Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/03304

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 10 181/ШШ2024/03304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан, 2 дугаар хэсэг, 11-518 тоот хаягт оршин суух, Р Т /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19 байр, Худалдаа хөгжлийн банкны байрны 11, 12 давхарт байрлах, М У Х б ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Т нь М У Х б ХХК холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. ... Миний бие Монгол Улсын Хөгжлийн банканд ахлах хуульч Ц.Булганхишигийг урт хугацааны чөлөөтэй байх хугацаанд ахлах хуульчаар түр томилогдсон.

Банкны зүгээс Ц.Булганхишиг нь чөлөөний хугацаа дуусаад шууд тэтгэвэртээ сууна гэж хүсэлтээ өгсөн байгаа. Тэр үед таныг жинхэлж ахлах хуульчаар гэрээ байгуулан ажиллуулна гэсэн тул гэрээ байгуулж ахлах хуульчийн албан тушаалд түр томилогдсон. Ингээд ажиллаж байтал хүний нөөцийн албанаас намайг дуудаж, Ц.Булганхишиг нь ажилдаа эргэж орно гээд байна, тиймээс таныг үргэлжлүүлж ажиллуулах боломжгүй боллоо гэж мэдэгдээд намайг ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б-30 дугаартай тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр танилцуулсан.

Гэтэл Ц.Булганхишиг нь намайг ажлаас чөлөөлөхөөс өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-27 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан байсан.

Иймд Хөдөлмөрийн хуулийн дагуу түр гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулах ёстой гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Р.Т М У Х б ХХК гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-08 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1 Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна, 50.1.4 ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах гэж заасныг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтэст ахлах хуульчийн ажлын байранд Ц.Булганхишигийн хувийн чөлөөтэй хугацаанд түр томилсон.

Тодруулбал, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байсан ахлах хуульч Ц.Булганхишигт гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-181 дугаартай тушаалаар түүний гаргасан хүсэлтийг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цалинтай, хувийн чөлөө олгосон тул ажил олгогчийн зүгээс Р.Түвшинбаттай тохиролцож хуульд заасан үндэслэлээр хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно.

Р.Т байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусаж байсан учраас М У Х б ХХК гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б-30 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно, 78.1.3 хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, 78.1.9 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, 83.2, 83.3 ... хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авах, ... хүлээлгэн өгөх гэж заасныг тус тус үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн.

Хөдөлмөрийн тухай хуульд ямар тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах эсэх, мөн сунгагдах үндэслэлийг зохицуулсан ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулах нь ажил олгогчийн эрх, талуудын харилцан тохиролцох асуудал юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах нь талуудын эрхэд хамаарч байх тул Р.Т байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч нь заавал тухайн ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг хүлээгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж эрх бүхий байгууллагад хандаж хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлэх хугацааг нарийвчлан зааж өгсөн.

Нэхэмжлэгч Р.Т хөдөлмөрийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба тус хорооны хурлын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 61 дугаартай тэмдэглэлд дурдсанаар талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн маргааныг шийдвэрлэж чадаагүй учир ажиллагаа дуусгавар болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.5-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.Т нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрхтэй байсан боловч энэ хугацаагаар хэтрүүлж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Мөн уг хэргийн шүүх хурал 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон боловч нэхэмжлэгч Р.Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй тул шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан бөгөөд нэхэмжлэгч захирамжид гомдол гаргаагүй бөгөөд дахин нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд тогтоосон журмаар гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хуулбар, нууцын баталгаа, М У Х б ХХК гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Р.Т ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, М У Х б ХХК гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б-30 дугаар Р.Т ажлаас чөлөөлөх тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2024/0129 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагчаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2024/0129 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/00310 дугаар магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ШХТ2024/00428 дугаар тогтоолын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А-21 дугаар Журам батлах тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А-76 дугар Чиг үүрэг, орон тоо батлах тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А-84 дугаар Орон тоо батлах тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-02 дугаар Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-39 дугаар Орон тоо шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б-116 дугаар Ц.Булганхишигийг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-181 дугаар Ц.Булганхишигт хувийн чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-08 дугаар Р.Түвшинбатыг ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-27 дугаар Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б-161 дугаар Б.Чинзоригийг ажилд эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар зэргийг нотлох баримт гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие Р.Т нь М У Х б ХХК ахлах хуульчаар өмнөх ахлах хуульч Ц.Б урт хугацааны хувийн чөлөөтэй байх хугацаанд түр томилогдсон. Банкны зүгээс ахлах хуульч Ц.Б нь чөлөөний хугацаа дуусаад шууд тэтгэвэртээ гарахаар тохирч чөлөө авсан байгаа, түүнийг тэтгэвэртээ гарангуут таныг жинхэлж Ахлах хуульчаар томилно гэсэн тул би ямар ч байсан жинхэлж үргэлжлүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана гэж бодон ажиллаж байсан. Ц.Б дээр дурдсанчлан тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн байсан. Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу надтай байгуулсан түр хугацаатай хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, улмаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан үндсэн ажилтнаар томилох ёстой байсан гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгчтэй хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болж, хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Мөн гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. М У Х б ХХК гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-09 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1.4, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг баримтлан Р.Т 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчаар түр томилон, түүнтэй 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан байх бөгөөд Р.Т нь Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтэст ахлах хуульчаар ажиллаж байсан Ц.Б хувийн чөлөөтэй байх хугацаанд ажиллахаар харилцан тохиролцжээ.

 

6. Ц.Б М У Х б ХХК гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-181 дугаар тушаалаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цалинтай, хувийн чөлөө олгогдсон байна.

 

7. М У Х б ХХК гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б-30 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3 дахь хэсгийг үндэслэн Р.Т байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

 

8. Нэхэмжлэгч Р.Т нь ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтан Ц.Б оронд ажиллаж байсан үйл баримтад маргаагүй. Харин Ц.Б ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээг байгуулах байсан эсэх талаар маргаж байна.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах ажилтантай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж болохоор зохицуулсан.

 

10. Ажил олгогчоос Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтэст ахлах хуульчаар ажиллаж байсан Ц.Б 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хувийн чөлөө олгосон байх ба түүний ажлын байр хэвээр хадгалагдах хугацаанд нэхэмжлэгч Р.Т ажиллуулахаар хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д нийцжээ.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл болно.

 

12. М У Х б ХХК гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б-30 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байх бөгөөд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажилтны эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

13. Тодруулбал, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан Ц.Б хувийн чөлөөтэй байх хугацаа нэхэмжлэгч Р.Т байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааны адил 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх тул энэхүү үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буй ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан Ц.Б ажлаас чөлөөлөгдсөн тул түүнтэй түр хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, улмаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн ажилтнаар томилох ёстой гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

14. Түүнчлэн, нэхэмжлэлийн үндэслэл болгосон М У Х б ХХК гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-27 дугаартай Ц.Б ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03654 дугаар шийдвэрээр хуульд нийцээгүй гэж үзэн, Ц.Б Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

15. Иймд нэхэмжлэгч Р.Т гаргасан М У Х б ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Р.Тн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ