| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/02919/И |
| Дугаар | 181/ШШ2024/03406 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/03406
2024 09 17 181/ШШ2024/03406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тахимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Ш овогт Д-ийн М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Ш харьяа Б газарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, төв байранд байрлах Х ХК /РД:/
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Ч.У, гэрч Ц.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Иргэн Д.М надтай холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 0 тоот захирамжаар:
Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа 20 467 550 төгрөгнөөс татгалзаж
Хариуцагч талын зүгээс үлдэх 105,467,550 төгрөгийг, 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн.
Харин тодорхой шалтгааны улмаас 02332 тоот захирамжид заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй тул "Хас банк" ХХК нь холбогдох баримт бичгээ бүрдүүлээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий байгууллагад өгсөн.
Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.М надад "... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр тологч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт, 0 дугаар хэсэг гудамж, 0 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 400 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг битүүмжилэн хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хураасан хөрөнгийн үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу хөндлөнгийн үнэлгээчээр үнэлгээг тогтоолгоход 232,523,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдье" гэх агуулга бүхий 3/2203 тоот мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өгсөн.
Төлбөр төлөгчийн Д.М-н зүгээс үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний "Б" ХХК-ийн 021 дугаартай тайлан үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Нэгдүгээрт: Үнэлгээний объектийн хийц, материалын талаархи мэдээлэлийг худлаа тодорхойлсон.
021 тоот хөрөнгийн үнэлгээний тайланд төлбөр төлөгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт, 0 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 216 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хийцийг "Палкаар барьж шавардсан. Нүүрэн тал банзан өнгөлгөөтэй. Ханан пийшин халаалттай" гэж тодорхойлсон. Бодит байдал дээр 107 тоотод байрлалтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 64-н буюу 64 см зузаан тоосгон ханатай, халаалтай нам даралтын зуух болон цахилгаан хосолсон халаалтын системтэй болно. /нэг ширхэгч палк ороогүй/
Өөрөөр хэлбэл "Б" ХХК-ийг маргаж буй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хийцийн талаархи мэдээллийг санаатай., эсхүл санамсаргүй байдлаар буруу тодорхойлсноор зах зээлийн үнэ цэнийг зөв тодорхойлох ямарч боломжгүй болсон, өөрөөр хэлбэл үнэлгээ үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Хөрөнгийг үнэлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга хэрэглээгүй, зах зээлийн судалгааг бүрэн гүйцэт хийгээгүй.
"Б" ХХК-ийн 021 тоот тайлангийн 2.5-т "Хоронгийн үнэлгээ ҮOYC 105 үнэлгээний хандлагууд ба аргуудыг үндэслэн зах зээлийн хандлагын жиших ажил гүйлгээний арга болон өртгийн хандлагын орлуулалтын аргаар тус тус хийж гүйцэтгэлээ" гэж бичсэн. Харин 021 тоот тайланд барилга байгууламжийг зах зээлийн жиших аргаар хийсэн тооцоолол байх боловч өртгийн хандлагын аргаар тооцооллыг огт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг өртөгийн хандлагын аргыг хэрэглэх боломжгүй, шаардлагагүй гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа нь "Б" ХХК-ийн зүгээс 021 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг санаатайгаар бүрэн гүйцэт хийгээгүй гэх үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа болно.
Эрхийн бүртгэлийн 0дугаартай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт, 0 дугаар хэсэг гудамж, 0 тоотод байршилтай 400 м.кв газар болон тус газарт байрлах эрхийн бүртгэлийн 0 дугаартай, 216 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 232 523 000 /хоёр зуун гучин хоё сая таван зуун хорин гурван мянган төгрөг/ төгрөгөөр үнэлсэн 021 тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш харьяа Б газар хариу тайлбар, татгалзалдаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.18-ны өдрийн 0000 тоот шийдвэрээр "Б" ХХК, Д.М нараас 105.467.550 төгрөгийг гаргуулж Хас банканд олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024.04.10-ны өдөр үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах 216 м.кв талбайтай хувийн сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 24360833/03 тоот тогтоолоор битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24360833/05 тоот тогтоолоор тус тус хураасан.
Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авах, үнэлгээг тохиролцуулах ажиллагааг хийсэн боловч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч болох "Б" ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгож, талуудад хуулийн хугацаанд танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр баталгаажуулсан.
Үнэлгээ тогтоолгосон үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх хөрөнгүүдийг худалдан боруулах ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.М нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган, улмаар тус шүүхийн шүүгчийн 2024.05.28-ны өдрийн 0 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас Д.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.М-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2024.05.07-ны өдрийн Д.М-д хүргүүлсэн 3/2202 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.18-ны өдрийн 0 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 021 дугаар Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас 2024.03.21-ний өдрийн 181/ГХ2024/00359 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.03.21-ний өдрийн 0 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.18-ны өдрийн 0 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024.04.10-ны өдрийн 24360833 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2024.04.16-ны өдрийн дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024.04.16-ны өдрийн төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, 2024.04.23-ны өдрийн 24360833/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024.04.23-ны өдрийн 0 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024.04.25-ны өдрийн 0 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024.04.25-ны өдрийн 24360833/06 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024.04.30-ны өдрийн 4/40 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2024.04.30-ны өдрийн Банкны төлбөр барагдуулах шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2024.04.30-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2024.04.30-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, 2024.05.06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, 021 дугаар Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 3/2204 дугаар Х ХК-д хүргүүлсэн албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2024.05.07-ны өдрийн Д.М-д хүргүүлсэн 3/2202 дугаар албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2024.05.07-ны өдрийн Б ХХК-д хүргүүлсэн 3/2203 дугаар албан бичиг, 2024.05.08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар Б ХХК-ийн 2024.09.10-ны өдрийн 126/2024 дугаар Үнэлгээний тайлангийн тодруулга хүргүүлэх тухай албан бичиг, 21 дугаар Хөрөнгийн үнэлгээний үзлэгийн актыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ш харьяа Б газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.М нь үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ үнэлгээний объектын хийц, материалын талаархи мэдээллийг буруу тодорхойлсон, хөрөнгийг үнэлэхдээ өртөгийн хандлагын аргыг хэрэглээгүй, зах зээлийн судалгааг бүрэн гүйцэт хийгээгүй гэж тайлбарлаж байгааг хариуцагч эс зөвшөөрч үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Ш харьяа Б нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3/2202 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч Д.М-д 2024.05.08-ны өдөр гардуулж, үнэлгээний тайлантай танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.М нь 2024.05.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх-3, 7, 76-77х/
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.18-ны өдрийн 0тоот шийдвэрээр "Б" ХХК, Д.М нараас 105,467,550 төгрөгийг гаргуулж Хас банканд олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /хх-49-50х/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 0 хэсэг гудамж, 0 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй 400 мкв талбай бүхий газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 24360833/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24360833/05 тоот тогтоолоор хураажээ. /хх-54-58 х/
Хураасан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдахад санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 4/40 дугаар тогтоолоор Б ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцжээ.
3. Ш харьяа Б газар нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, 10 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр Буфа үнэлгээ ХХК-ийг томилж, шинжээч Б ХХК нь эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьт 0 хэсэг гудамж 0 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй 400 мкв талбай бүхий газрын зах зээлийн үнийг 232,523,000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-60-74 х/
4. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна гээд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг тодорхойлсон.
Шинжээч Б ХХК-ийн 2024.05.07-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан-д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 0 хэсэг гудамж, 0 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууцыг палкаар барьж шавардсан. Нүүрэн тал банзан өнгөлгөөтэй, ханан пийшин халаалттай гэж тодорхойлсон боловч уг хувийн сууц нь цутгамал суурьтай, 64-ийн тоосгон ханатай, гадна хана шавардлага, дотор хана имульс обой, плита өнгөлгөөтэй, модон хучилт төмөр дээвэртэй, цэвэр бохир усны худаг шугамтай, нам даралтын галлагаа, цахилгаан хосолсон халаалттай болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 145-150, 119-128 хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээний объектын төрөл, хийц, материал, халаалтын системийн шинж байдлыг бодит байдлаас зөрүүтэй тодорхойлсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт гэсэн тайланд тавигдах шаардлагад нийцээгүй байх тул тайлангаар тодорхойлсон үнэлгээг үндэслэлтэй гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.
Харин шинжээч нь үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандарт, нийтлэг арга зүйг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдол өгсөн байх тул нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэлэхдээ өртөгийн хандлагын аргыг хэрэглээгүй, зах зээлийн судалгааг бүрэн гүйцэт хийгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.М-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 0 хэсэг гудамж, 0 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй 400 мкв талбай бүхий газрын зах зээлийн үнийг 232,523,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийнъ 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 0 хэсэг гудамж, 0 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй 400 мкв талбай бүхий газрын зах зээлийн үнийг 232,523,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА