрийн валютын ханшаар 300,000 вон/ аав С.Отгонбаатар тушаасан. Тухайн өдрийн Монгол банкны ханш 2,46 вон байсан бөгөөд 318,367 вон тушаасан байна.

Анх Hyejeon collage-д явна гэсэн боловч бүтээгүй тул намайг Хансео их сургуульд оруулах болсон ба манай гэр бүлээс сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр гэх мэт зардлууд цааш нь тушаадаг гээд авч байсан бөгөөд сургалтын төлбөр 5,600,000 вон, сурах бичиг 350,000 вон, дотуур байр 2,300,000 вон, даатгал 100,000 гэж хэлж байсан.

2022 оны 07 дугаар сарын 20-нд захирал гэх М.Билгүүний голомт банкны 2405126216 тоот данс руу 5,000,000 төгрөг аав С.Отгонбаатар тушаасан. Тухайд өдрийн Монгол банкны 1 төгрөг вонтой харьцах ханш 2,41 вон байсан тул тухайн өдөр тушаасан нийт 11,618,000 төгрөг нь 4,820,746 вон тушаасан байна.

2022 оны 07 дугаар сарын 20-нд захирал гэх М.Билгүүний голомт банкны 2405126216 тоот данс руу 5,000,000 төгрөг аав С.Отгонбаатар тушаасан.

2022 оны 07 дугаар сарын 20-нд захирал гэх М.Билгүүний голомт банкны 2405126216 тоот данс руу 1,618,000 төгрөг аав С.Отгонбаатар тушаасан.

2022 оны 11 дүгээр сарын 15-нд захирал Раадан Оргилмаагийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 8,942,000 төгрөг тушаасан. Тухайд өдрийн Монгол банкны 1 төгрөг вонтой харьцах ханш 2,60 вон байсан тул тухайн өдөр тушаасан 8,942,000 төгрөг нь 3,439,230 вон тушаасан байна.

Миний асран хамгаалагч аав ээжийн зүгээс Л" ХХК тай байгуулсан гэрээний дагуу нэхсэн мөнгө бүрийг нь буюу бүртгэлийн хураамж, зуучлалын хөлс, сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр зэрэгт нийт төгрөгөөр 21,340,000 төгрөг, воноор бол 8,578,343 вон тушаасан байна.

Бидэнд Хансео их сургуулийн сургалтын төлбөр, байрны төлбөр гэх зардлын талаар худал мэдээлэл өгч биднээс илүү мөнгө авсан байна. Сургуульд очсон хойно энэ талаар мэдсэн бөгөөд бүртгэлийн хураамж 60,000 вон, 550,000 дотуур байр, ном сурах бичиг 350,000 вон, даатгал 120,000 вон, сургалтын төлбөр 4,000,000 вон нийт 5,080,000 вон гэдгийг мэдсэн бөгөөд сургуулиас төлбөр төлсөн талаар баримт авахад сургалтын төлбөр 4,000,000 вон, байрны төлбөрт ганц семестр 550,000 вон төлсөн гэх баримт гарсан нэгэнт сурч байгаа тул бусад нь тушаагдсан гэж ойлгож байгаа. Гэрээний дагуу бол бүртгэлийн хураамж 300,000 вон, зуучлалын хөлс нь 600,000 вон тухай байгууллагын авах ёстой. Сургуулийн төлбөр 5,0800,000 вон дээр дээрх хоёр хөлс болох 900,000 төгрөгийг нэмбэл нийт 5,980,000 вон юм.

Миний асран хамгаалагч нарын тушаасан нийт 8,578,343 воноос 5,980,000 вон хасвал 2,598,343 вон буюу өнөөдрийн Монгол банкны валютын 2,63-аар үржүүлбэл 6,833,642 төгрөгийг илүү авсан байна. Иймд зуучлалын гэрээнд заасан хэмжээнээс илүү авсан 6,833,642 төгрөгийг гаргуулж өгнө γү гэжээ.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: Манай байгууллага болох "Л" ХХК нь Отгонбаатар овогтой Нандин-Эрдэнэ суралцагчтай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Hyejeon College-ын зуны элсэлтийн зуучлалын гэрээг хийсэн бөгөөд байгууллагыг төлөөлж мэдээллийн ажилтан Ш.Амгалан гэрээ хийсэн. Тухайн үед аав О нь арван жилээ /12-р анги/ төгсөөгүй хүүхдийг гуйгаад бүртгүүлсэн. Манай байгууллага нь бүрэн дунд болон үндсэн ангиа төгссөн хүүхдийн материалыг хүлээн авдаг болохыг тухайн үед тайлбарлаж хэлсэн ба материалыг хүлээн авахаас өмнө суралцагч О.Н манай байгууллага нь бэлтгэж эхэлсэн. Сургуульд тэнцэх үйл явцын нэг болох сургуулиас тухайн суралцагчаас элсэлтийн ярилцлага авдаг бөгөөд ярилцлагад тэнцэхийн тулд суралцагч солонгос хэлний анхан шатны мэдлэг эзэмших зорилгоор хувиараа болон байгууллагаар дамжуулан сургалтад хамрагддаг. Суралцагч О.Н байгууллагын танхимын сургалтад ганцаарчилсан болон бусад элсэгчийн хамтаар солонгос хэлний анхан шатны сургалтад хамруулсан.

Манай байгууллага нь БНСУ-ын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, хэлний бэлтгэл, бакалавр, магистрын үндсэн ангиудад зуучлалын албан ёсны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ нь боловсролын үйлчилгээ үзүүлдгийг илтгэнэ (Визэнд хамааралгүй болно).

Манай байгууллага нь зуучлуулагч О.Н материалыг 5 сургуульд өгсөн Үүнд: Нуејeon College, Sogan University, Sungshin women's University, Yeungnam University, Hanseo University-д материалыг явуулсан боловч батлан даагчийн мэдээлэл, хувийн бичиг баримтаас шалтгаалан тэнцээгүй. Аав Отгонбаатар нь байгууллага дээр өдөр болгон ирж ямар нэгэн аргаар явуулж өгөхийг гуйж сүүтэй цай хүртэл барьж ирсэн. Ажлын цаг дууссан байхад ирээд ажилчдыг маань хүртэл дөхүүлж өгдөг байсан. Ээж нь уурлаад ахад нь маш хэцүү байна туслаач ажлаа хийж чадахгүй байна гээд өдөр болгон яриад их ирдэг байсан. Ярилцлагад хүртэл ороод тааруу байсан боловч манай танхимын сайн сурагч идэвхтэй явдаг гээд их магтаж байгаад тухайн Нисэхийн их сургууль буюу "Hanseo University" азидаа (№1) сургуулиас гуйж хүчээр тэнцүүлж өгсөн.

Hanseo University их сургууль нь шалгуур өндөртэй Азидаа №1 сургууль юм. Төлбөр нь бусад сургуулиа бодвол арай өндөр байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрсний улмаас суралцагч 2023 оны 3 дугаар сарын сарын 22-нд О.Н солонгос улс руу явсан. Манай байгууллагаар зуучлуулан явдаг хүүхдүүд хариугаа гарахаар баярлан зураг болон сэтгэлийн үгээ бичлэгээр үлдээдэг. Манайх хүүхдүүдээ нисэх онгоцны буудал дээр очин гаргаж өгдөг уламжлалтай. Уг зуучлуулсан суралцагч маань үлдэгдэл зуучлалын хөлсөө өгөлгүй дур мэдэн ганцаараа явахаа хэлэлгүй явсан байсан. Хэлний бэлтгэлд сурах хугацаандаа хичээл таслалт, идэвх муу байсан үүнийг тэр болгон гэр бүл, ээж аавд нь суралцагч хүүхдүүдийнхээ нэр хүндийг унагааж, сэтгэл санааг нь хямраахгүй гэсэн болохоор тэр болгоныг хэлээгүй. Манай байгууллага нь суралцагч хүүхдээ маш их өмөөрч сайн гэж магтдаг байсны үндсэн дээр хэлний бэлтгэлдээ сурч байгаа. Топик оноо байхгүй үед ямарч сургуулийн хэлний бэлтгэлд явж болно. Үндсэн ангиа өөрөө сонгох боломжтой байдаг. Манай байгууллагаас суралцагч О.Н сургуульд тэнцүүлэхийн тулд байгууллага болон ажилчдын зүгээс цаг хугацаа, сэтгэл, хүчин чармайлт гаргасны үр дүнд суралцахаар болсон ба зохих төлбөрийг цаг тухай бүр тайлбарлаж, гэрээний дагуу авсан. Иймд зуучлалын гэрээнд зааснаас илүү авсан 6,833,642 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, О.Н иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зуучлалын гэрээ, дансны хуулга, Хансо Их Сургуулийн сургалтын төлбөр төлсөн тухай тодорхойлолт, Хансео Их Сургуулийн нэхэмжлэл, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Лэөрн Ап Стади Ин Кореа ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бидэнд Хансео их сургуулийн сургалтын төлбөр, байрны төлбөр гэх зардлын талаар худал мэдээлэл өгч биднээс илүү мөнгө авсан. Миний асран хамгаалагч нарын тушаасан нийт 8,578,343 воноос 5,980,000 вон хасвал 2,598,343 вон буюу өнөөдрийн Монгол банкны ханшаар тооцвол 6,547,824 төгрөгийг илүү авсан байна. Иймд зуучлалын гэрээнд заасан хэмжээнээс илүү авсан 6,547,824 төгрөгийг гаргуулж өгнө γү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... Манай байгууллагаас суралцагч О.Н сургуульд тэнцүүлэхийн тулд байгууллага болон ажилчдын зүгээс цаг хугацаа, сэтгэл, хүчин чармайлт гаргасны үр дүнд суралцахаар болсон ба зохих төлбөрийг цаг тухай бүр тайлбарлаж, гэрээний дагуу авсан. Иймд зуучлалын гэрээнд зааснаас илүү авсан 6,833,642 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-д хэлний бэлтгэлд зуучлах гэрээ байгуулагдаж, зуучлагч нь зуучлуулагчийг их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд элсэн суралцахад шаардлагатай мэдээллээр хангах, холбогдох баримт, материалыг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх, зуучлуулагч нь гэрээнд заасан зуучлалын хөлс төлөхөөр тохиролцжээ.

 

6. Хариуцагч Л ХХК-ийн оноосон нэр зуучлалын гэрээ байгуулагдах үед Л ХХК байсан болох нь хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

7. Талуудын маргааны зүйл нь хариуцагч 6,547,824 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 8,578,343 вонтой тэнцэх буюу 21,340,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй.

 

8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

9. Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан Зуучлалын гэрээгээр нэхэмжлэгч нь БНСУ-ын Hyejeon Collage сургуулийн 2022 оны хэлний бэлтгэлд зуучлуулж, зуучлалын хөлс 600,000 вон төлөх, хариуцагч нь хэлний бэлтгэлд элсэн суралцахад шаардлагатай мэдээллээр хангах, холбогдох баримт, материалыг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

11. Гэрээнд зааснаар нэхэмжлэгчийг БНСУ-ын Hyejeon Collage сургуулийн 2022 оны хэлний бэлтгэлд зуучлахаар тохиролцсон боловч тус сургуульд элсэж чадаагүйн улмаас талууд суралцах сургуулийг Hanseo University болгон өөрчилж, нэхэмжлэгч уг сургуульд элсэн суралцсан үйл баримтад зохигч маргаагүй.

 

12. Хансео их сургуулийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэхэмжлэхээр О.Н нь элсэлтийн хураамжид 60,000 вон, хоёр семестрийн хэлний бэлтгэлийн төлбөр 4,000,000 вон, 1 семестрийн дотуур байрны төлбөр 550,000 вон, хоёр семестрийн бичиг ба дадлагын төлбөр 350,000 вон, хоёр семестрийн даатгалын төлбөр 120,000 вон, нийт 5,080,000 вон төлсөн талаар тодорхойлжээ.

 

13. Нэхэмжлэгч нь өөрийн төлсөн нийт 8,578,343 воноос дээрх 5,080,000 вон, бүртгэлийн хураамж 300,000 вон, зуучлалын хөлс 600,000 воныг тус тус хасаж, үлдэх 2,598,343 воныг өнөөдрийн Монгол банкнаас зарласан воны ханш 2,52 төгрөгөөр тооцож, нийт 6,547,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

14. Хариуцагчаас дээрх илүү авсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийг бусад сургуульд зуучлахад холбогдолтой гарсан зардал гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

15. Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 6,547,825 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрх үүссэн байна.

 

16. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 2,598,343 воныг 2.54 төгрөгт үржүүлбэл 6,599,791 төгрөг болж буй хэдий ч нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л ХХК-иас 6,547,824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Н олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 119,715.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ