Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/985

 

 

 

 

 

  2022            10             13                                        2022/ДШМ/985          

Г.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/1243 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2206020022177 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц тайж овгийн Г-ийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................... төрсөн, ... настай, эрэгтэй, .................... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ............................ хамт .......................... дүүргийн ... дүгээр хороо, ........................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн .. дугаар хороо, ................ дүгээр байрны ............. тоот оршин суух, ял шийтгэлгүй /РД: .................../,

Шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.М-ийн эзэмшлийн 45-00 УНИ улсын дугаартай “Lexus RX 450H” маркийн автомашиныг бусдад худалдан борлуулж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч М.М-д 43.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э-оос гэм хорын хохирол 43.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.М-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э урьд цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Э.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1243 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэл байна.

Миний үйлчлүүлэгч Г.Э-ын хувьд гэм буруугийн асуудлаар маргадаггүй бөгөөд эрүүгийн хариуцлага дээр 1 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаар:

“Шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн.

Хэргийн нөхцөл бйадал болон шүүгдэгчийн хувийн байдлаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд Г.Э-ын үйлдэл хамаарч байна.

Г.Э-ын хувьд мөрдөн шалгах болон мөрдөн байцаах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар саад учруулаагүй, гэм буруу дээр маргадаггүй, хууль зүйн туслалцаа аваагүй нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүйгээс эрхээ эдэлж чадаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс өөрийг нь гэм буруутай болохыг тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирол төлөх боломжит завсарлага авах эрхээ эдлээгүй байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсны үр дагаврыг бүрэн ойлгоогүй байна.

Мөн Г.Э нь өөрийн хувийн байдлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүйгээс хорих ялаар шийтгэгдэхэд хүрсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Г.Э нь эхнэр, дөрвөн хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд түүнд хорих ял оногдуулсан нь хүүхдүүдийн эрх ашигт нөлөөлөхөөр нөхцөл байдал үүсээд байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжийг хууль тогтоогчид хуульчилсан байдаг ба түүнд хамрагдах шаардлага нь хохирлоо төлсөн эсхүл төлөхөө илэрхийлсэн бол хамрагдахаар байна.

Г.Э-ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой, хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байдаг бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Тодруулбал, тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдал байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хуулийн урьдчилсан нөхцөл байдалд хамаарч байхад, анхан шатны шүүх үүнд анхаарч дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд хохирогчийн хохирлыг гэм буруутай этгээд барагдуулах нь уг хуулийн зорилгод нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Г.Э-д хорих ял оногдуулснаар хохирогчийн эрхийг сэргээхэд нөлөөлөх бөгөөд хохирол төлөх боломжтойгоор ял оногдуулах нь хууль болон хохирогчийн эрхийг сэргээхэд ач холбогдолтой юм.

Г.Э-ын зүгээс хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах талаар арга хэмжээ авч байгаа.

Иймд дээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1243 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 1 жилийн хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уулчлалт гуйсан, намайг уучилсан. ...” гэв.

Прокурор Я.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч Г.Э нь гэм буруугийн хувьд маргадаггүй. Өмгөөлөгч Э.Батжаргалаас хохирол төлсөн баримтыг гаргаж өгч байна. Хорих ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн дээр тусгайлан гаргах саналгүй. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.М-ийн эзэмшлийн 45-00 УНИ улсын дугаартай “Lexus RX 450H” маркийн автомашиныг бусдад худалдан борлуулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч М.М-д 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч М.М-ийн “...Тухайн үед Э надад машины үнэ болох 43.000.000 төгрөгийг 7 хоногийн дотор би хятад компаниас аваад данс руу чинь шилжүүлье гэсэн болохоор итгээд гарын үсэг зурсан. ...Э миний машиныг хятад компанид зарж өгөхөөр болоод хамт ажилладаг хүн гэж хэлээд Батбаяртай Худалдах, худалдан авах гэрээ хийлгэсэн. Б-ыг өмнө нь харж байгаагүй, Э хамт ажилладаг гэсэн  болохоор итгээд машинаа зарсан. Э тухайн компанитай төлбөр тооцоотой талаар мэдэхгүй, ...мөнгө орж ирээд Э мөрийтэй тоглочихсон байна гэсэн. Би Б-ыг танихгүй...” /хх 60-63/,

Гэрч Л.Б-ын “...Э гэх хүнд 2018 оны намар Ланд 200 загварын цагаан өнгийн автомашинаа зарж байсан. Тухайн үед миний гар утасны дугаарыг хадгалсан байсан байх, дотно харилцаа холбоо байхгүй. ...2020 оны 7 дугаар сард Э над руу яриад “Lexus RX 450H” загварын машин авах уу? гээд ярихаар нь худалдан авсан. Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавиад хураагдах гээд байгаа юм гэхээр ...чөлөөлөөд худалдан авсан бөгөөд 43.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Yongkang tools.co.ltd нэртэй компани мэдэхгүй, ийм нэртэй байгууллагад ажиллаж байгаагүй. Би Э-той ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байгаагүй. Одоо ч гэсэн ямар нэгэн өр төлбөр байхгүй. Эхлээд Ланд 200, дараа нь “Lexus RX 450H” машин авахдаа хоёр удаа л машин худалдан авах зорилгоор уулзаж байсан...” гэх мэдүүлгүүд /хх 71-72, 77-78/,

Шүүгдэгч Г.Э-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 12-15/ шүүгдэгч Ч.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Э-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Энхолдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Э.Батжаргалаас “...Хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 1 жилийн хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.   

Учир нь, шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч М.М-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 43.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч М.Мөнхдэмбэрэл нь хохирол гомдолгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй талаарх тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Г.Э-д 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл болж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд нь түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1243 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэсэн,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д өөрийн оршин суух газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэсэн,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэсэн нэмэлт заалтууд оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь нийт 52 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                         ШҮҮГЧ                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                        ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ