Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/03183

 

 

 

  

 

 

             2024        09        02   

                           181/ШШ2024/03183

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Ж овогт Т-ийн О /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Б овогт З-ийн У /РД:000/-д холбогдох,

Улсын бүртгэлийн 000 дугаартай, Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 0тоот, 332.93 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.О би З.У-тай 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээ байгуулсан. Уг гэрээгээр миний бие З.У-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн 2206032407 тоот дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 0 тоот, 332.93 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 370,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Миний зүгээс уг гэрээнд заасанд үүргээ 100 хувь биелүүлсэн. Тодруулбал, 2023 оны 7 дугаар сард төлбөрийг бэлнээр бүрэн төлж, үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан.

Гэвч З.У нь өнөөдрийг хүртэлх хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээгүй. Иймээс Улсын бүртгэлийн 2206032407 тоот дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 0 тоот, 332.93 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Т.О болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч З.У-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 3. Ундрам нь өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2206032407 тоот дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 0 тоот, 332.93 м.кв талбайтай, хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар иргэн Т.О-тай харилцан тохиролцож 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийг хүлээж авсан зэрэгтэй маргахгүй болно.

Гэвч энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн барьцаанд байгаа бөгөөд барьцаа хөрөнгийг чөлөөлж 3. У-д шилжүүлэх талаар шүүхийн маргааны улмаас өмчлөх эрхийг одоогийн байдлаар нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгийг чөлөөлж, 3. Ундрамд шилжүүлж өгөх талаар шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд бидний зүгээс Жижиг дунд үйлдвэрийн газарт барьцаа чөлөөлүүлэх хүсэлт өгч барьцаа чөлөөлүүлэх ажиллагаа хийгдэж байна. Иймд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлсэн даруйд нэхэмжлэгч Т.О-д өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх болно.

Мөн энэхүү иргэний хэргийг шүүхээс шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч болох З.У-ын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй эд хөрөнгө нь Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн барьцаанд байх бөгөөд барьцаанаас чөлөөлөх ажиллагаа хийгдэж байна. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлсэн даруйд нэхэмжлэгчид шилжүүлж өгөх тухай дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн утга агуулга бүхий хариу тайлбарыг ирүүлжээ.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч З.У-д холбогдуулан Улсын бүртгэлийн 2206032407 дугаартай, Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 0 тоот, 332.93 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.У нь Т.О-ын нэхэмжилсэн Улсын бүртгэлийн 2206032407 дугаартай, Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 0 тоот, 332.93 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь дээрхи тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, З.У-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч З.У нь Т.О-ын нэхэмжилсэн Улсын бүртгэлийн 0 дугаартай, Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 0 тоот, 332.93 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, З.У-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч З.У-аас 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА