| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0364/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/338 |
| Огноо | 2017-12-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Нямдаваа
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Л.Цогтбаяр
Шүүгдэгч Д.Э-, Д.Э- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-, Д.Э- нарт холбогдох эрүүгийн 1738000000096 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Э-,
Монгол улсын иргэн, Д.Э-,
Шүүгдэгч Д.Э-, Д.Э- нар нь 2017 оны 10 дугар сарын 17-18- нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Цагаан хясаа гэх газраас иргэн О.Б-гийн 2 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Д.Э-, Д.Э- нар нь 2017 оны 10 дугар сарын 17-18- нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Цагаан хясаа гэх газраас иргэн О.Б-гийн 2 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...адуун дээрээ ирэхэд зулардаг хээр гэдэг нэртэй шар хээр морь, том хээр гэдэг халтар хээр зүсмийн морьд байхгүй байсан юм. Тэгээд Т- гэдэг айлд очиход хэсгийн төлөөлөгч Б- манай багийн иргэн Д.Э-, Э- нарын хамт байсан ба хэрэг болсон газар очиход миний 2 хээр морийг Цагаан хясаа гэдэг газар авачиж алаад 2 адууны толгойг нь Эгийн голын усруу шидсэн байсан юм. Уснаас хоёр толгойг гаргаж ирэхэд миний 2 хээр морь мөн байсан. Тэр хоёрыг баригдсаны дараа адууныхаа махыг буцааж хүлээж авсан би хүлээж авсан махаа Мөрөн сум руу оруулж ирээд захын ченж Э- гэдэг залууд 860.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 31-32-р тал/,
Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай хүү О.Б- Хатгал тосгоны төвөөс адуу тамгалах гэж хөдөө Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Жачив толгойд гарч ирсэн юм. Тэр өдөр хөдөө гарч ирж явах замд адуу засмал замын хажууд бүрэн байсан гэж надад ярьсан. Тэгээд өглөө адуундаа явах гэж байтал Б- гэдэг хүн утсаар яриад шөнө цагдаа ирээд адуу хулгайлагдсан байна. Танай адуу манай гэрийн хажууд байна. 20 тооны адуу байна гэж ярьсан ба манай адуу 22 тооны адуу байсан юм. Тэгээд адуундаа очиход 2 хээр зүсмийн морьж адуундаа байхгүй байсан...” гэх мэдүүлэг /ххийн 35-р тал/,
Гэрч Х.Б-н: мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Э-г гэмт хэрэгт холбогдсон талаар уржигдар Эрдэнэбулганы ахынх нь эхнэрээс сонссон. Надад хэлэхдээ Э-г Алаг-Эрдэнэ сумаас 2 адуу хулгайлж алчихаад махыг нь ачиж явж байгаад баригдсан талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,
Яллагдагч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-11-р тал/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22-23-р тал/, Мал үнэлсэн тайлан /хх-ийн 46-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Э-, Д.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.Э- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 69-р тал/-аар,
Шүүгдэгч Л.Эрдэнбат нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р тал/, шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж 36 хоногийн ял эдэлснийг дурьдах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсанаар группт байдаг тул түүний хувийн байдлыг харгалзан хорих ял хоногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э-, Д.Э- нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх Хонда фит маркийн 78-74 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бугуйл /олсон/, хөх өнгийн иштэй хутга 1 ширхэг, эвэр иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсгийн ард төмөр бөгжтэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738000000096 дугаартай хэрэгт хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.7.3.3, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Э-, Д.Э- нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай нагийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ад 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э-ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 330 хоногийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн 60 /жар/ хоногийн хорих ялыг нэмж нийт 1 /нэг/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Э-ад оногдуулсан 1 /нэг/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих бйагууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай.
6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Э-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Хонда пит маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн цагаан өнгийн бугуйл /олсон/, хөх өнгийн иштэй хутга 1 ширхэг, эвэр иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсгийн ард төмөр бөгжтэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Э-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ