Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 218/МА2020/00009

 

 ******* ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00139 тоот шийдвэртэй,

******* ХХК-ий нэхэмжлэлтэй *******-ны Дундговь аймаг дахь салбарт хариуцагдах Дулаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 922430 төгрөг, нотариатын зардал 6200 төгрөг, нийт 928430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 сарын 6-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь *******-ны Дундговь аймаг дахь салбартай байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний дагуу тус компанийг халаалтаар ханган ажилладаг. Гэтэл 2018 оны 2 сарын халаалтын төлбөрөөс 212,571 төгрөгийг, 2019 оны 2 сарын халаалтын төлбөрөөс 69,713 төгрөгийг, 2019 оны 3 сарын халаалтын төлбөрөөс 640,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд *******-ны Дундговь аймаг дахь салбараас 2018 оны 2 сарын халаалтын төлбөрөөс 212,571 төгрөгийг, 2019 оны 2 сарын халаалтын төлбөрөөс 69,713 төгрөгийг, 2019 оны 3 сарын халаалтын төлбөрөөс 640,000 төгрөг, нийт 922,230 төгрөг, нотариатын зардалд 6200 төгрөг, нийт 928,430 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2018 оны 2 р сарын төлбөр дээр 21,2574 төгрөг, 2019 оны 2 сард 69,713 төгрөг, 2019 оны 3 сард 640,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Манай компанийн зүгээс халааж байгаа. Уг байгууллага халаалт муу байсан болохоор төлбөрийг дутуу төлсөн гэж байна. Манайх сүүлийн 20 жил айл өрх, аж ахуй нэгжийг халааж байна. Халаалт нь зөвхөн манайхаас шалтгаалаад байдаг зүйл биш юм. Хэрэглэгчийн шугам гэх мэт янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалдаг. 2019 оны 2 сард цаг агаарын байдал онцгой хүйтэн байсан. Тухайн үед доголдсон доголдлоо бид засаад авах арга хэмжээнүүдийг аваад явсан. 2019 оны 3 cap дээр манайх бүрэн халаасан. Манай халаалтыг дутуу халсан гэж байна. 00 зогсолт хийж энэ байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүрсэн зүйл байхгүй. *******-ны байранд Төрийн банк үйл ажиллагаа явуулдаг. Төрийн банк нь цаг хугацаандаа халаалтын төлбөрөө манай компанид төлөөд явдаг. Манай компаниас гарч байгаа градус энэ байгууллага дээр очихдоо хэмжээ нь 2 градусын өөрчлөлттэй очих ёстой. Манай эцсийн хэрэглэгч бол аймгийн цаг уурын газар. *******-ны Дундговь аймаг дахь салбар бол манай голын хэрэглэгч, эцсийн хэрэглэгч дээр ч 2 градусын зөрүүтэй очдог. Дундговь аймагт хоёр хангагч байгууллага байдаг нэг нь сайн нэг нь муу гэсэн юм байхгүй. Манайх 5 төсвийн байгуулгатай бусад нь айл өрхийг халаадаг. Манай ажил улирлын чанартай байдаг. Банкны зээлээр бид нар өвлийн бэлтгэл ажлаа хангадаг учраас мөн л банкны хүү төлж явдаг. Их мөнгө, бага мөнгө гэлтгүй зардлаа орлогоороо нөхдөг учраас өнөөдрийн байдлаар хэцүү байна. Тиймээс бид нар энэ төлбөрийг 100 хувь нэхэмжилж авахаас өөр аргагүй. Бидэнтэй 52 байгууллага гэрээ хийгээд явж байна. 212000 дээр гэрээ дүгнэж акт үйлдсэн гэдэг зүйл ярьж байна. *******-ны Дундговь аймаг дахь салбарын нягтлан Баттөмөрт удаа дараа мэдэгдэж байсан. Үнэхээр л 2019 оны 2 сард халахгүй хэцүү байсан юм бол тэр дор нь дуудлагаа өгөөд дуудлагын слесарь дуудаад доголдлыг илрүүлэх байтал дураараа тэгж болохгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* компанийн нэхэмжлэл дээр Монгол банк-ны Дундговь аймаг дахь салбар 1984000 төгрөг төлөх ёстойгоос 2019 оны 12 дугаар сарын байдлаар 922,000 төгрөгийн дутуу төлөлттэй байсан. Манай байгууллагаас төлбөл зохих төлбөрийн 50 хувийг төлж барагдуулсан. Үлдэгдэл мөнгийг ******* ХХК-д хандаж хэлэхэд энэ нь төлөгдөөгүй үлдсэн мөнгө биш гэрээнд заасан стандарт тоо хэмжээгээр дулаанаар хангаагүй. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар стандартын шаардлагад нийцсэн дулаанаар хангаж ажиллаагүй. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д стандартын шаардлагад нийцсэн дулаан эрчим хүчээр хангагдах, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д эрчим хүчний тухай гэрээний заасан үүргээ дутуу биелүүлсэн, гэрээнд заасан тоо чанарт нийцсэн эрчим хүчээр хангаагүй бол бүрэн буюу хэсэгчлэн төлөхөөс татгалзах гэсэн үндэслэлээр халаалтын төлбөрийг хасаж төлсөн. 2019 оны 2 сард уурын зуухны үйл ажиллагаа доголдолтой цаг агаарын байдал ч хүнд байсан. Аймгийн онцгой комисс хуралдаж аймгийн бүх уурын зууханд шалгалт үзлэг хийсэн. Тухайн үед ямар байдалтай байсан талаар онцгой байдал, мэргэжпийн хяналтын газруудаа уурын зуухуудад үзлэг хийсэн талаарх албан бичгийг гаргаж хэрэгт өгсөн байгаа. Манайх Төрийн банк-тай хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг. Төрийн банк бол 10 гаруй алба хаагчидтай. Тухайн үе маш их хүйтэн байсан. Төрийн банк-наас танайх дулаанаар халаагаагүй байхад яагаад төлбөрийг төлчихсөн юм бэ гээд асуухад манайх ******* ХХК-тай харилцагч байгууллага учраас бид нар ёс зүйгээ бодоод халаалтын төлбөрийг төлсөн гэж хэлсэн. 2019 оны 12, 1 саруудад халаалтын зардал хэт өндөр гарсан. Манай байгууллагын халаалтын сантехникийн үйл ажиллагаа, шугам сүлжээ, тоног төхөөрөмж сайн гэж үзэж байгаа. Узел манай харьяанд байдаг. Гэрээний хувьд асуудалтай хангагчийн талаас үүрэг хариуцлага нь тодорхой бус, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан тийм зүйл байхгүй. Аймгийн төвийн бүх хангагч байгууллагуудтай байгуулсан гэрээнд ийм байгаа. 2018 оноос хойш л хасаж тооцсон бусад үед төлөлтөө бүрэн хийгээд явдаг байсан. Бидэнд үнэхээр хүнд өдөр их байсан. Харин ч бидний зүгээс төлбөрөө бүрэн төлж ирсэн. 2019 оны цагаан сарын үеэр халаалт зогссон. Манайх тэр үед 24 цагийн жижүүртэй байсан ба жижүүрүүд даарсан гэдэг байдлаар энэ асуудлыг ярьж тавьж байсан учраас аргагүй эрхэнд 922,000 төгрөгөөс 50 хувийн төлбөрийг хассан юм. 2019 оны 3 сард 640,000 төгрөгийг хасаж төлөлт хийсэн. Ингээд манайх нийт 1,632,000 төгрөгийн тооцоотой байсан. Тэгээд 2019 оны 10 сард гэрээ байгуулж ажиллах саналууд тавьсан. Түүний үндэслэлээр 10 сараас нягтлан Батнарантай ирж уулзаад би 50 хувийг нь барагдуулах талаар хэлсэн. Тухайн үед ороод 20-30 минут байх үед галч нь орж ирээд цалин хөлс гээд санхүүгийн хувьд хэцүү байгаа гэдгийг ойлгосон учраас би 50 хувийг төлье гээд гэрээгээ байгуулна гэж хэлсэн. Дарга нартайгаа яриад би эргээд хариу өгье гэж хэлсэн. Халаалт муу байгаа талаар манайх эрчим хүчний зохицуулах хороо болон мэргэжпийн хяналтын байгууллагад хүсэлтээ өгч байсан. Манай байгууллага гэрээ байгуулъя гэсэн чинь танайх 100 хувь төлж байж гэрээгээ байгуул гэдэг зүйл Бадрах дарга хэлсэн. Манайх төсвийн байгууллага манайх халаалтын тодорхой төсөвтэй түүндээ тусгаад төлбөрөө шилжүүлдэг. Он гараад шүүх дээр очоод танай талд шийдвэл манайд мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нягтлантайгаа ярьж байгаад 922,000 төгрөгийг нь би шилжүүлье гээд 2019 оны 11 сарын 19-ний өдөр 1,600,000 төгрөгөөс 922000 төгрөгийг шилжүүлсэн. Манай байгууллага 2019 онд 709,713 төгрөг үлдсэн. Тэгээд үүнийг сүүлийн нэхэмжлэл дээр 2 сарынх нь 69,000 төгрөг 3 сарын төлбөр 640,000 төгрөг гэж яриад байна. Үүнийг ямар байдлаар тооцож байна вэ, энэ төлбөр дутуу байгаа эсэхийг яаж нотлосон юм бэ, халаагаагүй байж яагаад төлбөрөө 100 хувь авна гээд байгаа юм. Миний хувьд Дундговь аймагт 20 жил амьдарч байна. Манай аймагт 2 уурын зуух байдаг ба тэдгээр нь дулаанаар хангагч байгууллага ба Ган-илч ХХК нь сайн халаадаг, ******* ХХК нь муу халаадаг гэсэн иргэдийн яриа байдаг. ******* ХХК-ийн иргэдтэй байгуулж байгаа дулааны эрчим хүчээр хангах гэрээ нь өөрөө холбогдох дээд байгууллагаар хянагдаж хууль эрх зүйн хувьд 2 талын эрх ашигт нийцсэн байгаа эсэхийг нягталж шүүх шийдвэрээ гаргаж өгнө үү гэсэн саналтай байна. Гэрээний асуудал дээр эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд байдаг. Эдгээр байгууллагууд эрчим хүч дулаанаар хангах гэрээ нь хууль ёсны дагуу байх ёстой талаар бүрэн заасан байдаг. Тухайн гэрээг эрчим хүчний дээд байгууллага нь хянасан байх ёстой гэсэн заалт уншсан. Тийм учраас ийм зүйл ярьж байна. 2011 оноос хойш манай үндсэн гэрээ байгаа. Эрчим хүчний тухай хууль нь 2015 онд өөрчлөгдсөн гэсэн. Тэгэхэд одоог хүртэл 2011 оны гэрээ байгаа юм. Энэ хугацаанд гэрээ сунгагдаж шинэчлэгдэж явагдах ёстой. Дулааны горимыг байнга шалгаж байх ёстой мөн темпаратурыг байгууллага байгууллагаар нь заагаад өгчихсөн тийм ном байдаг юм билээ. Үнэхээр энэ гэрээнд асуудалтай зүйлүүд байгаа юм. Тухайн үед өмнө нь нэхэмжлэгч талаас өгсөн баримт нь манайхыг 8 сард бичгээр халаалтын төлбөрөө төлөхийг шаардсан бичиг өгсөн. Түүний дагуу гэрээнд өөрчлөлт оруулах талаар хэрэглэгч хангагчийн үүргийг тодотгосон хангагч байгууллага нь шаардлага хангасан эрчим хүчний тухай хуульд заасан дулааны эрчим хучээр хангах тал дээр аль аль талдаа хариуцлагатай байх зэргээр бичээд өгсөн тайлбар бичгийг хавтаст хэргийн материалд өгсөн байгаа гэв.

 

Анхан шатны шүүх:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3-т заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар дулаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 922,430 төгрөг, нотариатын зардал 6200 төгрөг, нийт 928,430 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжпэгч Тэвшийн Говь ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26684 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******давж заалдах гомдолдоо:

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00139 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: ... Зохигчдын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээгээр маргаантай байгаа дулаанаар хангах тоо хэмжээг тодорхой тусгасан байх бөгөөд ... гадна агаарын температур -20 градус байх үед өгөх усны температур нь +60 градус байхаар харилцан тохиролцсон байна. ...Хариуцагчаас тайлбар, татгалзлаа нотлуулахаар шүүхэд гаргасан баримтууд болох 2019 оны 2 cap, 2019 оны 3 сарын халаалтын бүртгэл хөтлөх, хянах хуудас, Аймгийн Онцгой комиссын хурлын тэмдэглэл, Аймгийн онцгой комиссын гишүүд 2019.02.10-21-ний өдрүүдэд халаалтын зуухнуудад эргүүл хийхэд ******* ХХК-ийн халаалтын даралтын тэмдэглэл зэрэг баримт, зохигчдын тайлбараар гэрээнд заасан тоо хэмжээний дагуу дулаан нийлүүлээгүй болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнд:

1. Нэхэмжлэгчээс 2018 оны 2 сарын халаалтын төлбөрийн үлдэгдэл 212574 төгрөг, 2019 оны 2 сарын халаалтын төлбөрийн үлдэгдэл 69713 төгрөг, 2019 оны 3 сарын халаалтын төлбөрийн үлдэгдэл 640.000 төгрөг, нийт 922.230 төгрөг нэхэмжилсэн. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу тооцно гэж заасан. Хариуцагчаас гэрээнд заасан тоо, хэмжээгээр дулаан нийлүүлж чадаагүй гэх тоолуурын заалтыг нотлох баримтаар гаргаж ирж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй байхад шүүхээс хавтаст хэргийн 28, 32 дугаар талд авагдсан 2019 оны 2 cap, 2019 оны 3 сарын халаалтын бүртгэл хөтлөх, хянах хуудас гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Аймгийн онцгой комиссын гишүүд 2019.02.10-21-ний өдрүүдэд ******* ХХК-ийн хаалтын зууханд халаалтын даралт хэмжсэн гэх тэмдэглэл нь ******* ХХК-ны 1, 2-р уурын зуухны аль зууханд хийсэн тэмдэглэл болох нь тодорхойгүй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс 2018 оны 2 сарын халаалтын төлбөрийн үлдэгдэл 212574 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх ямар баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, шүүхийн үнэлээд байгаа нотлох баримт нь 2018 оны 2 сарын халаалтын төлбөртэй шалтгаантай холбоотой, хамааралтай эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Хариуцагч ******* ХХК-иас 2019 оны 3 сард гэрээнд заасан тоо хэмжээгээр чанартай дулаанаар нийлүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар, шийдвэрийн үндэслэлийг нотолж байгаа баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд үндэслэн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******-ны Дундговь салбарт хариуцагдах халаалтын дутуу төлбөр гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан үзэв.

Нэхэмжлэгч талаас халаалтын төлбөрийн дутуу 928430 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс хянаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

******* ХХК-ийн зүгээс хариуцагчийг 2018 оны 2 сар, 2019 оны 2, 3 дугаар саруудад халаалтын төлбөрийг дутуу төлсөн нь хууль бус гэж үзэн гаргуулахаар шаардсан бол хариуцагч *******-ны Дундговь салбарын зүгээс нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Дулаанаар үйлчлэх гэрээ бүхий хангагч байгууллага нь гэрээнд заасан стандарт горимоор дулаанаар хэвийн үйлчлээгүй тул төлбөрийг төлөхөөс татгалзсанаа илэрхийлж үүнийгээ нотолж буй холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх хянан үзээд хариуцагчийн татгалзал үндэстэй байна гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэрлэлт хууль ёсны дагуу хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг баримталж гарсан гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагч татгалзлаа нотолж холбогдох бичгэн нотлох баримтуудыг зохих хэмжээгээр шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлээ нотлох, хариуцагчийн татгалзлыг няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гарсан дээрхи шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээх нь зүйтэй гэж тогтлоо.

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар хэрэглэгч хуулиар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлснийг шүүх буруутгаагүй байна. Мөн гэрээний талуудын зүгээс дулаанаар хангах, дулааны эрчим хүч худалдах, худалдан авахыг зохицуулсан шинжтэй гэрээг 2013 онд байгуулсан бөгөөд энэ гэрээний талаар эрх бүхий этгээдүүд сунгалт хийж явснаас өөрөөр гэрээг дүгнэсэн гэрээний үр дүнг тооцсон, хариуцлагын асуудлыг тодруулан тогтоож шийдвэрлэсэн ямар нэг ажиллагаа явуулаагүй байна. Хэрэглэгч *******-ны Дундговь салбарын зүгээс гэрээг дүгнэх санал гаргаж байсан ч дулаанаар хангагч ******* ХХК-ийн зүгээс энэ талын ямар нэг ажиллагаа хийсэн нь тогтоогдохгүй байна.

Иймд энэхүү шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, -т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00139 тоот шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР