| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/05604/И |
| Дугаар | 181/ШШ2024/03474 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/03474
2024 09 24 181/ШШ2024/03474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13-р хороо, Хасбаатарын 20 байр, М ХЗХ /РД:/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 10 дугаар байр, 226 тоот хаягт оршин суух, М С /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,047,353 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г,
Хариуцагч М.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч М.С холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 27,047,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Иргэн М.С нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр орон сууц барьцаалан №07/99 тоот зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай нэг сарын 3 хувийн үндсэн хүүтэй, 2,8 урамшуулалт хүүтэй зээлж авсан. Зээлийн хугацаа дууссан боловч М.С нь 992 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу М.С нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар төлөх ёстой үндсэн төлбөр 14,500,000 төгрөг, төлөх ёстой хүү 19,401,821 төгрөг, төлөх ёстой алданги 2,326,576 төгрөг буюу нийт 36,228,397 төгрөг төлөх ёстой юм. Эдгээрээс М.С нь үндсэн төлбөрөөс 2,456,370 төгрөгийг төлж 12,043,630 төгрөг үлдсэн, хүүгийн төлбөрөөс 6,681,174 төгрөг төлж 12,720,647 төгрөг үлдсэн, алданги 43,500 төгрөг төлж 2,283,076 төгрөг тус тус үлдсэн байна.
Иймд зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ зохих ёсоор төлөөгүй байгаа тул төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох хүүгийн төлбөр 12,720,647 төгрөг, алданги 2,283,076 төгрөг, нийт 27,047,353 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Миний бие 2019 онд М ХЗХ-оос 14,500,000 төгрөг зээлсэн. 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл нийт 18,000,000 төгрөгийн хүү төлсөн. Урьд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүчин төгөлдөр бус гэрээ гэдгээр миний талд шийдвэрлэсэн. Гэвч гэрчилгээ өгөхгүй дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Ган-Одыг томилсон 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн данс, дансны тооцооны хуулбар, гишүүний анкет, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас зээлийн данс, дансны тооцооны хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.
5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр М ХЗХ-оос №03/39, №07/99 дугаартай Зээлийн данс, дансны тооцоог нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... М.С нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр орон сууц барьцаалан №07/99 тоот зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт нийт 27,047,353 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний бие 2019 онд М ХЗХ-оос 14,500,000 төгрөг зээлсэн. 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл нийт 18,000,000 төгрөгийн хүү төлсөн. Урьд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүчин төгөлдөр бус гэрээ гэдгээр миний талд шийдвэрлэсэн. Гэвч гэрчилгээ өгөхгүй дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. М Хадгаламж зээлийн хоршоо нь М.С 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр №07/99 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14,500,000 төгрөгийг, сарын 3 хувийн үндсэн хүүтэй, 2,8 хувийн урамшуулалт хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд М.С, Ц.Б нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
6. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч зээлийн болон барьцааны үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх, хариуцагчаас зээлийн гэрээний дагуу хэдэн төгрөг буцаан төлсөн эсэх талаар маргаж байна.
7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
8. Нэхэмжлэгч Өнөр баян хишиг хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ТЗ401/112 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ-г олгосны үндсэн дээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ гэсэн зохицуулалтад нийцсэн байна.
9. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгож болох бөгөөд тухайн хоршооны гишүүн байх нөхцөл, гишүүнээр элсэх журмыг хуулиар тусгайлан зохицуулсан. Тухайлбал, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг/, нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг хүмүүс хадгаламж зээлийн хоршоог байгуулж гишүүн байх боломжтойг заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно гэж заасан.
10. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.С нь Өнөр баян хишиг хадгаламж зээлийн хоршооны гишүүн мөн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М.С нь тус хоршооны гишүүн мөн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.
11. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Гишүүнээр элсэхийг хүссэн этгээд энэ тухай өргөдлөө тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргана, 21.3-т Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж зааснаар М.С гаргасан гишүүнээр элсэх өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гишүүнээр элсүүлэх талаар шийдвэр гаргадаггүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
12. Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Гишүүний анкет болон гишүүнээр элсэх өргөдлийг үндэслэн М.С тус хадгаламж зээлийн хоршооны гишүүн гэж үзэх боломжгүй бөгөөд гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоохоор зохицуулсан ч нэхэмжлэгчээс тус дүрмийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй.
13. Хадгаламж, зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглох ба зээл олгох зорилгоор хэлбэрийн хувьд иргэнийг гишүүнээр бүртгэж, зээл олгох үйл ажиллагаа явуулах нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
14. Иймд нэхэмжлэгч М хадгаламж зээлийн хоршоо нь өөрийн гишүүн бус этгээдтэй буюу хариуцагч М.С байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл-д хамаарах тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 27,047,353 төгрөгийг шаардах эрхгүй.
15. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
16. Зохигчоос гаргаж өгсөн Зээлийн данс, дансны тооцоо, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтын хүрээнд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг тооцвол хариуцагчаас 2019.08.31-ний өдөр 419,533 ₮, 2019.09.30-ны өдөр 396,228 ₮, 2019.10.31-ний өдөр 419,533 ₮, 2019.12.02-ны өдөр 406,000 ₮, 2019.12.30-ны өдөр 445,000 /2019 онд нийт 2,086,294 ₮/, 2020.02.04-ний өдөр 300,000 ₮, 2020.02.10-ны өдөр 450,000 ₮, 2020.03.09-ний өдөр 406,500 ₮, 2020.06.26-ны өдөр 1,000,000 ₮, 2020.06.30-ны өдөр 571,000 ₮, 2020.08.03-ны өдөр 450,000 ₮, 2020.08.07-ны өдөр 50,000 ₮, 2020.08.26-ны өдөр 52,070 ₮, 2020.08.28-ны өдөр 2,000,000 ₮, 2020.08.30-ны өдөр 989,000 ₮, 2020.09.03-ны өдөр 109,000₮, 2020.09.03-ны өдөр 299,400₮, 2020.10.01-349,000₮, 2020.10.29-ний өдөр 1,500₮, 2020.11.01-ний өдөр 350,000₮, 2020.11.12-ны өдөр 468,000₮ /2020 онд нийт 7,845,470₮/, 2021.03.04-ний өдөр 500,000₮, 2021.07.10-ны өдөр 1,520,000₮, 2021.09.09-ний өдөр 358,000₮, 2021.10.10-ны өдөр 345,000₮, 2021.11.10-ны өдөр 353,100₮ /2021 онд нийт 3,076,100₮/, 2022.01.10-ны өдөр 350,000₮, 2022.03.10-ны өдөр 350,000₮, 2022.04.09-ний өдөр 350,000₮, 2022.05.09-ний өдөр 350,000₮, 2022.06.09-ний өдөр 333,000₮, 2022.07.09-ний өдөр 330,000₮, 2022.08.09-ний өдөр 330,000₮, 2022.09.09-ний өдөр 330,000₮ /2022 онд нийт 2,720,000₮/, бүгд нийт 15,727,864 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгчид буцаан өгөх өр, төлбөргүй байна.
17. Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан хэлцэл ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл мөн хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй.
18. Иймд нэхэмжлэгч М хадгаламж зээлийн хоршооноос хариуцагч М.С холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27,047,353 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.С 27,047,353 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч М хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ