Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/982

 

 

 

 

 

   2022             10            12                                      2022/ДШМ/982

                                                       

 

С.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/695 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтмагнайн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцлээр С.Т-т холбогдох эрүүгийн 2109000000899 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т-,

                2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

            С.Т- нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *****О.Б-т ном, биет 100.000 төгрөг, нэг шил виски өгч шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар прокуророос шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000899 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Сүхбаатарын Т-ийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Варлам Шаламон Кольм өгүүллэгийг хэрэгт хавсарган үлдээж, King Roberts вискиг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан АК9743516, Аl1068853, АL2710288, АL6807869, АК5640120 серийн дугаартай хорьтын мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монгол банкинд шилжүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Цогтмагнай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд ... С.Т-ийг ...шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, ...зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол...” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон ба өөрөөр хэлбэл зориуд шинжээчээр худал дүгнэлт гаргуулахын тулд гэм буруутай этгээд шинжээчид ямар нэгэн идэвхтэй үйлдлээр түүнд хууль бусаар нөлөөлсөн байхыг ойлгох юм. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Т-ийн зүгээс зориуд шинжээчээр худал дүгнэлт гаргуулахаар, өөрөөр хэлбэл *****О.Б-оор яг ямар худал дүгнэлт гаргуулахаар хууль бусаар нөлөөснийг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүйгээс гадна энэ талаар прокурорын яллах дүгнэлтэд огт дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамаар***** бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч,... ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ. Мөн Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол хууль ёсны зарчмаар хориглодог болно. Дээрх хууль зүйн үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шинжээчээр худал дүгнэлт гаргуулахаар хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул С.Т-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамаар***** бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр С.Т-ийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 Үүнд: хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд хавтас хэргийн 2-6 дугаар хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд хавтас хэргийн 7-16 дугаар хуудас, гэрч Г.*****н “...О.Б-оо эмч үзүүлэгч хоёр “Гэмтлийн зэрэг гарах юм бол цаад хүн нь шүүх рүү явна” гээд ярьж байсан. Удалгүй үзлэг дуусч тухайн үзүүлэгч “Миний гаргаж байгаа номын дээж шүү” гээд О.Б-оо эмчийн ширээн дээр тавиад “Ганцхан танд өгч байгаа юм шүү” гээд гараад явсан. Ширээн дээр байсан номын доод талын уут нь задарсан байсан учраас би тэрийг хараад ширээн доор тавьсан. Тэгтэл О.Б-оо эмч аваад “Энийг даргад оруулаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд би тухайн номыг аваад дарга А.Амгаланбаатарт оруулж өгөөд номыг харсан чинь дотор нь 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан. /дэлгэж хараагүй завсраар нь харагдаж байсан/. Тухайн хүн “Хүнд зодуулчихсан” гээд үзүүлж байсан. ...” гэсэн мэдүүлэг хавтас хэргийн 22 дугаар хуудас, гэрч А.*****ын “...Би өөрөө номын дунд хэсгийг хартал хуудсан дунд мөнгөн дэвсгэрт харагдаж байсан... Тухайн ном гадуураа гялгар уутаар бүрхсэн номын доод хэсэг задарсан номын гол хэсгээр 20.000 төгрөгүүд харагдаж байсан. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Дэлгэж үзээгүй...” гэсэн мэдүүлэг хавтас хэргийн 24 дүгээр хуудас, гэрч О.Б-оогийн “...Тэгээд цагдаа нар ирсэн ба энэ үед номын завсар мөнгө байсныг мэдсэн. Надад ном өгсөн хүнийг танихгүй. Өнөөдөр над дээр ирж гэмтлийн зэрэг тогтоолгохоор ирж үзүүлсэн хүн.” гэсэн мэдүүлэг хавтас хэргийн 26-27 дугаар хуудас, гэрч Б.Г-ын “...жижүүрийн текний араар ороод зогсчихсон байхаар нь би “Та яах гээд байгаа юм. Наад газар луу чинь гадны хүн ордоггүй юм” гэж хэлэхэд улам цаашаагаа ортой амралтын өрөө рүү ороод орон дээр нэг ууттай хар юм тавиад “Орой үүнийг эмчдээ өгөөрэй” гэж хэлээд тавихад нь би “Та эндээс гараа” гэж хэлэхэд тухайн хүн камер, амралтын өрөөнөөс гарч явах үедээ “Ахдаа туслаарай. Чи миний шавь юм байна” гэж хэлээд гараад явсан. Тухайн үед орон дээр тавьсан хар ууттай зүйлийг эмчид өгөх юм байна гэж бодоод хүмүүсийн дараалал их байсан учир буцаад ажил руугаа орсон... Анх орж ирэхдээ багшилж байсан гэхлээр нь цагдаад ажиллаж байсан, тэтгэвэртээ гарсан өвгөн бусдад зодуулчихаад явж байгаа юм байлгүй гэж бодсон.” гэсэн мэдүүлэг хавтас  хэргийн 31 дүгээр хуудас, яллагдагч С.Т-ийн “2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор очиж О.Б-оо гэдэг эмчид үзүүлсэн. Тэр үед О.Б-оо намайг “Толгой, цээжний томографын зураг авхуул” гэж хэлсэн. Тэгээд би зураг авхуулах гээд эмчийн өрөөнөөс гарсан. Би эмчийн өрөөнөөс гарахдаа эмчид танилцуулсан номоос ширээн дээр нь тавьчихсан байсан... над руу “Шүүх эмнэлгийн дэд дарга байна” гээд нэг хүн залгаад “Та номоо мартчихсан байна. Номоо ирж ав гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг хавтас хэргийн 62 дугаар хуудас, *****газраар орсон, гарсан иргэдийн бүртгэлийн дэвтрээс хуулбарлан авсан баримт хавтас хэргийн 35 дугаар хуудас, мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа С.Цэнгэлийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар /хавтас хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна. С.Т- нь “*****О.Б-т дээрх зүйлсийг өгөөгүй, мөнгө, архины талаар мэдэхгүй” гэж мэдүүлдэг ч энэ нь гэрч Г.*****, А.*****, О.Б-оо, Б.*****а нарын мэдүүлгээр няцаагддаг. Дээрх баримтад тулгуурлан прокуророос шүүгдэгч С.Т-ийг шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад “шүүгдэгч С.Т- нь шинжээч эмчээр ямар худал дүгнэлт гаргуулахаар нөлөөлснийг тогтоогоогүй” гэж дүгнэн цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсан баримтуудаар шүүгдэгч С.Т- нь өөрийн биед гэмтэл учирсан эсэхийг шинжилгээний байгууллагаар тогтоолгохоор очиж байгаа гэдгээ бүрэн ухамсарлаж байсан, шинжээч эмчид үзүүлсэн атлаа мөнгө, эд зүйл шинжээчийн ширээн дээр болон жижүүрт зориуд үлдээн гарсан үйл хөдлөлөөрөө худал дүгнэлт гаргуулахаар шан харамж өгч, нөлөөлсөн гэж үзэх хангалттай үндэслэл болно. Түүнчлэн шан харамж өгсөн үйлдлийн улмаас шинжээч эмчийн сэтгэл зүйд “үзүүлэгч нь нөлөөлөхийг оролдож байна” гэсэн мэдээлэл бий болсны улмаас даруй өөрийн удирдах албан тушаалтанд мэдэгдэж, улмаар цагдаагийн байгууллагад хандсан нь тухайн гэмт хэргийн объектив талыг тодорхой илтгэж байна. Цагаатгагдсан этгээд буруутай этгээдээс хохирол, төлбөр нэхэмжлэх магадл***** учир давж заалдах шатны шүүхээр хэргийг бүхэлд нь хянуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос С.Т-ийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *****О.Б-т ном, биет 100.000 төгрөг, нэг шил виски өгч шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчид хууль бусаар нөлөөлсөн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн С.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж нь шийдвэрлэснийг хэлбэрийн хувьд буруутгах үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах ёстой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх С.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрээ “цагаатгах тогтоол” хэлбэртэйгээр гаргасан нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүхээс хийсэн цагаатгах тогтоолын үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс  өөрчилж шийдвэрлэлээ.

 

Хууль тогтоогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт төрөлжүүлэн хуульчилсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу criminal procedure нь гэмт хэргийг мөрдөх, хянан шийдвэрлэхэд чиглэгдсэн эрх зүйн үйл явц гэсэн ойлголт бөгөөд энэ нь гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, хянан шийдвэрлэхэд чиглэгдсэн хууль зүйн үр дагавар бүхий эрх зүйн харилцаа юм.

 

Тодруулбал Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байж болзошгүй үйлдэл, фактад эрх бүхий байгууллагаас хэрэг үүсгэж, эрүүгийн хэргийн дугаар авч, тодорхой чиглэсэн ажиллагаа явагдаж байгаа асуудал.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг хэлнэ гэж хуульчилжээ.

 

Хуулийн энэхүү тодорхойлолтоор дурдсан ажиллагаа нь шүүхийн өмнөх шат болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхээс эхлүүлээд хэргийг хяналтын журмаар хянах шийдвэрлэх хүртэлх үе шат бүхий цогц ажиллагааг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн...” гэж тухайн гэмт хэргийн шинжийг заасан бөгөөд  энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.Т- нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон Номын баярын худалдаан дээр хэв журам сахиулж байсан цагдаа нартай маргалдан, цагдаагийн албан хаагч нар түүний үйлдлийг таслан зогсоохдоо биед нь гэмтэл учруулсан гэж үзэн, тэрээр 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр **********О.Б-т үзүүлэхдээ нэг шил виски мөн ном өгөхдөө номын засвар 100.000 төгрөг хийж өгсөн хэмээн буруутгажээ.

 

Үүнээс үзэхэд түүний шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчид хууль бусаар нөлөөлж шан харамж өгсөн гэх үйлдэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг буюу тухайн ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор хууль бусаар нөлөөлсөн гэх шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, дугаар авч, тодорхой ажиллагаа явагдаж эхлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй буюу энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтмагнайгийн “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж ажиллаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/695 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтмагнайн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН