Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01051

 

“Мөнгөнбуудай ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03894 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1239 дүгээр магадлалтай,

“Мөнгөнбуудай ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э.Гантулгад холбогдох

Зээлийн гэрээний үүргийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 10 206 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8129 дүгээр шүүхийн шийдвэрээр Э.Гантулгаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 44 861 958 төгрөг гаргуулж, “Мөнгөнбуудай ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ч хариуцагч шийдвэрийг гүйцэтгээгүй. Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.2.5-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу зээлдэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ. Иймд Э.Гантулгаас шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны 2015 оны 9, 10, 11, 12 cap, 2016 оны 1, 2, 3 дугаар саруудын зээлийн хүү нийт 8 520 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 704 000 төгрөг, нийт 10 206 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03894 дүгээр шийдвэрээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт хариуцагч Э.Гантулгаас 8 640 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөнбуудай ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153 190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1239 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03894 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээр нь хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4., 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасныг зөрчсөн байна гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлэхээр буцаасан байна. Давж заалдах гомдлыг шийдвэрлэхдээ дараах хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэжээ.

Давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1.-д анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гаргах эрхтэй гэж заажээ. Уг хэрэгт холбогдолтой давж заалдах гомдлыг хариуцагчийн ээж Х.Буянжаргал гаргасан нь хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй, түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1.-д заасныг зөрчсөн.

Шүүх хурлын товыг хариуцагчид мэдэгдээгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Магадлалд хариуцагч Э.Гантулгад хуралдааны товыг “2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хариуцагчийн 95926660 дугаарын утас руу залгасан боловч холбогдохгүй байх тул мессеж бичиж шүүх хурлын товыг хүргэв” гэж тэмдэглэл үйлдсэн нь авагдсан байхад “уг ажиллагаа нь шүүх хурал, хэзээ хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй тул хариуцагчид хуралдааны тов мэдэгдээгүй гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т “шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс буюу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэжээ. Шүүгчийн туслах хэргийн 17-р хуудсанд шүүх хуралдааны товыг утас /мессеж/-ээр мэдэгдэж, энэ тухайгаа баримтжуулж, тэмдэглэл үйлдэж, уг баримтаар тов мэдэгдсэн гэж үзэж болохоор хуулиар зохицуулж өгсөн бөгөөд хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрсөнд тооцох зарчмын дагуу хариуцагч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг нэмж дүгнэх шаардлагатай гэж үзэв. 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүйн улмаас  хариуцагч шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Хариуцагчийн утас холбогдох боломжгүй байсан тул мессеж бичиж, шүүх хуралдааны товыг хүргэсэн гэх /хх-17/ байдлаа баримтжуулаагүй, энэ талаар тэмдэглэл үйлдсэн нь хуульд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн гэх байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч “Мөнгөнбуудай ББСБ” ХХК нь хариуцагч Э.Гантулгаас шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан ба анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн маргааны талаар шүүхийн шийдвэр гарснаар зээлийн үүргийг дуусгавар болсон эсэх талаар эрх зүйн үндэслэлийг бүрэн дүгнээгүй, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүйг анхаарах шаардлагатай гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн  172.2.2.-т заасан шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1239 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 57.4.-т зааснаар нэхэмжлэгч “Мөнгөнбуудай ББСБ” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА