Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/942

 

Г.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Г.Ц-д холбогдох 2205 00000 1792 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Г-ийн Ц, 2002 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайран дүүргийн ... дугаар хороо, ... хотхон гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;

Г.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Efes” худалдааны төвийн урд талд хохирогч Ц.Т-тай үл ялих зүйлээс болж маргалдаж бейсболын цохиураар нүүрэн тус газарт нь цохиж түүний биед баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод буйланд цус хуралт, зулай, дагзны хуйх, дээд уруул, хоёр шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газар: Г.Ц-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г-ийн Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт буруутайд тооцож, шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг мэдэгдэж, Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ээс 687.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Т-д олгохоор, Г.Ц энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Г.Ц-ээс хохирол төлбөрт нийт 5.415.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирлын баримтаа шүүхэд бүрдүүлж өгсөн. Г.Ц нь миний үүдэн шүдийг унагасан тул би гоо сайхны хувьд их хохирсон. Одоог хүртэл би өөрийн шүдээ хийлгэж чадаагүй, шүд хийлгэх боломжгүй тул онгорхой явж байна. Хүний үүдэн шүд нь нүүр царайнд ач холбогдол бүхий учраас авагддаггүй байдлаар хийлгэх юм. Залуу хүний хувьд хиймэл авагддаг шүдтэй байна гэдэг нь зохимжгүй. Гэтэл Г.Ц нь надад огт хохирол төлбөр төлөхгүй байгаа. Шүүх хэргийг шийдвэрлээд надад 687.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байсан юм. Гэтэл үүдэн шүд хийлгэхэд нийт зардал 5.415.000 төгрөг болж байна. Мөн шүүхээс надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. Шүүх хурал болсноос хойш надад шийтгэх тогтоол гардуулахдаа л хэлсэн. Би шүүх хуралдааны товыг мэдсэн бол оролцох байсан. Шүүх хуралдаанд би өөрийн биеэр оролцсоноор хохирол төлбөрөө бүхэлд нь гаргуулах үндэслэл болох байсан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.Т-ын өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрийн хувьд Г.Ц-ээс Ц.Т-д 687.000 төгрөг гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогч Ц.Т-д мөрдөн байцаалтын шат, хэрэг прокурор болон шүүхэд шилжих үед хэргийн материалтай бүхэлд нь танилцуулаагүйн улмаас хохирогч Ц.Т нь шүүхэд хохирлын баримтаа бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны тов мэдэгдээгүй тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь хэргийн материалтай танилцах, хүсэлт гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Гэтэл хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас хуульд зааснаар өөрийнхөө эрхийг эдэлж чадаагүй. Шүүх хуралдаан болсноос хойш “Шүүхийн тогтоолыг гардаж аваарай” гэж шүүхээс мэдэгдсэн. Шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн бол хохирлын баримтаа бүрдүүлж хохирол төлбөрөө бүрэн гаргуулж авах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Ц-ээс хохирол төлбөрийг бүхэлд нь гаргуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хохиролд 687.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь үнэн. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүхээс залруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Г.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.Ц-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Efes” худалдааны төвийн урд талд хохирогч Ц.Т-тай маргалдаж бейсболын цохиураар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод буйланд цус хуралт, зулай, дагзны хуйх, дээд уруул, хоёр шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Т-ын: “...“Efes” худалдааны төвийн нарийн замаар явж байхад 00-00УУУ улсын дугаартай, хар өнгийн “Приус-30” загварын авто машин, 00-00ААА улсын дугаартай хоёр машин аваараа татаад “Efes” худалдааны төвийн хажууханд зам дээр зогсож байсан юм. Хажуу талын замын урсгал чөлөөгүй байхаар нь дуут дохио ашиглаж, гэрлээрээ дохисон. Миний араас машинууд мөн адил дуут дохио ашиглаж байсан. Тэгээд нөгөө талын урсгал чөлөөтэй болохыг хүлээж байгаад урсгал сөрөөд хажуугаар нь орж 00-00ААА улсын дугаартай жолоочид “Замаа чөлөөлөөч ээ” гэхэд “Зайл, чамд ямар хамаатай юм” гэхээр нь “Чи өөрөө зайл” гэж хэлсэн. Удалгүй жолоочийн суудал дээр сууж байсан саарал өнгийн малгайтай цамцтай, саарал өнгийн жинсэн өмдтэй залуу “Чамайг ална” гээд машинаасаа буугаад машиныхаа багажаас бейсболын мөнгөлөг өнгийн, төмөр цохиур гаргаж ирээд өөдөөс ирсэн. Би машинаасаа буугаад тэр залуу дээр очиж цамцных нь ханцуйнаас барьж авахад бейсболын цохиуртай залуу машиныхаа ард очсон. Урд талд зогсож байсан 00-00УУУ улсын дугаартай машинаас нэг залуу гарч ирээд “Манай дүүг яагаад байна” гэж хэлээд баруун талын гараас барьж авсан. Жолооч залуу буцаж ирээд намайг бейсболын цохиураараа ам хэсэг рүү нэг удаа цохиж цохин үүдэн шүд хугалж, цус гарахаар нь би бейсболын цохиурыг нь барьж аваад хувцаснаас нь нөгөө гараараа барьж авч зууралдаж байхад 00-00УУУ улсын дугаартай машинаас бууж ирсэн хар өмд, хар цамцтай, шар сортой урт үстэй залуу баруун шанаа руу нэг удаа цохисон. ...” /хх 5/,

шүүгдэгч Г.Ц-ий: “...Зам дагуу нэг хүн такси барих гээд зогсож байхаар нь тэр хүнийг аваад Андууд орох гэж байхад “10 дугаар хорооллын “Аз фарм” эмийн сангаас эм авна” гэхээр нь “Efes” худалдааны төвийн хажуу талд машин зам дээр машинаа зогсоогоод аваараа татаад зогсож байхад хажуу талд “Приус-30” загварын цагаан саарал өнгийн машинтай эрэгтэй хүн ирж зогссоноо нэг юм яриад байхаар нь би цонхоо буулгаад “Яасан юм бол” гэхэд намайг “Пизда минь замаас зайлаач” гэж хараагаад байсан юм. Би “Юу гэнээ” гэж хэлтэл машинаасаа бууж ирсэн. Би машинаасаа мөн адил буугаад тээшнээсээ модон саваа шиг хэлбэртэй гадуураа мөнгөлөг лакаар будсан бейсболын цохиур шиг хэлбэртэй модыг авсан. Тухайн үед машины жолооч надаас том биетэй байсан болохоор айсандаа тухайн модыг авсан юм. Нөгөө машины жолооч над руу ирээд миний нүүр рүү 2 удаа цохихоор нь хойшоо ухрахдаа гартаа барьж байсан модоор нүүр рүү цохчихсон юм. Удалгүй нэг танихгүй эрэгтэй хүн ирснээ тэр ахад чи яагаад жоохон хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гээд тэр 2 хоорондоо хэрэлдэж маргалдаж, барьцалдаж авахаар нь би машин руугаа суугаад гэр рүүгээ явчихсан юм. ...” /хх 31/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ц.Т-ын эрүүл мэндэд “баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод буйланд цус хуралт, зулай, дагзны хуйх, дээд уруул, хоёр шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7069 дугаартай дүгнэлт /хх 20-21/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд хохирогч Ц.Т нь Г.Ц-ийг “Замаас зайл” гэж хараасан, хоорондоо маргалдсан талаар шүүгдэгч мэдүүлсэн нь түүний бусдын халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан зүй бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Г.Ц-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 687.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ц-ээс гаргуулж хохирогч Ц.Т-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Хэргийн 42 дугаар талд авагдсан “E” шүдний эмнэлгийн “Эмнэлгийн тодорхойлолт” нь төвийн үүдэн шүдний имплант, хиймэл яс нөхөх, компьютер томографи оношлогоо, гэмтлийн зэргийн эмнэлгийн магадлагаа, түр шүдэлбэр зэрэг эмчилгээ үйлчилгээний үнийн талаархи тодорхойлолт байх бөгөөд харин хохирогчид эмчилгээ хийлгэсэн баримт биш байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааруулах боломжгүй юм.

Иймд, хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Хандармаа нараас “шийтгэх тогтоолд хохирол төлбөрийг гаргуулан өөрчлөлт оруулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Харин хохирогч Ц.Т нь өөрөө зохих эмнэлгээр эмчилгээ хийлгэсний дараа гарсан зардлын баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-ий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...техник, хэрэгслийг ойлгохоор, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэхээр заасан.

Шүүгдэгч Г.Ц нь бейсболын цохиураар Ц.Т-ыг цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар оролцогч нар тодорхой мэдүүлсэн байх ба прокурор 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 489 дугаартай яллах дүгнэлтээр Г.Ц-ийг “...хохирогч Ц.Т-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, бейсболын цохиураар нүүрэн тус газарт нь цохиж ...хөнгөн хохирол учруулсан...” гэж ялласан байна.

Гэтэл мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох “бейсболын цохиур”-ыг эд мөрийн баримтаар тооцож, хураан авах ажиллагаа хийлгүй орхигдуулсан байх бөгөөд прокурор энэ тал дээр цаашид хяналтаа тавьж ажиллахыг магадлалд анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоол нь тамга дарж, ёсчлоогүйгээр хэрэгт хавсаргасан болохыг магадлалд анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хохирогч Ц.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ