Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1738001130057 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б.

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороонд иргэн П.Б-н зүүн хацар тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн өдөр иргэн П.Б-г гэртээ унтаж байхад нь гэрийг нь шатаахаар гал тавьж гэрийн эсгий туурга, бүрээс, цаваг, хөшиг зэргийг устгаж иргэн П.Б-н эд хөрөнгөд 1.010.000 /нэг сая арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баттөр нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороонд иргэн П.Б-н зүүн хацар тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн өдөр иргэн П.Б-г гэртээ унтаж байхад нь гэрийг нь шатаахаар гал тавьж гэрийн эсгий туурга, бүрээс, цаваг, хөшиг зэргийг устгаж иргэн П.Б-н эд хөрөнгөд 1.010.000 /нэг сая арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Б, Л хоёр манай хашаанд орж ирээд 1 шил 0.5 литрийн “Ерөөл” архи морин чарган дээр суугаад ууж байхдаа тэр хоёр хоорондоо маргалдаад бие биеэ гөлөг нохой гэх зэргээр дуудалцаад шоронд том байсан гэх мэтийн зүйл яриад маргаад байсан. Тэгээд нөгөө архиа талд нь оруулаад аваад манай хашаанаас гараад явсан. Тэгээд нэлээд орой болсон байхад бараг шөнийн 12 цаг дөхөж байхад гэртээ дүүгийнхээ 8 настай охин, өөрийнхөө 8 настай, 3 настай охинтойгоо унтаж байхад гэрийн гадаа хүн хашгичаад шатаагаад өгнө гээд байсан. Тэгсэн чинь удалгүй манай гэрийн зүүн хатавч хаалга орчмоос гал маналзаад эхэлсэн. Тэгэхээр нь би босоод хаалгаа онгойлгоод гэрийнхээ зүүн хатавч хэсэгт гаднаас асаж байсан галыг ус цацаад унтрааж байхад Б миний нүүрний зүүн талын хацрын доод хэсэгт хүрч зүссэн. Би хойшоо болоогүй байсан бол нэлээд гүн хатгагдах байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-25 дугаар хуудас/,

Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр орой 23 цаг минутын орчим манай ах Б над руу залгаад утсаар яриад ах нь хүнд хутгалуулчихлаа чи гэрээсээ гараад ир, гурван дүүгээ ав би эмнэлэг явах хэрэг гарлаа гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Б ахын гэрт очиход ах эмнэлэг рүү явсан байсан. Тэдний гурван хүүхэд гэртээ уйлсан байхаар нь би гэртээ оруулсан. Тэр үед гэрийг нь харахад зүүн талаас галд шатсан ул мөр байсан. Цагаан бүрээс хэсэг газарт бүрэн шатаад доторх эсгий нь мөн шарлаж шатсан байсан. Мөн гэрийн шатсан эсгийн доторх униа, дотуур цаваг хэсэгт мөн гал хүрч шатсан байсан. Мөн гэрийн дотор шалан дээр нэлээд цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч П.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр би дуудлагын эмч хийж байсан. Тэгэхэд тэр өдрийн 23 цаг өнгөрч байхад эмнэлгээс над руу гарнаасаа, завьжнаасаа цус гарсан хүн ирлээ гэсэн дуудлагаар ажил дээрээ ирэхэд Хатгал тосгоны харъяат П.Б гэдэг залуу нүүрнийхээ зүүн завьж хэсэгт хурц зүйлээр зүсэгдсэн бололтой шархтай ирсэн байсан. Мөн зүүн талын гарынхаа шууны дотор хэсэгт хурц зүйлээр хатгагдсан шархтай байсан. Тэгэхээр нь Б-н шарх гэмтлийг цэвэрлэж цус тогтоох оёдол тавьж боолт хийсэн. Тэр хүн өөрөө тайлбарлахдаа хүнд алуулах дөхлөө, мөн хутгаар хутгалуулсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 23 цаг 40 минутын орчимд Хатгал тосгоны сум дундын эмнэлгээс нүүрэн тус газартаа хутгалуулсан хүн ирлээ та нар ирэх үү гэсэн дуудлагаар очиход нүүрэн тус газраа хутгалуулсан гэх хүн эмнэлгийн анхан шатны тусламж аваад гэр рүүгээ явсан байсан. Би араас нь цагдаагийн хамт гэрт нь очиход Б, Б нар байсан ба Б нь би ингэсэн юм аа гээд канистарт үлдсэн бензиний шавхруу, хутга хоёр гаргаж өгсөн. Б-н гэрийг ажиглан харахад гэрийн хаалганы зүүн дээд тал, зүүн хатавч орчим галд шатсан байдалтай гэрийн гаднах цагаан бүрээс 70-80 сантиметр орчим хаалга тойроод шатсан, мөн хаалганы зүүн дээд тал зүүн яс мод галын дөлөнд цонож шарлаж харласан байдалтай байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №534 дугаартай

  1. Тухайн үед П.Б-н биед зүүн хацар, шуунд шарх бүхий гэмтэл учирсан байна.
  2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Тухайн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэв.

Хохирогч П.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б-с 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтгүй, шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтаар хохирогч П.Б-н ХААН банкны 5899... дугаар данс руу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Э нэрээр 300.000 төгрөгийг шилжүүлсэн, шүүхийн шатанд хохирогч П.Б нь гэрийн цаваг 1 ширхэгийг 25.000 төгрөгөөр, гэрийн бүрээс 1 ширхэгийг 65.000 төгрөгөөр, 40 метрийн урттай ременэн оосор 20.000 төгрөгөөр тус тус тооцож авсан, бэлнээр 100.000 төгрөг, шилжүүлгээр 300.000 төгрөг, нийт 400.000 төгрөг авсан. Одоо нийт 510.000 төгрөгийн хохирол барагдуулсан гэж байх тул хохирогч П.Б-д нийт учирсан хохирол болох 1.010.000 төгрөгөөс 510.000 төгрөгийг хасч, шүүгдэгч Д.Б-с үлдэх 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Б-д олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч П.Б нь шүүгдэгч Д.Б-с 2018 оны 3 дугаар сард 6х6 хэмжээтэй байшингийн торх барьж өгөхөөр тохиролцсон гэж байгаа боловч уг торхны үнэлгээ, шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан гэрээ хэлцэл байхгүй байх тул хохирогч нь уг байшингийн торхыг үнэлж шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738001130057 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, бензиний шавхруутай сав 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 10-ны дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтсугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг дурьдсугай.

      6. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      7. Эрүүгийн 1738001130057 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

      8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-с 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч П.Б-д олгож, хохирогч П.Б нь 6х6 хэмжээтэй байшингийн торхыг үнэлж шүүгдэгч Д.Б-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, бензиний шавхруутай сав 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН