Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0760

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би Ц.Лут-Очирын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Лут-Очир шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Миний бие Сүхбаатар дүүргийн арван жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Цогзолмаад холбогдох миний хүү Л.Төрболдыг сургуульд бүртгэж аваагүй үйлдэл илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүний эрхийг хамгаалахыг даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэх тус шүүхэд 2019 оны 06 дугаар сард гаргасан ба энэ хугацаанд 2 шатны шүүхээр дамжин 4 сар өнгөрсөн боловч хэрэг эцэслэгдсэнгүй, цаашид үргэлжлэх байдалтай байна.

Энэ хугацаанд шинэ хичээлийн жил эхлээд 2 сар өнгөрч, тус сургуулийн анги дүүргэлт нэг ангид 58 хүүхэд болж, миний хүүгийн эрүүл тухтай орчинд чанартай боловсрол авах эрх зөрчигдөхөөр нөхцөл байдалтай болсон тул хүүгээ хувийн сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн.

Тус сургуулийн 1 дүгээр ангийн элсэлт хууль бусаар явагдаж, хамран суралцах тойрогт хамаарахгүй 111 хүүхэд элсүүлсэн, хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа, түүнд эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон асуудлыг бусад хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэхээ буцаан татах, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг үүгээр хүргүүлж байгааг хүлээн авна уу.

Нэхэмжлэхээс татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Лут-Очир нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн сургуульд бүртгэж аваагүй үйлдэл нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулахад нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа илэрхийлж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Иймд нэхэмжлэгч Ц.Лут-Очирын Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн сургуульд бүртгэж аваагүй үйлдэл нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Лут-Очирт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Лут-Очирын Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн сургуульд бүртгэж аваагүй үйлдэл нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН