| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04016/И |
| Дугаар | 181/ШШ2024/03297 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/03297
| 2024 09 10 | 181/ШШ2024/03297 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 0 дугаар давхарт байрлах, А ХХК /РД/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 0 тоотод оршин суух Б овогт У-ийн Б-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 537,383 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ЕТI, EFKO брэндийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, маркет дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг иргэн У.Б-с бүтээгдэхүүн худалдан авах захиалгыг хүлээн авсан.
Хариуцагчийн захиалгын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 444,211 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 219,912 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 148,411 төгрөгийг бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн. Нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг захиалгын хүлээн аваад манай компанийн харилцах дансанд шилжүүлэх үүрэгтэй боловч 537,383 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заалтыг үндэслэн хариуцагч 537,383 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжлэлтэй У.Б-т холбогдох 537,383 төгрөгийн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг бүрэн барагдуулсан тул А ХХК-ийн У.Б-т холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байгаа тул хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч У.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 537,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нь хариуцагч У.Б-йг нэхэмжлэлийн шаардлага болох 537,383 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч У.Б-ийн төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Ийнхүү нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, У.Б-гт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч У.Б-т холбогдуулан худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 537,383 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, У.Б-гт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,000 төгрөгөөс 8,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 8,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА