| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04228/И |
| Дугаар | 181/ШШ2024/03343 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/03343
2024 09 12 181/ШШ2024/03343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах М ББСБ ХХК /РД: /,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.А /РД: /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.А эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Иргэн регистрийн дугаартай Ч А нь өөрийн эзэмшиж байсан дугаар дээр 2019 оны 06 сарын 02-ны өдөр 140000376500 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ч.А нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. М ББСБ ХХК нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-800 тоот хаягаар шүүхэд хандсан боловч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/Ш32023/11104 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М ББСБ ХХК нь өөрсдийн боломжоор зээлдэгчийн, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 21-800 тоот гэж тогтоон тус хаягаар шүүхэд хандсан боловч Баянгол дүүргийн ииригэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/ШЗ2023/11104 дугаартай захирамжаар хариуцагч нь тус хаяг бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М ББСБ ХХК нь Ч.А зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон. Ч.А зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 499,974 төгрөг, зээлийн хүү 73,412 төгрөг үлдсэн, нэмэгдүүлсэн хүү 408,901 нийт 982,287 төгрөг байхаас 200,000 төгрөгний төлөлт хийж үлдэгдэл 782,287 төгрөг үлдсэн ба зээлдэгчийн оршин суугаа хаяг тодохойгүйээс М ББСБ ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд регистрийн дугаартай Ц овогт Ч.А эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Стомилсон 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/1973 тоот итгэмжлэл, 2019 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн Зээл, зээлийн эрх нээх гэрээний хуулбар, 2019 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн Зээл, зээлийн эрх нээх өргөдлийн маягтын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2023/11104 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2024/09979 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.А эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Ч.А зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. Ч.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2019 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Ч.А оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.А нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2024/09979 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Ч.А сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, амины орон сууц 2-7 тоотод оршин суух, Б овогт Ч А /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2. Ч.А эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Ч.А оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С /утас: /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ