| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0360/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/334 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч П.Итгэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа
Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Б-т холбогдох эрүүгийн 1738003870147 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, П.Б-,
Шүүгдэгч П.Б- нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд улсын дугаагүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 дахь хэсэгт заасныг зөрчиж ...улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн машинтай мөргөлдсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч П.Б- нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд улсын дугаагүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 дахь хэсэгт заасныг зөрчиж ...улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн машинтай мөргөлдсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Насанд хүрээгүй хохирогч Б.Ч-ийн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би хичээлээ тараад байдаг хамаатны ах П.Б-ын мотоцикльд сундалдаад мөн миний араар П.Б- ахын хүүхэд сууж явсан. Тэгсэн чинь манай мотоциклийг баруун талын хажуугаас цэнхэр өнгийн жижиг машинтай эмэгтэй эгч ирээд мөргөж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Гэрч Г.Оюунгэрэлийн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өдрийн 17 цагийн орчим би өөрийнхөө эзэмшлийн ...улсын дугаартай приус маркийн машинтай Хатгал тосгоны ЕБС-ийн хашааны хойд талаар баруун чиглэлд явж байгаад хашааны баруун хойд өнцгөөр урагш зүүн гар тийш эргэх үед урд чиглэлээс хойд чиглэлд явж байсан мотоцикль гэнэт урдуур гараад ирсэн. Тухайн үед тормос гишгээд амжилгүй очиж мотоциклийн хойд дугуй хэсэг рүү мөргөсөн. Тэр үед мотоицикль урагш эргэж унасан. Би тухайн үед цагдаа дуудъя гэсэн чинь мотоциклийн жолооч П.Б- за яахав гайгүй биздээ хэрэггүй гээд байсан тэгээд тэр мотоциклийн жолооч за яахав гээд байхаар нь тэгвэл хүүхдийг чинь эмнэлэгт очиж үзүүлье гээд тэр хөл нь өвдөж байсан гээд байсан хүүхдийг нь эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Тэр үед эмнэлэгт эмч нар нь байгаагүй. Сувилагчид нь үзүүлээд өвчин намдаах тариа хийлгэсэн. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн. Энэ үед Т.Э- багш мөн хамт миний машинаар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р тал/,
Гэрч Т.Э-ийн: “...Тэр өдөр би гэрээсээ гараад айлд очихоор 3 дугаар хорооны 20 дугаар гудамжны баруун талын үзүүрт явж байхад хүчтэй чимээ гарсан. Тэгэхээр нь чимээ гарсан зүг рүү харахад мотоцикль машин 2 мөргөлдөөд мотоцикль унаж байх үеийг нь харсан өмнө нь шарт хийсэн чимээ нь бодвол тоормокны чимээ байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.А-ын: “...Тэр өдөр аниагийн дэвтрийг аав, Ч- бид 3 хүргэж өгөөд буцаж явахдаа аав сургуулийн хашааны хажууд машин урдаас ирж байна гээд зогссоноо дахиад явсан чинь нөгөө машин аавын мотоцикль руу ирээд мөргөчихсөн. Тэгсэн чинь би хамгийн ард унаад Ч- дунд унаад аав хамгийн урд очиж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаартай:
- Б.Ч-ийн биед баруун шилбэ ясны далд хугарал, духанд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал/,
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түмэнбатын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай:
- Пүрэвцогт овогтой П.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-8 дугаарт заасан баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлт /хх-ийн 38-р тал/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч П.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р тал /-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эрүүгийн 1738003870147 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2, 37.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П.Б-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ