Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/992

 

 

 

2022           10            13                                    2022/ДШМ/992

 

Ш.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Ш.Хын өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШТ/134 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Ш.Хт холбогдох 2109012541260 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байнгын шинжтэйгээр нэр бүхий 98 хохирогчийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, “нэгээс хоёр өрөө байрыг түрээслэнэ, түрээсийн мөнгийг урьдчилан шилжүүлбэл зараа устгая, танд түрээслэе, аль түрүүлж урьдчилгаа төлбөр шилжүүлсэн хүнд байраа түрээслэнэ, та урьдчилгаа шилжүүлбэл байраа түрээслэхгүй танд хадгалж байя, урьдчилгаа мөнгө байршуулаад ирж түлхүүрээ ав” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух арга замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон бусдын итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг байнгын шинжтэйгээр залилан авсны улмаас нийт 103.240.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн Ш.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 21-ний өдөрт шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг 4-2 тоотод иргэн Б.Солонгобаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

Прокуророос шүүгдэгч Ш.Хыг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт байнгын шинжтэйгээр нэр бүхий 98 хохирогчийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, “нэгээс хоёр өрөө байрыг түрээслүүлнэ. Түрээсийн мөнгийг урьдчилан шилжүүлбэл зараа устгая. Танд түрээслэе. Аль түрүүлж урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн хүнд байраа түрээслэнэ. Та урьдчилгаа шилжүүлбэл байраа түрээслэхгүй танд хадгалж байя. Урьдчилгаа мөнгөө байршуулаад ирж түлхүүрээ ав” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг байнгын шинжтэйгээр залилан авсны улмаас 103.240.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Гэтэл хэрэгт шүүгдэгч Ш.Хыг 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, И-Март худалдааны төвийн хажууд байхдаа “намуун.Б” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягаас “Ардын эрх монгол 3 дугаар сургуулийн хажууд Аз жаргал хотхонд бүрэн тавилгатай 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар нийтэлж, уг зарын дагуу хандсан Э.Ариунбилэгээс урьдчилгаа 1.950.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлэхэд Хаан банкны 5005794354 дугаартай Г.Тамир гэх хүний дансны дугаарыг өгч, шилжүүлэн авч залилсан гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Тамир мэдүүлэхдээ: “...Ш.Хыг танихгүй, харж байгаагүй, түүнд өөрийн картаа хэрэглүүлээгүй. 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр намайг унтаж байхад миний Хаан банкны картыг найз Билгүүн, Халиун нар надад хэлэлгүйгээр аваад явсан байсан. Би өөрийн унадаг дугуйгаа фейсбүүкээр 80.000 төгрөгөөр зарсан бөгөөд тэр мөнгө орж ирснийг интернет банкаа блоклочихоод авч чадахгүй байсан учир Билгүүнд хэлээд түүний найзын ээж Пүрэвжаргалын дансаар аваад Билгүүнд 30.000 төгрөг өгсөн. Миний дансаар 1.950.000 төгрөг орж ирснийг би мэдээгүй, дансаа дахиж ашиглаагүй.” гэж мэдүүлсэн ба Г.Тамир нь мөрдөн шалгалтын явцад дээрх байдлаар мэдүүлээд А.Билгүүний утасны дугаарыг өгсөн /11 дүгээр хавтас 21/ байна. Мөн хэрэгт Г.Тулгын Хаан банкны 2021 оны 8 дугаар сарын 3-наас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дансны хуулгыг /12 дугаар хавтас 144/ хавсаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Г.Тулгын 2021 оны 7 дугаар сарын 15-наас 7  дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулгыг өгсөн ба дээрх хуулгуудад Г.Тулгын дансанд байрны түрээс нэрээр Э.Ариунбилэгээс 1.950.000 төгрөг орсноос гадна нэр бүхий иргэдээс байрны түрээс гэсэн мөнгөнүүд орж байсан нь тогтоогдож байх тул дээрх хэрэгт Билгүүн, Халиун нарыг гэрчээр байцаах шаардлагатай байна.

Хэдийгээр Ш.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрсөн боловч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д зааснаар “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй“ гэж заасан тул дээрх үйлдэл бүрэн нотлогдоогүй, өөрөөр хэлбэл Ш.Х нь хохирогчийн мөнгийг авсан эсэх асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Х нь бусдыг залилсан өөр үйлдлүүд байгаа талаараа мэдүүлж, хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч Г.Энхболд нь Ш.Хт Баянгол, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолын хуулбар болон гэрчээр мэдүүлэг авсан баримтыг гаргаж өгсөн, дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар Ш.Хыг татаагүй байгаа боловч хэрэг бүртгэлтийн хэргийг хаагаагүй байна. Түүнд бичигдсэнээр Ш.Х нь гэрчээр мэдүүлэхдээ дээрх үйлдлүүдтэйгээ ижил аргаар, дээрх цаг хугацаанд яллах дүгнэлтэнд дурьдагдсан Л.Мянганбаярын 5059579854 дугаартай Хаан банкны дансаар 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Ч.Энхцацралаас 2.800.000 төгрөг авсан талаар мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл Ш.Х нь дээрх үйлдлүүддээ аль алинд нь ял шийтгүүлээгүй байгаа тул түүний үйлдлүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх боломжтой байна.

Иймд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж, шүүгдэгч Ш.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Мажигсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ш.Х болон түүний өмгөөлөгч нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг байгаа талаар мэдүүлж, хэрэг нээсэн тогтоолын хуулбар авчирсныг шүүх хүлээн авч Ш.Хт холбогдох эрүүгийн хэрэгт дээрх хэргийг нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагаас Ш.Хт холбогдуулан “бичгийн баримтаар” хэрэг нээн шалгаж буй бүхий л хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно. ..." гэж хуульчилсан бөгөөд дээрх заалт нь зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулсан хэргийн хувьд нэгтгэн шалгах хуулийн зохицуулалт юм.

Гэвч Ш.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт түүнд холбогдуулан хэрэг нээн шалгаж байгаа гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолын хуулбар хувь гаргаж өгсөн, бусад мөрдөн шалгах байгууллагаас Ш.Хт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эсэх талаарх мэдээллийг мөрдөн шалгах, хяналт тавих байгууллагад удаа дараа явуулж хэргүүдийг нэгтгэн авсан байхад шүүхээс зөвхөн Ш.Х, түүний өмгөөлөгчийн амаар гаргасан хүсэлтийг үндэслэн түүнд холбогдох бусад хэрэг бүртгэлтийн хэргүүдийг нэгтгэн шалгахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Хаас “миний үйлдээгүй 1 хэрэгт буюу С.Ариунбилэг хохирогчтой эрүүгийн 2106024272300 дугаартай эрүүгийн хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас намайг холбогдуулж, хэрэгт нэгтгэж яллах дүгнэлт үйлдсэн” гэж амаар гомдол гаргасныг хүлээн авч яллагдагчийн үйлдээгүй гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хүлээлгэсэн эсэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгуулах, гэрчийг олж мэдүүлэг авах гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн 2106024272300 дугаартай хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалган тогтоож, бичгийн нотлох баримтуудыг хуульд зааснаар цуглуулан бэхжүүлж, хэргийг нь нэгтгэн авч гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хүргүүлсэн.

Яллагдагчаас дээрх гэмт хэргийг үйлдээгүй талаар мэдүүлж буй нөхцөл байдалд шүүхээс гэм буруугийн асуудлыг талуудын тэгш мэтгэлцээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийх боломжтой байхад гэм буруугийн үйл баримтад яллагдагчийн хүсэлтийн дагуу шууд дүгнэлт хийж гэрчүүдийг олж мэдүүлэг авах талаар заасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Х нь  “би Намуун.Б гэсэн хаягаар орж байгаагүй, би Э.Ариунбилэгээс 1.950.000 төгрөг аваагүй, энэ миний үйлдсэн хэрэг биш байна” гэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр талд гэрчээр мэдүүлэхдээ “би 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Намуун.Б гэсэн фейсбүүк хаягаас “Азжаргал хотхонд тавилгатай 2 өрөө байр түрээслэнэ” гэсэн зар тавьж өөрийн худалдан авсан 90450411 гэсэн дугаараар үл таних эмэгтэй хүнтэй ярьж улмаар явуулын хүний дансаар “хөдөөгөөс хүн мөнгө явуулах гэж байгаа юм, надад карт байдаггүй ээ” гэж гуйж байгаад 1.950.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Сансар ШТС-ын АТМ-ээс ээс гаргуулж авсан” гэж мэдүүлсэн байдаг төдийгүй тухайн “Намуун.Б” гэсэн
фейсбүүк хаягийг Ш.Х нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр
дахин ашиглаж “Жуковын автобусны буудлын ард Аррlе хотхон, хэмжээ 52 мкв 2
өрөө байр, 1 тагттай наран талдаа цонхтой, түрээсийн нөхцөл 3+1 авна, сарын
түрээс 700.000 төгрөг барьцаа 500.000 төгрөг, нэмэлт мэдээлэл: урсгал зардал
бүгд сарын түрээсэндээ багтсан, бүрэн тавилгатай асуудалгүй байр түрээслэе,
холбоо барих утас 80696333 болон чатаар холбогдоорой” гэсэн зарыг тавьж улмаар
1.300.000 төгрөгийг ХААН банкны 5624004761 дугаартай Ш.Х гэсэн
өөрийн дансаар шилжүүлэн авсан дансны хуулга, хохирогчийн мэдүүлэг зэрэг бичгийн
нотлох баримтуудаар Ш.Х тухайн Намуун.Б фейсбүүк хаягийг
хэрэглэж байсан, энэ хаягаар бусдыг залилан эд хөрөнгийн хохирол учруулсан нь
нотлогдож байхад шүүхээс яллагдагчийн мэдүүлгийг зөвхөн үндэслэл болгосон нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 13 дахь
хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны
дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. ..." гэж заасныг баримтлаагүй байна.

Хэрэв Ш.Хын дээрх үйлдэл нотлогдож тогтоогдохгүй байна гэж
шүүх үзвэл тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ нь ч байна.

Мөн яллагдагч нь өөр дүүрэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож хэрэв эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтойгоос гадна шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээний дотор оногдуулах бүрэн боломжтой юм.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны
6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШТ/134 дугаартай шүүхийн тогтоолоор хэрэг
бүртгэлийн хэргийг уг хэрэгт нэгтгэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад
буцааснаас хойш өөр дүүрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мөрдөн шалгах байгууллагуудад албан бичиг хүргүүлэхэд Ш.Хт холбогдох
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэг байхгүй байна, өмнө нь
Ш.Хт холбогдох нийт 97 хэргийг бусад аймаг, дүүргээс нэгтгэн авч
мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Энэ байдлаар Ш.Хт холбогдох хэргийн шийдвэрлэлт
удааширч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учрах, хохирогч
нарын эрх ашиг зөрчигдөхөд хүрч байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтын
хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 онд Ш.Х
нарын 7 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх боловч Баянзүрх
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдох хэргийг нэмэлт
мөрдөн байцаалтад буцааж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн зарим
оролцогч оргон улсын хилээр гарсан болох нь тогтоогдож, энэ хэргийг
нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

Иймд шүүгдэгч Ш.Хт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШТ/134 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “... Ш.Хт  холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой. Ш.Х нь цахим хэрэгсэл ашиглаж, 98 иргэнийг залилсан болох нь тогтоогдсон. Ганц үйлдлийн хувьд хоёр гэрчийн мэдүүлгийг үндэслэж хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Ш.Хын гэм бурууг нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг практикт хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүх нотлох баримт байхгүй байхад таамаглал байдлаар дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Хын өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тухайн үед Ш.Хт холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол гарсан байсан. Одоо Баянзүрх дүүргийн прокурорын газраас 3 хэрэг дээр нь яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байгаа. Энэ хэрэгт нэгтгэхээр мөрдөн шалгах ажиллагааны хугацааг нь сунгаад хүлээгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох зүйл, хэсэг байхгүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Хт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрч Г.Тамирын найз гэх Билгүүн, Халиун нараас гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг хийх, мөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт Г-5653 дугаартай гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн /14 хх 109/ байх ба уг хэрэг бүртгэлтийн хэрэгт Ш.Хын оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг нэмж хийлгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий гарчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заасныг үндэслэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт Г-5653 дугаартай гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргийн үйлдлийг нэгтгэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд хамтатган шийдвэрлэх нь шүүгдэгч Ш.Хын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.

Үүнээс гадна, прокурор яллах дүгнэлтдээ Ш.Хыг бусдад нийт 103.240.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан мэтээр бичсэн атлаа түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь ойлгомжгүй байх тул яллах дүгнэлтийн дээрх хэсгийг хуульд нийцүүлэн тодорхой ойлгомжтой, нэг мөр болгон бичих нь зүйтэй.

Дээрх байдлаар шүүгдэгч Ш.Хын холбогдсон бүхий л үйлдлүүдийг нэмж нэгтгэн, хэргийг шалгаж тогтоосны эцэст, түүний үйлдлийг Эрүүгийн хуульд заасан тохирох зүйлчлэлээр зүйлчилж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж,  прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас гадна 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШТ/134 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Мажигсүрэнгийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

           

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ