Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/03311

 

     2024      09        10                                          181/ШШ2024/03311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, Маргад төв, 402 тоотод байрлах, А ХХК /РД:/,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т /РД:/, О.А /РД:/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т, О.А нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Б.Т, О.А нар нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 36 хувийн хүүтэйгээр 1190130101000120 τοот Зээлийн гэрээ байгуулж 4,450,000 төгрөгийг зээлж 1 ширхэг "Iphone 13 promax 128GB" гар утсыг Ант молл дэлгүүрээс худалдан авсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс одоог хүртэл нийт 1,553,400 төгрөг төлсөн бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 740 хоног болсон байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хаяг тодорхойгүй тул нэхэмжлэлийг буцаасан байна. Бид түүнтэй удаа дараа холбоо барих гэж хичээсэн ч чадаагүй ба бүртгэлтэй хаяган дээр 6 удаа дараа очсон ч тийм хүн байдаггүй гэсэн болно. Иймд түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Д томилсон 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 24/02-286 тоот итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, Зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх хуваарийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/09445 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т, О.А нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Б.Т, О.А нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. Б.Т, О.А нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Б.Т, О.А нарын оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т, О.А нар нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/09445 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т, О.А нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

 

8. Хариуцагч Б.Т, О.А нарыг сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг  шийдвэрлэнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 54 тоот хаягт оршин суух, Бямбадоржийн Төгөлдөр /РД:УХ02262437/, 2 дугаар баг, сургуулийн гудамж, 1-13 тоот хаягт оршин суух О А /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Б.Т, О.А нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Антпей ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг нөхөн төлүүлэн улсын орлогод оруулсугай. 

4. Б.Т, О.А нарын оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д /утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ