| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2205008191343 |
| Дугаар | 2022/ДШМ/984 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/984
2022 10 13 2022/ДШМ/984
А.Б, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
шүүгдэгч А.Б,
хохирогч М.Х-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2205008191343 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т овгийн А-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .................. төрсөн, .. настай, эрэгтэй, .... боловсролтой, ........................ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .......................... хамт .................. аймгийн .............. .. дугаар баг, ............ дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ....... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................/,
2. Ё овгийн Б-ын Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........................... төрсөн, .. настай, эрэгтэй, .... боловсролтой, ............................. мэргэжилтэй, “.....................” ХХК-д ................... ажилтай, ам бүл .., .................. нарын хамт ...................... дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................./,
Шүүгдэгч Б.Э, А.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд талд байрлах автобусны буудлын орчимд хохирогч М.Х-тай маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь гараараа тус тус нэг удаа цохиж “баруун хоншоорын хөндийн урд хананы хугарал, духанд зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал“ бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Б, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э, А.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 1 жил 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нараас 2.642.005 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Э-гаас 1.321.003 төгрөг, шүүгдэгч А.Б-ээс 1.321.003 төгрөг тус тус гаргуулж, Эрүул мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай данс/-т олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нараас 1.278.917 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Э-гаас 639.459 төгрөг, шүүгдэгч А.Б-ээс 639.459 төгрөг тус тус гаргуулж, хохирогч М.Хангай /РД:УШ94050359/-д олгож, хохирогч М.Хангай гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Э, А.Б нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгг эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Э, А.Б нар цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Хангайд хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан ба хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ухаарч ойлгосон. Би Сэлэнгэ аймгийн Бугант суманд хувиараа бичил уурхайд ажилладаг тул ажиллах эрхийг минь олгож өгнө үү. Уул уурхайн мэргэжилтэй, заавал хөдөө орон нутагт ажиллах боломжтой бөгөөд мөн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд эхнэр, хүүхэд маань амьдардаг. Энэ байдлыг минь харгалзан үзэн 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Хохирогч М.Хангай тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие хохирогч М.Хангай нь шүүгдэгч А.Б-ийн 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгохоор давж заалдсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би сэтгэл санаа, ажил амьдрал, бие эрүүл мэндээрээ маш их хохирсон. Эмнэлгээс авсан баримттай хохирол маань ч бүрэн барагдаагүй, дээрээс нь дараагийн давтан хагалгаанд орох бөгөөд тухайн гарах зардлаа яг одоогийнх шигээ бүрэн барагдуулахгүй, дахин даамжран хохирлоо бүрэн гүйцэт өгч чадахгүй байдал үүсэх байх гэж айж байна. Тиймээс шүүгдэгч А.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч М.Х-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогч М.Х-д учирсан хохирол, хор уршиг өнөөдрийг хүртэл бүрэн арилаагүй. Хэрэг гарсанаас хойш хохирлыг одоо болтол төлж барагдуулаагүй. Хохирлыг төлж барагдуулаагүй байтал торгуулийн ялыг биелүүлнэ гэдэг нь эргэлзээтэй. Зорчих эрх хязгаарлах ялыг ч багасгах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Прокурор Г.Намжил шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэрэг байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломж шүүгдэгч нарт байсан. Гэтэл прокурорын шатанд хохирол төлбөрийг төлөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо бодит хохирлоос 1.350.000 төгрөгийг төлсөн. Шүүх шийдвэрлэхдээ 1.278.917 төгрөгийн хохирол төлөх төлбөртэй гэж дүгнэсэн. Прокуророос гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хор уршиг зэргийг харгалзаад торгох ялын санал гаргасан боловч анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Ял шийтгэлийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирогчид учирсан хор уршгийг арилгах, нийгэмшүүлэх байдаг. Гэтэл яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээгээд, хохирлоо нөхөн төлөөд, хэргийг хялбаршуулсан журмаар буюу өөртөө ашигтай байдлаар шийдвэрлүүлэх боломжтой байтал уг боломжоо ашиглахгүй байснаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа хохирол төлбөрөө төлөөд, торгох ялаар сольж өгнө үү гэх гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч А.Б-ээс “эхнэр, хүүхэд Сэлэнгэ аймагт амьдардаг. Сэлэнгэ аймагт ажил хөдөлмөр эрхэлдэг” талаар гомдолдоо тусгасан байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих боломжгүй. Харин зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нутаг дэвсгэрээр өөрчилж буюу солих боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Э, А.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд талд байрлах автобусны буудлын орчимд хохирогч М.Х-тай маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь гараараа тус тус нэг удаа цохиж “баруун хоншоорын хөндийн урд хананы хугарал, духанд зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал“ бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.Х-гийн “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд найз Буяннэмэхийн хамт дэлгүүр орох гээд гэмтлийн эмнэлгийн буудлын явган хүний замаар явж байхад үл таних 3 залуу явж байсан. Тухайн 3 залуугийн 1 нь намайг мөрөөрөө шүргэсэн, би яаж байгаа юм бэ гэтэл яасан ч яадаг юм бэ гээд 175 см өндөртэй залуу миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон. Намайг цохиулаад доош тонгойтол хар өнгийн хувцастай залуу миний хацар руу гараараа цохисон. Тэгээд намайг зодсон 2 залуу зугтаачихсан. Би цагаан куртиктэй залууг нь барьж аваад хороололд байрлах цагдаагийн хэсэг рүү аваачсан...” /хх 30-31/,
хохирогч М.Х-гийн дахин өгсөн “...Бор өнгийн зах хэсгээрээ үстэй нэхий өмссөн залуу миний нүүр хэсэг рүү гараараа цохих үед би машины хамар хэсгийг налаад манараад унасан. Манарч байгаад өндийх үед миний нүүр хэсэг рүү нэг нь дахиж цохисон. Бараан өнгийн куртик өмссөн залуу харагдахаар нь тэр залууг цохисон байх гэж дараа нь бодсон. Тэгээд би цагдаа дуудах гээд тэр гурван залууг байж бай гэж хэлсэн. Тэр гурав явсан. Би тэр гурвын араас булан тойрсон чинь камергүй газарт орж ирлээ гэж хэлсэн. Би тэд нарын нэгийг барьж авч үлдээд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгнө гэж бодоод цагаан улаан өнгийн өмд, цагаан өнгийн куртиктэй хүнээс зуурах үед дээрээс хүн цохих шиг болсон. Би нүүрээ дараад доош суусан...” /хх 38/,
гэрч Д.Б-ийн “...2022 оны 02 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Хангай бид хоёр СУИС-ын орчимд пабд орж 0,5 л хэмжээ бүхий 2 шил пиво захиалж уугаад тэндээс гараад такси бариад Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ГССҮТ-ийн хажууд байх Тэргэл төвийн үүд хэсэгт буугаад таксигаа явуулаад бид хоёр өгсөөд ГССҮТ-ийн автобусны буудлын чигтээ алхаж явсан чинь найз Ариунжаргалтай таарсан. Хангай найз Ариунжаргалд хандаж найз нь аав болсон гэж хэлсэн чинь Ариунжаргал Хангайд хандаж баяр хүргэе, эхнэр хүүхэд хоёрт чинь юм авч өгье, найз нь Солонгос улсаас ирсэн, одоо удахгүй буцах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд Ариунжаргал, Хангай хоёр миний урд би ард талд нь явж байсан чинь гудамжаар явж байсан үл таних гурван залуу өөдөөс чиглээд ирсэн. Тэр гурван залуутай зөрөх гэж байх үед нэг нь өдөж хэрүүл маргаан эхэлсэн. Би яваад очсон чинь бор өнгийн зах болон хормой хэсэг нь цагаан оруулгатай богино нэхий өмссөн залуу нь Хангайн нүүр хэсэг рүү гараараа цохисон. Энэ үед Хангай хойно байх ертөнцийн зүгээр урд зүгт харсан машины хамар хэсэг дээр нүүрээ гараараа дарж түрүүлгээ харж унасан. Тэгээд байж байгаад өндийх үед цагаан куртик, улаан өнгийн өмдтэй залуу нь Хангайн нүүр хэсэг рүү нь гараараа цохисон бөгөөд Хангай нүүрээ дараад ойролцоогоор нэг минут орчим хэвтээд байсан. Энэ үед би үлдсэн нэг залууг нь хориод байж байсан. Миний хорьж байсан залуу тухайн цаг хугацаанд Хангайг цохиогүй намайг цохиод байсан. Тэгээд маргаж байсан чинь үл таних гурван залуу дахиж дайрсан. Энэ үед Ариунжаргал тэр гурван залууд хандаж боль цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь тэр гурван залуу булан эргээд явсан. Үл таних гурван залуу булан эргэхээр нь бид гурав араас нь дагаж яваад булан эргэсэн чинь улаан өнгийн өмд, цагаан өнгийн куртиктэй залуу нь Хангайг барьж аваад буланд шахаад толгой хэсэг рүү нь гараараа цохисон. Би очоод салгах гэхэд улаан өнгийн өмд, цагаан өнгийн куртиктэй залуутай хамт явж байсан хоёр залуу над руу дайраад салгуулахгүй байсан. Би цагдаа дуудсан шүү гэж орилсон чинь одоо боль явъя гэж нэг нь хэлээд тэр гурван залуу явах гээд байсан. Хангай улаан өнгийн өмд, цагаан өнгийн куртик өмссөн залууг барьж аваад явуулаагүй бөгөөд хамт явсан хоёр залуу нь яваад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...Эхний нүүрэнд цохиод булан эргээд барилцаж авсан энэ хоёрын голд ямар нэгэн зодоон болоогүй. Хэрэг гарсан өдрийн маргааш нь зодоон болсон газруудад очоод харсан чинь хяналтын камер байсан. Тэгээд бичлэгийг нь хуулж авсан. Камерын бичлэгт гарч байгаа газруудад зодоон болсон, өөр газар зодоон болоогүй...” /хх 57-58/,
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 04/2723 дугаар албан бичиг /хх 66-68/,
иргэний нэхэмжлэгч Н.М-ийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.642.005 төгрөгийн зардал гарсан байх тул гэм буруутай яллагдагчаас гаргуулж Төрийн сангийн 100900200080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” /хх 71-72/,
шинжээч эмч Н.Т-гийн “...М.Х-н биед учирсан гэмтлүүд нь ойролцоогоор нэг түвшинд, нэг цаг хугацаанд үүссэн хоорондоо хамааралтай гэмтлүүд байх тул тус тусад нь салгах боломжгүй. Духны зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, чанга, сул цохилтоос хамаарна. Хүний гарын хүчийг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлгүүд /хх 75-77/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3239 тоот “...М.Х-н биед баруун хоншоорын хөндийн урд ханын хугарал, духанд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...” гэх дүгнэлт /хх 79-80/,
Хэрэгт авагдсан сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-21/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-24/, Б.Э, А.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 128, 137/ шүүгдэгч А.Б, Б.Э нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Б, Б.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн А.Б, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.
Шүүгдэгч А.Б-ээс “Би Сэлэнгэ аймгийн Бугант суманд хувиараа бичил уурхайд ажилладаг тул ажиллах эрхийг олгож өгнө үү. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд эхнэр, хүүхэд маань амьдардаг тул 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тэрээр байнга оршин суух хаягаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо гэж мэдүүлж ирсэн бөгөөд хавтаст хэрэгт А.Б-ийг орон нутагт уул уурхайд ажилладаг гэх хувийн байдалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Б, Б.Э нарт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйл 3 дахь хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч А.Б-ийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй, шүүгдэгч Б.Э-ы Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд оршин суух бүртгэлтэйг тус тус харгалзан, А.Б-ийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс, Н.Эыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б, Б.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх хүрээ хязгаарыг өөрчлүүлэх талаар хүсэлтээ зохих албан тушаалтанд өгч шийдвэрлүүлэх боломж нээлттэй болохыг тэмдэглэж байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн гүйцэтгэх” заалтыг журамласан нь буруу бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн хүндрүүлэх шинж нэгэнт заагдсан тохиолдолд дээрх ерөнхий ангийн зүйл хэсгийг давхар журамлах шаардлагагүй.
Иймд шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолын:
- тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Ё овогт Б-ын Э, Т овогт А-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Б.Э, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э, А.Б нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч А.Б-ийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жил 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ