Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 221/2023/0080/З |
Дугаар | 221/ШШ2024/0005 |
Огноо | 2024-02-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 221/ШШ2024/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа
шүүгч Н.Хонинхүү
Нэхэмжлэгч Э.Эгшиглэн
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн "Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 346 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтын “…хамран сургах тойргийн дагуу…” гэснийг хүчингүй болгуулах”,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхболд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нямжаргал, Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзанжаргал, иргэдийн төлөөлөгч Э.Мөнхбат, А.Алтантуяа нар оролцов.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 221/2023/0080/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“...Миний бие Э.Эгшиглэн нь 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо төрсөн, одоо 17 нас 6 сартай. 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Олонлог Төв сургуульд элсэн орж, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус сургуулийг төгсөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
Э.Эгшиглэн би 1-12 дугаар анги төгстлөө 12 жил дараалан онц буюу А үнэлгээтэй суралцсан ба элсэлтийн ерөнхий шалгалтаа математик-800, англи хэл-800, физик-725 гэсэн хэмжээс оноотойгоор амжилттай шалгуулан Чингэлтэй дүүргийн хэмжээндээ ЭЕШ-ын 2 хичээлээр 800 хэмжээст оноо авсан 5 хүүхдийн нэгээр шалгаран Чингэлтэй дүүргийн Засаг даргаас батламж авсан болно.
Би өөрийн сурлагын амжилтаар дэлхийн тэргүүлэх чиглэлийн их дээд сургуульд программ хангамжийн мэргэжлээр элсэн орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцаж болно хэмээн итгэж найдаж ирсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмын зарим заалт нь хүний үндсэн эрх, тэр тусмаа сурч боловсрох эрхийг хязгаарласан, иргэдээ ялгаварлан гадуурхсан, тэгш бус боломжийг бий болгож байгаа нь миний цаашдын суралцах боломж, хүсэл мөрөөдлийг минь таслан зогсооход хүргэж байх тул дээрх журмын өөрт холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн "Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 346 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт "сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум хороондоо төгссөн байх" гэсэн шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтын гол үзүүлэлтүүдийн нэг болгожээ. Журмын энэхүү заалт нь дараахь үндэслэлүүдээр хууль бус, зорилгодоо болон хуульд нийцээгүй гэж үзэж байна.
1.1.Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасан шаардлагыг хангаагүй талаар:
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж заасан байдаг. Гэтэл журмын дээрх заалт нь намайг нийгмийн байдал, боловсролоор минь ялгаварлан гадуурхаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжгүйд хүргэж байна. Тодруулбал "хамран сургах тойргийн дагуу харъяалагдах сум хороондоо төгссөн байх" гэсэн шаардлага нь суралцагчдыг төрийн болон хувийн сургуульд суралцсанаар нь ялгаварлан гадуурхагдаж, тэтгэлэгт хамрагдах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын "хамран сургах тойрог"-ийг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга жил бүр батлан гаргадаг байна.
Энэ нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах суралцагсдыг хууль болон Засгийн газрын баталсан журмаар биш, харин хуулиар эрх олгогдоогүй захиргааны байгууллага, албан тушаалтан буюу аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга жил бүр өөрчлөн тогтоох боломжтой байгаа нь суралцагсад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах эсэх нь тэтгэлгийн шаардлагыг хангасан эсэхээс үл шалтгаалан аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаас шууд хамааралтайгаар шийдэгдэхэд хүрч байна. Жил бүр аймаг, Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар баталдаг ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийн жагсаалтыг тогтоож өгөх нь иргэдэд тухайн орон нутаг, засаг захиргааны нэгж дэх ерөнхий боловсролын төрийн сургуулиудын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой болохоос иргэн бүр заавал төрийн сургуульд хамрагдах үүрэггүй бөгөөд шилдэг, чанартай боловсролыг эзэмшихийн тулд сургуулиа чөлөөтэй сонгон суралцах эрхтэй болно. Уг жагсаалтад хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль багтдаггүй байна.
Миний төгссөн ерөнхий боловсролын "Олонлог төв" сургууль нь хэдийгээр миний оршин суудаг Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг боловч хувийн сургууль учраас "хамран сургах тойрог"-т нь хамаарахгүй байгаа юм. Энэ байдал нь Монгол Улсын иргэнийг төгссөн сургууль буюу боловсролоор нь, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж байна. Хүний сурч боловсрох эрх бол Монгол Улсын иргэн бүрийн Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх төдийгүй хүний төрөлхийн, салшгүй эрхэд тооцогддог. Иймд хамран сургах тойргийн харъяаллын дагуу сум, хороондоо төгссөн байх гэсэн тэтгэлгийн шалгуур үзүүлэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт зөвхөн төрийн сургуульд суралцсан суралцагсад л хамрагдах боломжтой байгаа нь шударга бус юм.
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.9-т "сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох" гэж заасан байна. Уг хэм хэмжээний акт нь Боловсролын тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн гарсан хэдий ч иргэн хүн /суралцагч/ хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль төгссөн бол ямар нэгэн амжилт гаргасан эсэхээс үл хамааран тэтгэлэгт хамрагдах боломжгүй байхаар журмаар тогтоосон нь хуульд нийцээгүй буюу иргэддээ тэгш боломжоор хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна.
Миний хувьд дээр дурдсанчлан 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 2 хичээл дээр 800 оноо, 1 хичээл дээр 725 оноо тус тус авсныг сурлагын өндөр амжилт үзүүлсэн хэмээн үнэлж, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас батламж олгосон боловч хамран сургах тойргийн дагуу улсын сургуульд сураагүй тул Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдаж чадахгүй болоод байгаа юм. Гэтэл "Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-ын хавсралтад "Монгол Улсын оршин тогтнох, хөгжин дэвших эх сурвалж бол Монгол хүний тасралтгүй хөгжиж байх, оюун ухааны чадавхи, боловсрол мөн. Боловсрол нь Монгол Улсын иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, материаллаг болон оюуны баялгийг бүтээх чухал эх сурвалж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа мөн. Үүнийг үндэслэн боловсролыг төрөөс нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ" гэж тодорхойлсон байна.
1.2. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасан шаардлагыг хангаагүй талаар:
Журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т "Монгол хүн бүрийг шилдэг, чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэхэд энэ тэтгэлгийн ач холбогдол оршино", 1.3-т "Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, орон зай, байршлаас үл хамааран иргэн бүрт тэгш боломжийг олгоно" гэж тус тус заажээ.
Гэтэл журмын 3 дугаар зүйлийн 3.2.1-т "сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум хороондоо төгссөн байх" гэж заасан нь журмын 1.2, 1.3 дахь хэсгийн заалтуудтайгаа зөрчилдсөн, захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагыг хангаагүй зохицуулалт болсон гэж үзэж байна. Тухайлбал 3.2.1-т иргэдийн амьдран суух газар болон төгссөн сургуулийн нутаг дэвсгэрээр хязгаар тогтоосон заалт нь журмын 1.2 дахь хэсэгт заасан "Монгол хүн бүрийг шилдэг, чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, …”, 1.3 дахь хэсэгт ".... орон зай, байршлаас үл хамааран иргэн бүрт тэгш боломжийг олгоно" гэж тус тус заасантай зөрчилдөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард иргэдээсээ сонгогддог, төрийн тэргүүн, Монгол Улсын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг бол иргэдээ ялгаварлан гадуурхахгүй, Монгол хүн бүрийг шилдэг, чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангасан, ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, орон зай, байршлаас үл хамааран иргэн бүрт тэгш боломжийг олгосон байх шаардлагыг хангасан байх учиртай гэж бодож байна. Гэтэл уг журмын 3.2.1 дэх заалт нь журмынхаа зорилго, зорилттойгоо зөрчилдсөн байна.
1.3. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан эсэх талаар:
Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.4-т "хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан.... эсэх" талаар нөлөөллийн шинжилгээ хийхийг 61.4 дэх хэсэгт заажээ. Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх ажиллагаанд энэ журмыг зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна" гэж заасныг зөрчиж цахим хуудсанд байрлуулах, санал авах ажиллагаа хийгдээгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн "Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 346 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй, захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй хууль бус хэм хэмжээ байх тул хүчингүй болгож, иргэн Э.Эгшиглэн миний сурч боловсрох эрх болон төрөөс суралцагчдад нийгмийн баталгааг хангах харилцаанд тэгш боломжоор хангагдан хамрагдах, шилдэг, чанартай боловсрол эзэмших боломж, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах эрхийг минь сэргээж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзанжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Нэхэмжлэгчийн маргаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь 2008 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газраас баталсан журмын дагуу явагдаж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг журамд заасан тодорхой шалгуурыг хангасан суралцагчид олгож ирсэн бөгөөд 2008-2021 оныг хүртэл их, дээд сургуульд суралцаж буй оюутанд олгохоор зохицуулж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 275 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ыг баталсан. Тус журмын 3.2-т "Монгол Улсын сум, нийслэлийн хороо бүрээс дараах шалгуур хангасан нэг иргэнийг сонгон шалгаруулж дотоодын төрийн өмчийн их, дээд сургууль болон өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль эсхүл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хөтөлбөрт багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авахад бэлтгэх бэлтгэл хөтөлбөрт элсүүлнэ”, 3.2.1-т “сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргын дагуу харьяалах сум, хороондоо суралцан төгссөн" гэж заасан байсан.
Энэхүү зохицуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" 23 дугаар зарлигийн дагуу журамд тусгасан. Дээрх журмыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар шинэчлэн баталсан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй зохицуулалт нь өмнө байсан хүрээнд буюу “сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцан төгссөн байх" гэсэн шалгуур нь хэвээр батлагдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн зорилго нь Монгол хүн бүрийг шилдэг, чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэх юм.
Энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлгийн журмын дагуу тухайн жилийн "гадаад хэл-математик", "гадаад хэл-физик", "гадаад хэл-хими", "гадаад хэл-биологи" хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан нэг хүүхдийг 330 сум, 171 хорооноос шалгаруулж, тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэн, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэхийн тулд тус сонгон шалгаруулалтыг явуулдаг.
Ийнхүү Монгол Улсын сум, хороо тус бүрээс нэг иргэнийг сонгон шалгаруулахаар ерөнхий шалгуурыг тавьсан бөгөөд гадаадын их, дээд сургуульд өөрийн төлбөрөөр суралцах боломжгүй, сурлагын амжилт гаргаж буй ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж буй суралцагчийг дэмжих зорилгоор тус тэтгэлгийг олгохоор журамласан.
Ийнхүү журамласныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, сурч боловсрох эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдлыг бий болгосон гэж шууд үзэх боломжгүй байна.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь бэлтгэл хөтөлбөр болон тэтгэлэгт хөтөлбөр гэсэн хоёр үе шаттай байна. Журмын 3.2.1-т заасан шаардлага нь бэлтгэл хөтөлбөрт хамрагдах иргэнд тавигдах нэг л шалгуур бөгөөд тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын "гадаад хэл-математик", "гадаад хэл-физик", "гадаад хэл-хими", "гадаад хэл-биологи" гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авсан байх, дээрх хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноо авч сум, хороондоо тэргүүлсэн байх гэсэн шалгуурыг зэрэг хангасан байж бэлтгэл хөтөлбөрт хамрагдах сум эсвэл хорооны нэг иргэн болох юм.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг суралцагчийн өргөдлийн дагуу явуулдаггүй бөгөөд Боловсролын үнэлгээний төв журмын 3.2-т заасан шаардлага хангаж байгаа иргэдийн жагсаалтыг Монгол Улсын сум, хороо тус бүрээр гарган, аймаг, нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран хянаж баталгаажуулан Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлж, үүнийг үндэслэн тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, сум, хорооны албан ёсны цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зарладаг.
Ийнхүү бэлтгэл хөтөлбөрийн тэтгэлэгт тэнцсэн иргэд нь хуваарилалтын дагуу бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж, журамд заасны дагуу бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгсөж, их, дээд сургуулийн урилга хүлээн авсан тохиолдолд тэтгэлэг олгох эсэх асуудлыг Ажлын хэсэг шийдвэрлэхээр зохицуулсан.
Дээрх зохицуулалтаар нэхэмжлэгчийн маргаж буй журмын 3.2.1 дэх заалтыг хүчингүй болгосноор гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг шууд олгогдохгүй бөгөөд энэ нь зөвхөн бэлтгэл хөтөлбөрийн тэтгэлэгт тэнцэх иргэдэд тавьсан шалгуур юм.
Харин нэхэмжлэгч нь журмын 3.10-т заасан шалгуурыг хангаж байгаа тохиолдолд журмын 2.1.1-т заасан тэтгэлэгт хамрагдах эрх нь нээлттэй бөгөөд өөр бусад тэтгэлэг болон Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцах, мөн Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд заасны дагуу тэтгэлэгт хамрагдан суралцах ч боломжтой юм. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолыг батлахдаа дээр дурдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" 23 дугаар зарлигт Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон шалгуур нөхцөлийг тусган Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын 2021 оны 351 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-д заасны дагуу яамдаас санал авч нэгтгэн, төсөлд тусгаж, Засгийн газар хэлэлцэн баталсан.
Ийнхүү Засгийн газар хуульд заасан дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад олгох тэтгэлэг, дэмжлэгийн хэлбэрийг журамлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 60.1.4-т "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх;” шаардлагын дагуу эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн заалтыг тус захиргааны хэм хэмжээний актад заасан нь тус хуулийн захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагад нийцсэн болно.
Иймд дээрх үндэслэлээр журмын 3.2.1 дэх заалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд журмын 3.2.1 нь бэлтгэл хөтөлбөрт хамрагдах иргэнд тавигдах шаардлага тул тус заалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид тэтгэлгээр гадаад улсад суралцах санхүүжилт авах эрх шууд үүсэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгч Э.Мөнхбат шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Суурь боловсролоо эзэмшиж их дээд сургуульд орж байгаа хүүхдүүдэд улсын, хувийн хэвшлийн ялгахгүй суурь оноог нь харгалзан ижил тэгш эрхтэй болгох нь зөв гэж бодож байна” гэв.
4.Иргэдийн төлөөлөгч А.Алтантуяа шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчтэй санал нэг байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн "Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 346 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2.1-ийн “сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харъяалах хороондоо суралцан төгссөн байх” гэсэн заалтыг хүчингүй болгуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг заалтын “…хамран сургах тойргийн дагуу…” гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар тодруулсан тул энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгийн сонгон шалгаруулалт нь бэлтгэл хөтөлбөрт болон тэтгэлэгт хөтөлбөрт тус тус сонгон шалгаруулах гэсэн 2 үе шаттай байх бөгөөд харин нэхэмжлэгчийн маргаж буй 3.2.1 нь бэлтгэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдагсдад хамааралтай 3 шалгуурын нэг.
Тухайлбал “сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харъяалах хороондоо суралцан төгссөн байх” гэсэн шаардлага нь зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд л хамааралтай, өөрөөр хэлбэл хувийн сургууль төгсөгчид энэ журамд заасан бэлтгэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй байна.
2.Гэвч төгссөн сургуулиас нь хамаарч ийнхүү ялгамжтай журамласнаар нэхэмжлэлийн үндэслэл болох Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөв дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж заасныг зөрчсөн эсэх, өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхэд тус шүүх дүгнэлт өгөх эрхгүй.
Харин ийнхүү журамласнаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэж үзэхэд тогтоолын маргаан бүхий зохицуулалтын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь энэхүү тогтоол хэм хэмжээний акт болохын хувьд дан ганц нэхэмжлэгчид чиглээгүй, нийтлэг зохицуулалт агуулсан, түүнчлэн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн эхний буюу бэлтгэл хөтөлбөрт хамрагдагсдийг зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид байхаар журамласан нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.9-т “сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох”, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална” гэсэн Засгийн газрын хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 23 дугаар зарлигт нийцжээ.
Уг зарлигт Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх…” гэсэн.
Өөрөөр хэлбэл “тэгш боломж”-ийг зөвхөн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдагсдад хамран сургах тойргийн буюу төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч байхаар, сургалтын амжилт гаргасан ч цаашид өөрсдийн зардлаар суралцах боломжгүй, тодруулбал нийгмийн зорилтот бүлэгт илүүтэй чиглэх зорилгоор журамласны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
3.Засгийн газрын тогтоолоор зөвхөн Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг батлаагүй, тухайлбал 2 дугаар хавсралтаар Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг, 3 дугаар хавсралтаар Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг тус тус баталсан байна.
Иймд нэхэмжлэгч Э.Эгшиглэнгийн тухайд заавал Ерөнхийлөгчийн нэхэмжит тэтгэлэгт бус Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт, эсхүл Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын дагуу төрөөс олгох санхүүгийн дэмжлэгт тус тус хамрагдах боломжтой.
4.МУИС-ийн 1 дүгээр дамжааны оюутны хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн 2.1.1-т “дотоодын сургалтын байгууллагын 2 ба 3 дугаар дамжааны өдрийн ангид суралцдаг байх”, 2.1.2-т “баклаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх” шаардлагыг тус тус хангасан тохиолдолд 4.1.1-т заасан тэтгэлгийг, гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй байх тохиолдолд Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.1.17-д “дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн баклаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагч” гэж заасны дагуу төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг буюу сургалтын төлбөрийн зээлд уг журмын 4.1-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн гадаадад суралцах зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалтад орох эрхтэй.
Тухайлбал энэ нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гадна Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/5417 дугаар албан бичигт “...Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын сум, хороо тус бүрээс нэг иргэнийг сонгон шалгаруулахаар ерөнхий шалгуурыг тавьсан бөгөөд гадаадын их, дээд сургуульд өөрийн төлбөрөөр суралцах боломжгүй, сурлагын амжилт гаргаж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж буй суралцагчийг дэмжих зорилготой. ...Э.Эгшиглэн нь дээрх тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1.1-т заасан шалгуурыг хангаж байгаа тохиолдолд боловсролын зээлийн хөтөлбөрт хамрагдан суралцах боломж нээлттэй юм. Өөрөөр хэлбэл төрийн болон төрийн өмчийн бус ердийн болон олон улсын хөтөлбөрийн сургалттай аль ч сургалтын байгууллагын суралцагчдад хамаарах зохицуулалт нь тусгай журмын хүрээнд явагдаж ирсэн болно” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.
5.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Алтантуяа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн боловч үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, харин иргэдийн төлөөлөгч Э.Мөнхбатын хувьд улсын, хувийн гэж ялгахгүйгээр суурь оноог нь харгалзан ижил тэгш эрхтэй болгох нь зөв гэсэн нь дээрх байдлаар үгүйсгэгдэх тул энэ талаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.9, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Э.Эгшиглэнгийн “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2.1-ийн “…хамран сургах тойргийн дагуу…” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ