| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2106000002685 |
| Дугаар | 2022/ДШМ/980 |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 13.5.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ДШМ/980
2022 10 12 2022/ДШМ/980
Ж.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор К.Чимгээ,
шүүгдэгч Ж.М-гийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/1075 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.М-д холбогдох 2106000002685 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М-,
2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаас төлөөгүй үлдсэн 400.000 төгрөгийн торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;
2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын задгайд насанд хүрээгүй гэрч Э.Э-ийг ээжийг нь зодсон талаар цагдаад хэлбэл ах, дүү нартай чинь хамт ална гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар,
мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М-г хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Насанд хүрээгүй хохирогчийг буюу бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8- д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 /таван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 3 /гурав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 /найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 204 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар М-гээс РД:// 1.426.500 /нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Э-/РД:/-т олгож, хохирогч П.Э-, Э.Э- нар нь энэ гэмт хэргийн улмаас үүдэн гарах хор, хохирол холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Ж.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.М- давж заалдах гомдолдоо: “...2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хамтран амьдрагч П.Э-ийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчоос уучлалт хүсэж, яллах дүгнэлтэд бичигдсэн бодит хохирлыг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан байтал шүүхээс 8 жил 3 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ял хүндэдсэн гэж үзэж байна.
Учир нь, Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд нийгэмшүүлэхэд оршино гэсэн байдаг. Гэтэл шүүхээс 8 жил 3 сарын хугацаанд миний бие үйлдсэн гэмт хэргээ ойлгож цээрлүүлж ялаа эдлэх юм байна. Харин нийгэмшүүлэх гэдэг нь орхигдсон юм байна гэж үзэж байна. Би 1996 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, залуу насандаа гаргасан алдаа дутагдлыг минь нэг удаа хөнгөрүүлэн харж үзнэ үү гэж хүсэж байна. Ж.М- миний аав Жигжид нь 64 настай, өндөр настай эцэг, эхийг маань бодож 8 жил 3 сарын хорих ялаас бага ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ж.М-гийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьж явуулсан төдийгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэг зөрүүтэй, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол, дуу-дүрсний бичлэгтэй зөрсөн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.
Ж.М- нь гэмт үйлдэл үйлдсэн даруйдаа гэмээ ухаарч, харамсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлэхэд л мэдүүлгээ үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа ухамсарлан ойлгож хохирогч болон түүний гэр бүлээс уучлалт хүсэж, гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө яллах дүгнэлтэд тусгагдсан хохирол төлбөрийг сайн дураар төлж, гэм буруугаа ухамсарлан ойлгоод байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэлгүй хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 1.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар М-д 8 /найм/ жилийн хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцон 560 /таван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй гэсэн. Тэгтэл тус тогтоолын тогтоох хэсгийн 3-т ...Жигжидийн М-д оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 3 сарын хорих ялын нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай гэжээ. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг хооронд нь нэмж нэгтгэхдээ шүүхээс огт оногдуулаагүй ял буюу 720 цаг /3 сар/-ийн ялыг 8 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэсэн, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгийг, мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол, дуу-дүрсний бичлэгтэй зөрсөн байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсгийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 560 цаг эсхүл 720 цаг цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял гэж бичигдсэн нь ойлгомжгүй, тодорхой бус хуульд нийцэхгүй байна. Эсхүл 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 2 сар 10 хоногийн ялыг 8 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 8 жил 2 сар 10 хоногийн ялыг эдлэх үү, 8 жил 3 сарын хорих ял эдлэх үү гэдэг нь ойлгомжгүй, тодорхой бус бичсэнийг шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа шүүгч нар уншиж, танилцуулан гарын үсэг зурж, албажиж гарснаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын гарт ирж гомдол гаргах эрх нээгддэг. Өөрөөр хэлбэл аливаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг анхан шатны шүүх өөрөө алдагдуулж байгаад давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр хүнд ял оногдуулсан гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч Ж.М- өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр 2 удаа, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлж байсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон, тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шийтгэх тогтоолын үндэслэх болон тогтоох хэсэг зөрүүтэй байгааг бичвэрийн алдаа гарсан гэж үзэж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсан бөгөөд шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон тэмдэглэл зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэсэн. Үүнийг залруулах боломжтой. Өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бичвэрийн алдааг зөвтгөн, хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ж.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ж.М- нь 2021 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсрангийн уулын задгайд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Э-тэй “ нэгж байхгүй болсон байна, хэнтэйгээ яриад байгаа юм, ...пиво уусангүй” гэж маргаан үүсгэж, хардсаны улмаас түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сандал, шанага, гурилын элдүүр зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы далд хугарал, цээжний хөндийд хий хуралт, зүүн уушгины авчилт, арьсан доорх хий хурал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархай дээд уруул, зүүн мөрөнд шарх, нүүр, их бие, мөчдөөр цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын задгайд насанд хүрээгүй Э.Э-ийг ээжийг нь зодсон талаар цагдаад хэлбэл ах, дүү нартай чинь хамт ална гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Э.Э-ий “...М- ах ээжийг өшиглөөд байсан бөгөөд яг хаашаа өшиглөөд байсан талаар мэдэхгүй байна. ...Ээжийг маань М- ах зодоод эхлэхээр нь “болиоч” гэхэд “дуугүй бай орон дээрээ гараад гэрлээ унтраа” гээд байхаар нь айгаад гэрлээ унтраасан. М- ах өөрөө том өрөөний гэрлийг унтраагаад харанхуйд зодож байгаад гэрлээ асаагаад “одоо нүүрээ угаа” гэж ээжийг загнаад байсан. ...Ээж нүүрээ угаачихаад буйдан дээр суух гэж байхад нь түлхэж унагаагаад үсдээд нүүр хэсэгт нь өшиглөсөн мөн гурилын модоор болон хогны шүүр, сандал хугартал нь зодоод байсан, ээжийн үснээс зулгаагаад нүүрээр нь шал руу цохиж байхдаа над руу том өрөөний гэрэл унтраа гээд хашгираад байхаар нь би унтраасан. ...Хэсэг хугацааны дараа ээжийг дахин нүүрийг нь угаалгаад буйдан дээр хэвтүүлээд М- ах өөрийнхөө ээж рүү залгаад “би хүн алчих шиг боллоо” гэхэд ээж нь удалгүй хүрч ирээд манай ээжийг аваад явсан. ...М- ах эгч бид хоёрыг “цагдаад хэлбэл ах, дүү нартай чинь хамт ална шүү” гэж хэлсэн. ...М- ах ээжийг зодсон явдлыг өөр хүнд хэлэх юм бол ална гэж айлгасан учир би Ц- эгчид хэлж чадаагүй. ...” /1хх 25-27, 47/,
хохирогч П.Э-ийн “...Ж.М- 4 сараас хойш миний биед халдаж цохиж, зоддог үйлдлүүд зөндөө байсан ч би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...Дэлгүүрээс хоёр том шар айраг, нэг шил архи аваад гарч иртэл наадахаа ганцаараа барь гээд намайг цохисон. Гэр лүүгээ ороод наад шар айргаа задал гэж хэлээд намайг “уу” гэсэн, “уухгүй” гэхэд хүчээр “уу” гэж байна гээд өшиглөөд уулгасан. М- намайг цохиж болох бүх зүйлээр цохисон. Хогны шүүрний иш, сандал, гурилын элдүүр зэргээр намайг цохиод л тэр зүйлс нь эвдрээд байсан. Намайг маш удаан зодсон. Зодож байгаад нүүрээ угаа гээд нүүр угаалгачихаад үсдэж унагаагаад зодоод байсан. Түшлэгтэй сандлаар толгой хэсэг рүү цохиход миний ухаан балартаж, ухаан алдаж эхэлсэн. Ухаан алдаад сэргэхэд Э-ийг урдаа зогсоогоод танай ээжийг би дахиж зодохгүй, харин чи цагдаа нарт ингэж хэлнэ шүү гээд үг заагаад зогсож байсан. ...” /1хх 30-31/,
гэрч Х.Э-ийн “...манай хүү Ж.М- өглөөний 04 цагийн үед над руу залгаад би хүн алчих шиг боллоо гэсэн. ...Дарь-Эхэд очиход эд хогшил нь эвдэрч хэмхэрсэн, гэр орон нь цус нөж болчихсон байдалтай, манай бэр Э- ухаангүй орон дээр цусандаа холилдчихсон хэвтэж байсан. Би сандраад бэрийгээ авч гараад өөрийн амьдардаг гэр болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 55 дугаар байрны 00 тоотод авчирч үс толгойг нь угаагаад түргэн тусламж дуудаад Гэмтэл Согог судлалын төв дээр очоод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. ...” /1хх 43-44/,
гэрч Л.Ц-гийн “... би Э-өөс ээж нь хаашаа явсан бэ гэж асуухад гараад явсан, хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Э- нь надтай 14 цаг хүртэл хамт байсан. Ямар нэгэн зүйл хэлээгүй, надтай юм ярихгүй байсан. Тэгээд 14 цагийн үед цагдаа нар над руу яриад П.Э- зодуулаад Гэмтлийн эмнэлэгт байна, хүүхдүүд ямар нэгэн зүйл харсан байж болзошгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э-өөс “танай гэрт юу болсон юм бэ” гэж асуухад “би мэдэхгүй байна, би унтаж байсан” гээд айсан байдалтай хэлэхээр нь би “танай ээж эмнэлэгт зодуулсан байна, эгчдээ үнэнийг хэлчих” гэсэн чинь өмөлзөж уйлаад “манайд байдаг ах ээжийг аймар зодсон” гэж ярьж эхэлсэн. Тэгэхээр нь “эгчдээ яагаад хэлээгүй юм бэ” гэхэд, “тэр ах ээжийг зодсоны дараа цагдаа нарт хэлэх юм бол ах, эгчийг чинь ална шүү” гэж хэлсэн. Тэгээд би айгаад хэлээгүй гэж хэлсэн. ...” /1хх 35-36/,
шинжээч эмч О.Болороогийн “...П.Э-ийн биед учирсан 6, 7, 9, 10 дугаар хавирга, зүүн 5, 6, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы далд хугарал, цээжний хөндийд хий хуралт, зүүн уушгины авчилт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 158-160/
Ж.М-гийн яллагдагчаар өгсөн “...Э-ийн биед хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 65-66/ гэсэн мэдүүлгүүд,
“...П.Э-ийн биед баруун 6, 7, 9, 10-р хавирга, зүүн 5, 6, 8, 9,10, 11,12-р хавирганы далд хугарал, цээжний хөндийд хий хуралт, зүүн уушгины авчилт, арьсан доорх хий хуралт, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархай, дээд уруул, зүүн мөрөнд шарх, нүүр их бие, мөчдөөр цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 561 дугаартай дүгнэлт /1хх 49-51/,
“...Шинжилгээнд ирүүлсэн элдүүр, төмөр шанага, шаргал өнгийн мод, цамц, ариун цэврийн цаасан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтолцоогоор эмэгтэй хүний цус болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаартай дүгнэлт /1хх 162-163/,
“...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр илэрсэн цуснууд ДНХ-ийн тогтоцоор эмэгтэй хүний цус болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаартай дүгнэлт /1хх 166-168/, П.Э-ийн Нийслэлийн Амгалан амаржих газарт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1хх 169-179/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, хэн, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ж.М- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ж.М-гийн хамтран амьдрагч П.Э-ийг 2 сартай, жирэмсэн болохыг мэдсээр байж зодож бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар, насанд хүрээгүй Э.Э-ийг “ээжийг нь зодсон талаар цагдаад хэлбэл ах, дүү нартай чинь хамт ална” гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 8 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ж.М-гийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа ял нэмж нэгтгэхдээ 720 цагаар тооцож, 8 жил 3 сарын хорих ял эдлүүлэхээр тогтоосон байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар буюу 560 цагаар тооцож ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос Ж.М-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэхдээ анхан шатны шүүх гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 1.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэж ойлгомжгүй байдлаар бичсэнийг, мөн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /2022/ШЦТ/ гэж дугаар бичигдээгүй /2хх 78/ байгаа зэргийг анхааруулан тэмдэглэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч Ж.М-гийн хорих ялыг хөнгөрүүлэх, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдовын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.М- шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 96 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/1075 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 /таван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 /найм/ жил 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж,
4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.М-д 8 /найм/ жил 2 /хоёр/ сар 10 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-гийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар асрын 12-ны өдрийг хүртэл нийт 96 /ерэн зургаа/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН