| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04119/И |
| Дугаар | 181/ШШ2024/03310 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/03310
2024 09 10 181/ШШ2024/03310
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Юнеско гудамж, Юнион Бюлдинг, 9 давхар 901-2 тоот хаягт байрлах, "А ББСБ ХХК /РД:/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч "А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "А ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С миний бие Г.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 249,950 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Г.Т гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй" нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Г.Т нь 2023 оны 01 сард "А" ХХК-тэй зээлийн гэрээ байгуулахдаа Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Тахилт 3-354 тоот хаяганд оршин суудаг байсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас шалтгаалан миний бие нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Манай "А ББСБ ХХК нь "Анлок Вишн Финанс" ХХК-д факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм.
Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Г овогтой Т //-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.Стомилсон 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 177 тоот итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/11603 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Цахим зээлийн гэрээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн хөрөнгийн багц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, зээлийн хөрөнгийн шалгуур үзүүлэлт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч "А ББСБ ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч "А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Г.Т Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. Г.Т нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн цахим зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Г.Т оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/11603 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч "А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Г.Т сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч "А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилт 3-354 тоотод оршин суух, Г Т /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2. Г.Т эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Г.Т оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С /утас: /-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ