| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04159/И |
| Дугаар | 181/ШШ2024/03309 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/03309
2024 09 10 181/ШШ2024/03309
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 52 дугаар байр, 12 тоотод байрлах, "М ББСБ" ХХК /РД:/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Б /РД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Л.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр "М ББСБ" ХХК-тай 2201-1167 тоот зээлийн гэрээг байгуулж, 1,099,900 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй, "Сайн интернэшнл" ХХК-аас Samsung A52 маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан.
Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 20-ны өдөр 65,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч Л.Б нь 2022 оны 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 capууд болон 2023 оны 1, 2, 3 саруудад нийт 550,686.88 төгрөгийн үндсэн төлөлт, 359,101 төгрөгийн хүүгийн төлөлт, 212.12 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн.
2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч Л.Б үндсэн зээлийн үлдэгдэл 549,213.12 төгрөг, хүүгийн төлбөр 239,045.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,697.73 төгрөг нийт 816,956.76 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцалж, Л.Б 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2201-1167 тоот Зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл нийт 831,456.76 төгрөг гаргуулахаар ББСБ-д бүртгэлтэй хаягааp Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л овогт Л Б /РД:/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Б томилсон 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Г3/24/476 тоот итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2024/16349 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Л.Б Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. Л.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Л.Б оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Б нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2024/16349 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Л.Б сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, чулуут 1-7 тоот хаягт оршин суух, Л овогт Л Б /РД:АЮ88040210/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Л.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Л.Б оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /утас: /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ