Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/03209

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 03 181/ШШ2024/03209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тахимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 19 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух Д овогт Ш-н Д /0/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух Б овогт С-ийн М /РД:ЧС69070511/-д холбогдох

49,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч Ш.Д би өөрийн нөхөр С.Б-ийн танил болох С овогтой М-д өөрийн эзэмшлийн Хаан банкны 0 тоот данснаас С.М-ын эзэмшлийн Хаан банкны 0 дугаартай дансанд 2021 оны 01 дугаар сарын 18-ны өдөр 49,000,000 төгрөгийг "Лицензийн төлбөр төлөөд удаахгүй буцааж өгнө, түр зээлээч" гэж хүссэний дагуу зээлсэн.

С.М нь түүнээс хойш "удахгүй мөнгө орж ирэхээр төлнө, өгнө" гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй, сүүлдээ утсаа авахгүй холбогдохоо больсон.

Дээрх 49 000 000 төгрөгийг би нөхөр С.Б-ийн найз А-аас зээлж авч өгөөд С.М-ыг өгөхгүй болохоор нөхөр бид 2 төлсөн. Иймд С.М-оос надаас зээлсэн 49,000,000 /дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.М- хариу тайлбар, татгалзалдаа: Ш.Д-гийн нэхэмжлэл үндэслэлгүй байна. Тухайн үед Д.М, Ш.Д-ийн нөхөр С.Б бид 3 хамт явж байсан бөгөөд бид Д.М-тай хамтарч уул уурхайн бизнес хийх талаар ярилцаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Д.М нь биднээс үйл ажиллагаагаа явуулахын тулд түүний хувийн хэрэгцээнд 50,000,000 /тавин сая/ төгрөг төлөхийг шаардсан. Ингээд С.Б нь Д.М-ын компанийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах зорилгоор 49,000,000 төгрөгийг Д.М-т төлөхөөр болсон. С.Б нь Хаан банкны данс байхгүй байсан учир түүний эхнэр Ш.Д нь Д.М руу шилжүүлэх 49,000,000 төгрөгийг миний дансруу хийсэн бөгөөд үүнээс 46,000,000 төгрөгийг нь Д.М-ын данс руу тухайн үед нь шууд шилжүүлж, үлдсэн 3,000,000 төгрөгийг Ш.Д-ийн нөхөр С.Б, Д.М бид 3 хувааж хэрэглэсэн. Д.М-ын газар ашиглуулах, хамтарч ажиллах нэрийдлээр биднээс шаардаж авсан мөнгөн хөрөнгөтэй холбоотой асуудлаар миний бие нь цагдаагийн байгууллагаар шалгуулах шатанд явж байгаа.

Иймд тухайн 49,000,000 төгрөгийг надаас нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас: Ш.Д-гийн Хаан банкны дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас С.М-ын Хаан банкны дансны хуулга, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2024.08.28-ны өдрийн 33а/4250 дугаар албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар гэрч С.Б, Д.М нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч С.М-д холбогдуулан 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагчид зээлдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Ш.Д-ийн нөхөр С.Б нь ХААН банкны дансгүй тул миний дансаар дамжуулан мөнгийг Д.М-т шилжүүлэн өгсөн гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

  

1. Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч С.М-д 2021.01.18-ны өдөр 49,000,000 төгрөгийг Зээлэв гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, хариуцагч С.М нь 2021.01.18-ны өдөр 46,000,000 төгрөгийг Д.М-ын дансанд М утгатайгаар шилжүүлсэн болох нь Ш.Д-ийн Хаан банкны дансны хуулга, С.М-ын Хаан банкны дансны хуулга, гэрч Д.М-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4, 14, 83 хуудас/

 

Гэрч С.Б-ийн С.М лицензийн төлбөрөө хийх гэсэн юм, яаралтай мөнгөний хэрэг болоод байна 50,000,000 төгрөг олж өгөөч, зээлээч, мөнгө олж өгвөл хүүтэй нь буцааж төлнө гэсний дагуу 49,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, би Д.М-тай хамтран ажиллахаар тохиролцоогүй, харин С.М мөнгө олж өгвөл ажилд гарахдаа чамайг аваад явна гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Д.М-ын би С.Б-тэй хамтарч ажиллах талаар яриагүй, С.М С.Б-ийг дагуулж ирж танилцуулсан, би С.Б-өөс мөнгө аваагүй, С.М-оос мөнгө авсан, би ямар мөнгө ороод ирэв гэж С.М-с асуусан, надад өгөх ёстой л гэж хэлсэн гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч С.М-ын С.Б нь Д.М-ын компанийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах зорилгоор 49,000,000 төгрөгийг Д.М-т төлөхөөр болсон гэх тайлбар үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 52-57, 82-85 хуудас/

 

2. Зохигч зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөнөөр гэрээг байгуулсанд тооцдог.

 

Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч  49,000,000 төгрөгийг Зээлэв гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, С.М нь Д.М-т 46,000,000 төгрөгийг М гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, гэрч Д.М-ын С.М-оос мөнгө авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, С.М-ын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын агуулга зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч С.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

3. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч С.М нь Ш.Д-с зээлсэн 49,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Хариуцагч С.М-ыг 3,000,000 төгрөгийг Ш.Д-ийн нөхөр Б, Д.М бид 3 хувааж хэрэглэсэн гэх тайлбар, гэрч нарын 3,000,000 төгрөгийг хоол унданд хэрэглэсэн гэх мэдүүлэг зэрэг нь зээлийн төлбөрийг буцаан төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагчид 49,000,000 төгрөгийг зээлдүүлсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч С.Мнь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч С.М-оос 49,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М-оос 49,000,000 /дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулж, Ш.Д-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-оос 402,950 /дөрвөн зуун хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА