Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/981

 

 

 

 

 

   2022             10            12                                      2022/ДШМ/981

                                                       

 

Б.Т-, Г.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Т.Мөнхтуяа,

шүүгдэгч Г.Т-ы өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1272 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т-, Г.Т- нарт холбогдох эрүүгийн 2131003040174 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Т-,

 

          2. Т-,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 6 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *****гүүрний орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, уутны хамт 608.1 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн өдөр цүнхэндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн *****тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 0.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-, Г.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-, Т- нарыг үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, AV3083771 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, ахуйн газ 1 ширхэг, 3 хос ажлын бээлий, алтан нутаг гэсэн гялгар уут 1 ширхэг, уутны хамт 337.5 грамм, уутны хамт 270.7 грамм, 0.8541 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус даалгаж,  Г.Т-, Б.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би урьд ял шийтгэл эдлэж байгаагүй бөгөөд хийсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, өөрийгөө жигшин, энэ хэрэг нь хүний биед болон нийгэмд учирч болох хор нөлөөг маш сайн ойлгосон. Хоригдсоноос хойш миний биеийн байдал муудаж, элэгний өөрчлөлттэй гэсэн оноштойгоор одоо хорих ангийн дэргэдэх нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Миний ар гэрийн байдал гачигдалтай, аав минь группт байдаг, энэ хугацаанд миний анхны хүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн. Миний хийсэн хэрэгтээ гэмшсэн байдал, эрүүл мэндийн байдал, анхны хэрэгт холбогдож хэргээ хүлээсэн, ар гэрийн байдал зэргийн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Б.Т-г гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.Т- нь гэмт хэрэгт анх удаагаа холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж, мөрдөн байцаалтын шатнаас хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн. Мөн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол байхгүй зэргийг харгалзан үзээгүй. Б.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэрэг үйлдсэнээс хойш 1 жил гаруй хугацаанд хэрэг шалгагдах явцад биеэ зөв авч яван дахин гэмт хэрэгт холбогдоогүй. Өөрийн хариуцсан “Тэрэлж чанар” амралтын газарт захиалгын менежерийн ажлаа хариуцлагатайгаар эрхэлж ирсэн. Ар гэрийн байдлын хувьд эхнэр Халиунаа нь жирэмсэн байгаад 9 дүгээр сарын эхэнд төрж хүүхэдтэй болсон. Эцэг, эх нь өндөр настай, тэтгэвэр, группт байдаг. Б.Т- нь өрх гэртээ ажил хийж орлого олдог ганц хүн нь. Мөн амьдралынхаа хэрэгцээнд зориулж 3 банкнаас зээл авсан байдаг ба түүнийгээ ажил хөдөлмөр эрхэлж төлж байсан. Тэрээр эрүүл мэндийн хувьд элэг нь өөрчлөлттэй, одоо 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмлүүлж байгаа. Иймд дээрх хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч анхнаасаа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох санкцтай. Үйлчлүүлэгч Г.Т- болон өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Т-ы өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийг хянаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргасан. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, уутны хамт 608.1 грамм жинтэй, хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, мөн өдөр цүнхэндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн *****тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 0.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч О.Г-ын “...Орхоны голын гүүрэн дээр албан үүргээ гүйцэтгээд явж байх үед 20 орчим насны нэг эмэгтэй, хоёр эрэгтэй жижиг хар үүргэвч үүрээд явж байхад зогсоож шалгасан...цүнхэнд нь үзлэг хийхэд хар өнгийн хоёр ширхэг хогны уутанд сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй өвс ургамал авч явж байсан. Мөн “Тайга” нэртэй архины хоосон шил, ажлын бээлий, хар өнгийн хогийн уутыг боодлоор нь цүнхлээд авч явж байсан. ...” /1хх 59/,

гэрч С.Х-ны “...Т-гийн үүрч явсан цүнхнээс хар өнгийн гялгар уутанд хийсэн өвс шиг зүйл гарч  ирсэн. ...” /1хх 226-228/,

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...өвсийг өөрөө түүсэн. ...Өвсөө түүж байхдаа тамхиныхаа дотор талыг гаргаж байгаад түүсэн өвснөөсөө тамхины дотор тал руу хийж татахад бэлэн болгосон. ...Халиунааг бие засах гээд явсан хооронд өвсөө хийж бэлдсэн тамхийг Т- бид хоёр татсан. ...” /1хх 220-221, 2хх 27-28/,

Г.Т-ы сэжигтнээр өгсөн мэдүүлэг “...Т- 20 орчим минутын дараа тамхинд ороосон өвс авч ирсэн. Энэ өвс мөн үү хальт үзье гээд бид хоёр тамхинд ороосон өвсийг нэг удаа сорсон...” /1хх 222-223/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Б.Т-, Г.Т- нарын Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт авч явсан ургамлаас болон Б.Т-гийн гэрээс хураан авсан өвснөөс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4789, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай дүгнэлт /1хх 82,113/

 

“...Б.Т-, Г.Т- нарын хэрэглэж байсан /эд мөрийн баримтаар хураасан/ ажлын бээлийнээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5574 дугаартай дүгнэлт /1хх 92/,

“...Г.Т- УК95043031 2021.12.2” гэж хаягласан шээсний дээжнээс дельта-9 Тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт /1хх 103/,

 

Б.Т-, Г.Т- нарын биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 33-36/ Б.Т-гийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 30 дугаар байрны 109 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 49-51, 208-211/, 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай шаргал өнгийн ургамал, хар өнгийн гялгар уутанд байх 2 хос ажлын бээлий, ахуйн хэрэглээний газны сав, AV3083771 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, Б.Т-гийн гэрээс хураан авсан ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1хх 55-56, 202/, Б.Т-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 212-213/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар “өвс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Т- “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” тус тус хуульчилсан байна.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэж гэм буруутайд тус тус тооцсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх санаа зорилгоор, үйлдэл оролцоогоо нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш этгээдийн үйл ажиллагааны нэгдэл юм.

Шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар нь үйлдэл оролцоогоо нэгтгэн гэмт хэргийг хамтран үйлдсэн байгаа тул “...гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон...” гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай болжээ.

Иймд шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 43 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1272 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Т-, Т- нарыг үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 дугаар асрын 12-ны өдрийг хүртэл нийт 43 /дөчин гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН