Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/03336

 

 

     

 

 

 

 

 

 

2024      09        12                                          181/ШШ2024/03336

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ХасБанкны төв байранд байрлах, Х ХК /РД:/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.О /РД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.О эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Зээлдэгч У овогтой О нь Х 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1090090333 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Банк нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч У.О Хас банкан дахь 5000673263 тоот харилцах дансанд 14,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн.

Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн төлбөрт 933,333.32 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 338,656.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 276,16 төгрөг, нийт 1,272,266.18 төгрөг төлсөн.

У.О нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1-р хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1090090333 дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөө хойш зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 282 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Зээлдэгч нь зээл авах үедээ Шунхлай трейдинг ХХК-д ажиллаж байсан. Одоо ажлаасаа гарсан. Зээлдэгчийн банканд бүртгүүлсэн дугаар холбогдох боломжгүй болсон.

Зээлдэгч зээл авах үедээ иргэний үнэмлэхийн цахим хаягаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 176б тоот хаягт оршин суудаг гэсэн бүртгэлтэй, зээлийн өргөдөл дээрээ Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр байр, 235 тоот гэж тэмдэглэсэн байна.

Банк нь зээлдэгчийн өргөдөл дээрх хаягаар очиход уг хаяган дээр өөр хүмүүс амьдарч байсан, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороон дээр уулзахад тус хорооны Заса дарга зээлдэгч Зүүн нарангийн 13 дугаар гудамж, 176б тоот хаягт бүртгэлгүй гэсэн тодорхойлол гаргаж өгсөн. Иймд У.О эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хас банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаар Хасбанкийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай тушаалын хуулбар, Хас банкны хариуцсан захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1440 дугаар Ц.Ганболдыг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.Наранцэцэгийг томилсон 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 73/1279 тоот итгэмжлэл, зээлийн өргөдлийн хуулбар, зээлийн мэдээллийн хуудасны хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, иргэний үнэмлэхийн цахим лавлагааны хуулбар, Шунхлай трейдинг ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, дансны хуулганы хуулбар, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.О эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ У.О Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. У.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор У.О оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.О нь Барьцаат зээлийн гэрээний гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.О эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

 

8. Хариуцагч У.О сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 1765 тоот хаягт бүртгэлтэй, Х овогт У О /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. У.О эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. У.О оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н /утас: /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ