Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0867/З |
Дугаар | 221/МА2017/0593 |
Огноо | 2017-08-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2017/0593
2017 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2017/0593 | Улаанбаатар хот |
“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х, Т.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.11, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 16 дугаар зүйлийн 16.4, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-135/308 тоот “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн гэх дүгнэлт өгөхдөө Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.11, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 16 дугаар зүйлийн 16.4, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримталсан байна.
Нийслэлийн анхан шатны шүүх маргаан бүхий актын 1,2 дугаар зөрчлийн тухайд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр нь орон сууц, олон нийтийн бүсэд хамаарах ба “Б” ХК-ийн эзэмшлийн тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй тул газрын зориулалтыг зөрчиж барилга барьж болох мэтээр хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагагүй гэж дүгнэсэн байна.
Маргаан бүхий актын 1,2-т заасан зөрчлийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 28/13 тоот Бага тойруугийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн ТЭЗҮ-ийг батлуулах тогтоол, Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг үндэслэн газрын зориулалтыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэн Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагагүй гэж үзсэн байна.
Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр барилга барихад Хот байгуулалтын тухай хууль үйлчлэхгүй гэх хуулийн хязгаарлалт ороогүй тул Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиуд үйлчлэх нь ойлгомжтой асуудал юм.
Иймд ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг буулган шинээр барилга барихдаа зөвхөн хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баримтлах ёстой гэж үзсэн, хариуцагч нар нь шинээр барьсан барилга нь Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиуд болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам тухайлбал Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоон хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилласныг үл харгалзан үзэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Шинээр барилга байгууламж барихдаа зохих хууль дүрэм журмын дагуу газрын зориулалтыг өөрчлөн зориулалтын дагуу барилга барих ойлгомжтой хуулиар зохицуулагдсан асуудал юм.
Маргаан бүхий актын 3 дахь зөрчлийн тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ашиглалтын шаардлага хангахгүй барилгаа нурааж, шинээр барилга барихдаа Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д заасныг шинээр төлөвлөн барьж буй барилгад хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль өөрөө Хот байгуулалтын тухай хуулиас бүрдэж байгаа бөгөөд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд барилга байгууламжийг төлөвлөхөд иргэдийн эрүүл аюулгүй, тухтай амьдрах нөхцөлийг нарийвчлан заасан заалтууд байхгүй ба энэ нь зөвхөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хот байгуулалтын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмаар зохицуулагдаж байгаа.
Маргаан бүхий актын 4, 5, 6 дахь зөрчлийн тухайд: Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг зөрчлүүдтэй холбогдуулан дүгнэлт өгөхдөө Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж олгосон 695 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баримтлах ёсгүй дур мэдэн барилгын ажлын зурагтаа өөрчлөлт оруулж болох мэтээр буруу дүгнэн тайлбарласныг буруу гэж үзэж байна.
Учир нь шүүх уг нотлох баримтуудыг үнэлэхдээ нэхэмжлэгчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааг зөв мэтээр тайлбарлан дүгнэсэн ба шинээр барьж буй барилгын хойд тал руу консоль гарган гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээдийн өмчид халдсаныг галын шат зайлшгүй хийх шаардлагатай ингэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 695 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөөгүй өөрөөр хэлбэл галын шат гаргаснаар дахин архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй байна.
Мөн нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн барилгын дээврийн хормойг эвдсэнээ хүлээн зөвшөөрсөн байхад бусдын өмчид үндэслэлгүйгээр халдсан ажиллагааг зөв мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд 695 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр хэвээр байхад шинээр барьж буй барилгын хойд тал руу консоль гаргаж галын шат хийж болох мэтээр шүүхээс нөхцөл байдлыг буруугаар тайлбарлан үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна.
Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн, газар дээр нь үзлэг шалгалтаар тогтоогдсон нэхэмжлэгч тал нь өөрөө хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөөр байтал гуравдагч этгээдийн өгсөн гомдлоор барилгын ажиллагааг зогсоосон гэж хууль зөрчиж бусдын өмчид халдан, эвдэж барилга барих нь зөв мэтээр хариуцагч нарыг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх дүгнэлт өгөхдөө Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.11, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 16 дугаар зүйлийн 16.4, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримталжээ.
Анхан шатны шүүх маргаан бүхий актын зөрчил 1, 2-т заасныг дүгнэхдээ “ ... Нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамрагдсан байх ба тус Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр нь орон сууц, олон нийтийн бүсэд хамаарахаас гадна “Б” ХК-ийн эзэмшлийн тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй тул газрын зориулалтыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй ...” гэж дүгнэсэн байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийг тус төслийг хэрэгжүүлж шинээр барилга барихдаа Нийслэлийн Засаг даргаас олгогдсон үйлдвэрлэлийн зориулалттай газрыг шинээр батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц бизнесийн зориулалттай болгож өөрчлөх хуульд заасан ажиллагаа хийгдээгүй байхад зөвшөөрөл олгогдсон тухай зөрчлийг илрүүлсэн болохоос бу орон сууц, олон нийтийн бүсэд хамаарахгүй гэж маргаагүй ба хуулийн хэрэгжилтийг хангах буюу Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоосон.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар хуучин барилгаа буулгаж, шинээр барих харилцаанд Газрын болон Хот байгуулалтын тухай хуулиуд үйлчлэхгүй гэх хуулийн хязгаарлалт ороогүй тул Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиас өөр бусад холбоотой харилцаанд Газрын тухай хууль, Барилгын тухай, Хот байгуулалтын тухай хуулиуд үйлчлэх нь ойлгомжтой байхад тус компанийг хуучин барилга буулгасан, эрх бүхий байгууллагаас тухайн орчмыг орон сууц, олон нийтийн бүс болгосон, харахад л ойлгомжтой гэх байдлаар хуулиар хүлээсэн үүргийг нь зөрчиж болох Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудлыг шүүхээс дур мэдэн дүгнэх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэсэн энэхүү заалт зөрчигдсөн нь хэрэгт авагдсан баримт, хяналт шалгалтаар тогтоогдсон ба логикийн хувьд эхлээд газрын зориулалтаа өөрчлөх, түүний дараа тухайн зориулалтын дагуу барилга байгууламж барих үйл ажиллагаа явах болохоос бус барилгаа барьчхаад зориулалтаа өөрчлөх тухай ойлголт байхгүй гэж үзэж байна.
Актын 3 дахь зөрчлийг дүгнэсэн тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч хуучин барилгаа нурааж, шинээр барилга барьж байгаа тохиолдолд Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д заасан хэсэг нь шинээр төлөвлөн барьж буй барилгад хамаарах шаардлага гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх харилцаа нь Хот байгуулалтын хуулиас бүрдэж уг хууль үйлчлэх харилцаа ба уг хуулийн дагуу заасан норм, шаардлага хангах ёстой.
Актын 4, 5, 6 дахь зөрчлийг дүгнэсэн тухайд: Шүүхээс уг зөрчилтэй холбогдуулж дүгнэлт өгөхдөө ашиг сонирхлын хувьд нэгдмэл, уг маргаантай холбогдуулан шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа захиргааны хэргийн оролцогч болох Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан “ ... барилгын хойд тал руу цонх болон консоль төлөвлөсөн нь даалгаварт өөрчлөлт оруулалгүйгээр хийж болох тухай тайлбар ...” авч түүнийгээ нотлох баримтаар үнэлсэн нь буруу гэж үзэж байна.
Учир нь шүүх уг нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг зөв мэтээр дүгнэж буюу хойд тал руу гарсан консолийн дам нурууны цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хийсэн энэ нь галын шат мэтээр дүгнэж байгаа нь бодит байдалд нийцээгүй, хариуцагчаас гуравдагч этгээдийн барилгын дээврийн хормойг эвдсэн бусдын өмчид үндэслэлгүйгээр халдсан ажиллагааг зөвтгөх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийн барилга руу тулгаж, консоль гаргах тухай Архитектур төлөвлөлтийн даалгаварт заагаагүй ба Онцгой байдлын газраас шаардсан шаардлагын дагуу галын шат гаргасан гэж тайлбарлах боловч тэр нь баримтаар нотлогддоггүй ба галын шат гаргах нэрээр консоль гаргаж, цонх төлөвлөсөн болох нь тухайн барилгын эскиз зураг, ажлын зургаас маш тодорхой харагдаж байгаа ба уг зөрчил гарснаас болж гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эвдсэн зөрчил гаргасныг шүүхээс нөхцөл байдлыг буруугаар тайлбарлаж дүгнэсэн ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг шүүх тайлбарлан хэрэглэхдээ буруу тайлбарлан хэрэглэсэн ба шууд байдлаар бий болсон хохирол нь дээврийн хормойг эвдсэн байдал ба шууд бусаар бий болсон хохирол нь дээврийн хормойг эвдсэн байдал ба шууд бусаар бий болох хохирол нь гуравдагч этгээд өөрийн барилгаа буулгаж шинээр барилга барих, ашиглалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах, хуулийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, үнэ цэнийг бууруулсан байдлыг анхаарч үзэлгүйгээр шууд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарыг огт анхааралгүйгээр дүгнэлт хийж хариуцагч нарыг буруутгасан нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 дугаар “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” актыг гаргахдаа 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хяналт, шалгалтыг үндэслэсэн байх бөгөөд “нэхэмжлэгчид олгосон газрын зориулалтыг зөрчиж, үйлчилгээний барилгын зориулалтаар барилгын эх загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3-д заасныг тус зөрчсөн. Тус барилга нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8, 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг зөрчиж олгосон газрын 70-аас илүү хувьд барилгажсан, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж, хойд талд байрлах “Т” ХХК-ийн оффис, үйлчилгээний барилгын эзэмшил газар луу орсон, баруун зүүн талаар консоль гаргасан байгаа нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг зөрчсөн бөгөөд уг консолийн дам нурууны цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг зөрчиж зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан, тус барилгыг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр эхлүүлж, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасныг зөрчсөн зэрэг үндэслэлүүдийг заажээ.
Маргаан бүхий захиргааны акт нь Мэргэжлийн хяналтын газарт гаргасан гуравдагч этгээдийн гомдолд үндэслэж, захиргааны хяналтын байгууллагаас хуульд заасан журмын дагуу хийсэн шалгалтын үйл ажиллагааны үр дүнд гарсан байна. Хууль хэрэглээний тухайд:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Газрын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан нь хот суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой харилцаанд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль хэрэглэгдэхээр зохицуулсан байтал шүүхээс “Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “... төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” заалт нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэхдээ шинээр төлөвлөж байгаа барилгад хамаарах шаардлага болно. Гэтэл “Б” ХК нь хуучин байсан байшингийн суурь дээр барилга барьж байгаа тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна” гэх мэтээр дахин төлөвлөлтийн дагуу баригдаж буй барилгад Хот байгуулалтын тухай болон Барилгын тухай хуульд заасан шаардлага хамаарахгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар хуучин барилгаа буулгаж, шинээр барих харилцаанд Газрын болон Хот байгуулалтын тухай хуулиуд үйлчлэхгүй гэх хуулийн хязгаарлалт ороогүй тул Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиас өөр бусад холбоотой харилцаанд Газрын тухай хууль, Барилгын тухай, Хот байгуулалтын тухай хуулиуд үйлчлэх нь ойлгомжтой байхад тус компанийг хуучин барилга буулгасан, эрх бүхий байгууллагаас тухайн орчмыг орон сууц, олон нийтийн бүс болгосон, харахад л ойлгомжтой гэх байдлаар хуулиар хүлээсэн үүргийг нь зөрчиж болох Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудлыг шүүхээс дур мэдэн дүгнэх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэх, хариуцагч нарын “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль өөрөө Хот байгуулалтын тухай хуулиас бүрдэж байгаа бөгөөд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд барилга байгууламжийг төлөвлөхөд иргэдийн эрүүл аюулгүй, тухтай амьдрах нөхцөлийг нарийвчлан заасан заалтууд байхгүй ба энэ нь зөвхөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хот байгуулалтын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмаар зохицуулагдаж байгаа” гэсэн гомдлууд үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 дугаар шийдвэрийг үндэслэн 756 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд шүүхээс ““Б” ХК-ийн эзэмшлийн тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй, ... нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газар дээрх хуучин барилгаа буулгаад төрийн эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрээр дахин төлөвлөлтөд хамрагдаж буй тохиолдолд нэхэмжлэгчийг газрын зориулалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 34 дүгээр зүйлийн 34.6.2 “газар эзэмших зориулалт”-ыг газар эзэмших гэрээнд тусгах, 35 дугаар зүйлийн 35.3.1 “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” үүргийг газар эзэмшигч хүлээх зохицуулалттай тус тус зөрчилдөж байна. Түүнчлэн, анхан шатны шүүх барилгын зоорийн давхартаа 510 м.кв авто зогсоолын талбайтай байхаар төлөвлөсөн нь 756 м.кв газрын ногоон байгууламж, авто зогсоолын талбайн хэмжээ 595 м.кв байгаа мэтээр дүгнэсэн байна.
Шүүх нэхэмжлэгч хуулийн этгээдийг дахин төлөвлөлтөд хамрагдаж байгааг үгүйсгээгүй бөгөөд гагцхүү дахин төлөвлөлтийн зорилгоор газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаж, шийдвэрлүүлсний дараа барилгын ажлаа эхлүүлэх нь хуульд нийцэх бөгөөд хөрш зэргэлдээ орших бусад этгээдийн эрхэд нөлөөлж, улмаар Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх”, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д “олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих”-ыг хориглоно гэсэн зохицуулалтыг зөрчихөд хүргэсэн байна.
2. Хот байгуулалтын тухай хууль болон Барилгын тухай хуулийн зүйл, заалт нь тухайн харилцаанд оролцогч болон хамаарал бүхий этгээдүүд, нийтийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг агуулсан байдаг. Тиймээс эдгээр хуулийн зүйл, заалтууд зөрчигдвөл түүгээр хамгаалагдаж байгаа харилцаа, тухайн харилцаанд оролцогчдын эрх ашиг зөрчигдөхөд хүрнэ. Анхан шатны шүүхээс “Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “ ... төлөвлөгөөнд хамруулсан “нийт газар нутгийн 30-аас доошгүй нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” заалт нь хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэхдээ шинээр төлөвлөж байгаа барилгад хамаарах шаардлага болно. Гэтэл “Б” ХК нь хуучин байсан байшингийн суурь дээр барилга барьж байгаа тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” гэж хуучин барилгын суурь дээр барилга барьж байгаа бол Хот байгуулалтын тухай хуульд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчийн барьж байгаа барилга нь шинээр баригдаж байгаа барилга биш мэтээр дүгнэсэн буруу байна. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн 2 давхар хуучин барилгаа буулгаж, 16 давхар барилгыг барьж байгаа бөгөөд энэ тохиолдолд шинээр барьж буй 16 давхар барилгад Хот байгуулалтын болон Барилгын тухай хуульд заасан шаардлагууд хангагдаж буй эсэхийг шалгах нь зүйн хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, дахин төлөвлөлтөөр баригдаж буй барилгад Хот байгуулалтын болон Барилгын тухай хуулийн шаардлагуудыг хамаарахгүй гэж дүгнэсэн нь зэргэлдээ оршиж байгаа хуулийн этгээдийн газар, газар дээрх барилга байгууламжаа зориулалтынх нь дагуу эзэмшиж, ашиглах эрхэд сөргөөр нөлөөлөхөд хүргэсэн байна. Тиймээс “Гуравдагч этгээд өөрийн барилгаа буулгаж дахин шинээр барилга барих, ашиглалтын хэвийн ажиллагаа алдагдах, хуулийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, үнэ цэнийг бууруулсан байдлыг анхаарч үзээгүй ...” гэх гомдол үндэслэлтэй байна.
Шүүхээс “барилгын ажлыг зогсоох хэмжээний зөрчил байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, бодит нөхцөл байдлыг сайтар нягталж, тогтоосны үндсэн дээр акт гараагүй”, “хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, осол аюул гарч болох тохиолдолд үйл ажиллагааг нь бүхэлд нь буюу хэсэгчлэн зогсоох хуулийн зохицуулалттай байтал бодит нөхцөл байдлыг нягталж, тогтоохгүйгээр гуравдагч этгээдийн гомдлоор нэхэмжлэгчийн барилгын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон нь буруу” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын гаргасан гомдлын дагуу нэхэмжлэгчийн захиалгаар хийгдэж буй барилга барих ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар акт тогтоосон байхад шүүх нэхэмжлэгчийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон мэтээр дүгнэжээ.
3. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”-ыг эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл өгөхдөө харгалзан үзэх бөгөөд 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх” гэж заасан шаардлагыг барилгын зураг төсөл нь хангасан байх ёстой. Түүнчлэн, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж заасныг нэхэмжлэгчийн барилга хангасан байх ёстой байжээ. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг анхаарч үзээгүй бөгөөд хариуцагчийн гомдлын “695 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баримтлах ёсгүй дур мэдэн барилгын ажлын зурагтаа өөрчлөлт оруулж болох мэтээр буруу дүгнэн тайлбарласан нь буруу ... консолийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч 695 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөөгүй өөрөөр хэлбэл галын шат гаргаснаар дахин архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулаагүй” гэсэн гомдол үндэслэлтэй байна.
4. Хариуцагч нар маргаан бүхий актдаа тус барилгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхэлсэн тухай заасан байх бөгөөд мөн хариу тайлбартаа энэ талаар ““Б” ХК нь өөрийн барилгын ажлын зураг төслийг “ПТ” ХХК-ийн /ПТ-14/10/02 шифртэй гүйцэтгүүлж, “ЭСССК” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 225/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан” гэх боловч уг “ЭСССК” ХХК нь барилгын зураг төсөлд магадлал хийх эрхгүй болохыг Улсын Дээд шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор[1] тогтоосон байна.
Мөн хариуцагчаас “өөрийн захиалгаар баригдах барилгын ажлын зургийг өөрийн “ЭСССК” ХХК-иар магадлал хийлгэсэн нь хуульд нийцэхгүй” гэж[2] маргасан бөгөөд “Б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга[3] буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдаррагчаа нь “ЭСССК” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан нь Улсын Дээд шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 264 тогтоолд тусгагдсанаар нотлогдож байна. Энэ нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт” гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 7 дугаар зүйлийн 7.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг тус тус баримтлан “Б” ХК-ийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 тоот “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ