Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0781

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Жэй Эм Ойл ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө улсын байцаагч М.Баттуул, У.Халиунаа нарт холбогдох зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Жэй Эм Ойл ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Жэй Эм Ойл ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө улсын байцаагч М.Баттуул, У.Халиунаа нарт холбогдох 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0053268 дугаартай хууль бус шийдвэр буюу 500.000 төгрөгийн торгуулын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай зөрчлийн хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа болно. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу Жэй Эм Ойл ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө улсын байцаагч М.Баттуул, У.Халиунаа нарын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0059268 дугаартай 500.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Жэй Эм Ойл ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жэй Эм Ойл ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө улсын байцаагч М.Баттуул, У.Халиунаа нарт холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө улсын байцаагч М.Баттуул, У.Халиунаа нарын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0059268 дугаартай 500.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Жэй Эм Ойл ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч Жэй Эм Ойл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ