Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/03775

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 09 181/ШШ2024/03775

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 61 дүгээр байр, 145 тоот хаягт оршин суух, Шангар овогт Я О /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Усны гудамж-1, Ү ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би тус банканд мөнгөө хадгалж байгаад авах хугацаа дууссан тул авах гэхэд 1 жилээр сунгачих 2 хувийн эрхийн бичиг өгнө гэж хэлсэн. Тус банкны хүсэлтийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1 жилийн хугацаатай 50,000,000 төгрөгийг 12 хувийн хүүтэй, эрхийн бичгээр 2 хувь нэмж нийт 14 хувийн хүүтэй хадгалсан. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хугацаа дууссан тул мөнгөө авахад 12 хувийн хүү олгоод эрхийн бичгийн 2 хувийн хүүг олгоогүй.

Иймд эрхийн бичгийн дагуу 900,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 26,150 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Иргэн Я О нэхэмжлэлтэй, Ү ХХК-д холбогдох Эрхийн бичгийн дагуу 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцан, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Харилцагч Я.О нь банктай 2020 оны 09 сарын 22-ны өдөр Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд 12 хувийн хүүтэй хадгалуулсан ба Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасны дагуу хадгаламжийн хугацаа дуусгавар болсноор хадгалуулсан мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт буцаан олгосон болно.

Тус банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 04 сарын 09-ны өдрийн А/28 дугаар Урамшуулалт аян зарлах тухай тушаалын дагуу 20,000,000 төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний валютаас дээш дүнтэй хадгаламж эзэмшигчид хугацаат хадгаламжийн хугацааг 3 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгасан тохиолдолд эрхийн бичгийн дагуу урамшуулал олгохоор заасан. Харилцагч Я.Оюуны урамшууллын хувьд сонголт 2-4 болох жилийн 2 хувийн хүүтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө буюу 900,000 төгрөгийг тус эрхийн бичгийн дагуу авах эрхтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.О нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.О нэхэмжлэлийн шаардлага болох 900,000 төгрөгийг хариуцагч Ү ХХК төлж барагдуулах хүсэлт гаргасан болох нь хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Ү ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я.О нэхэмжлэлийн шаардлага болох 900,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Ү ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Я.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,150 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ү ХХК-иас 26,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Оюунд олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ү ХХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ