| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03091/И |
| Дугаар | 181/ШШ2024/03466 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/03466
| 2024 09 24 | 181/ШШ2024/03466 |
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух Н-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 тоотод байрлах Л ХХК /РД: /-д холбогдох,
5,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч а нь Л ХХК-ийн захирал С.Г-эй 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ажлын байрны талбай түрээслэх гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Л нэртэй байранд ажлын зориулалтаар 15 м2 өрөө түрээсэлсэн бөгөөд оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус сунгаж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цуцлан байрыг хүлээлгэн өгсөн.
Л ХХК-ийн захирал байгуулсан Ажлын байрны талбай түрээслэх гэрээ-ний 6.1-д" Гэрээний хугацаа дууссан болон гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд түрээслэгч нь гэрээг үргэлжлүүлэн түрээслэх давуу эрхийг эдэлнэ" гэж заасны дагуу тус компани надад гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул түрээсийн гэрээг 2 удаа сунгаж, түрээслэх давуу эрх олгосон.
Ш.Н би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцлах өдрийг хүртэл хугацаанд гэрээгээр тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрийг сар бүр төлж байсан бөгөөд Л ХХК нь өрөөний түрээсийг 2022, 2023 онд тус тус 1 м2-ийн үнийг нэмэгдүүлсэн боловч нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж түрээсийн төлбөрийг төлж байсан.
Энэ онд буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээний хугацаа дуусах гэж байтал Л ХХК-ийн захирал С.Г 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот албан бичгээр 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор миний түрээсэлж байсан өрөөний түрээсийг 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг болгон нэмэгдүүлж байгааг мэдэгдсэн.
Миний бие түрээсийн төлбөрийг хэт үндэслэлгүй нэмэгдүүлсэн асуудлаар 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Л ХХК-ийн захирал С.Г+эй уулзсан уулзалтын үеэр тэрээр Лагшан төвийн эскиз зургийг үзэж байгаад таны түрээсэлж байгаа өрөө 11.42м2 юм байна гэж хэлэхэд л сар бүр 3.5м2-ийн түрээсийн төлбөр илүү төлж ирснээ мэдсэн бөгөөд тухайн үед өөрт нь яагаад худал мэдээлэл өгч түрээс илүү авсныг асуухад "таны ашиглалтын зардалд 3 м2 талбайн түрээс нэмж авсан гэж хэлсэн боловч түрээсийн гэрээнд ямар нэг ашиглалтын зардал тусдаа төлөх тохиролцоог хийгээгүй байдаг.
Улмаар би илүү төлсөн түрээсээ эргүүлэн авах шаардлагыг тавьж бичгээр нэхэмжлэн хандсан боловч тус компанийн хуулийн зөвлөх нь түрээсийн төлбөр шаардсан асуудалд тохиролцохгүй, С.Г захирал татгалзсан болохыг утсаар мэдэгдсэн тул маргааныг шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс аргагүй боллоо.
С.Г захирал түрээсийн илүү төлбөр авсан асуудлыг надад "Таны илүү төлсөн гээд байгаа түрээс цахилгаан шат, 00-ын цэвэрлэгээ, үйлчилгээ гээд зардалд шингэсэн байгаа. Эсхүл Л байрны 1 дүгээр давхарт засвар, тохижилтын ажил хийсэн зардлыг түрээслэгч нарын түрээсийн төлбөрт 3 м2 төлбөрөөр тооцож нэмж төлүүлсэн" гэх зэргээр ямар ч үндэслэлгүй, Түрээсийн гэрээнд тусгаагүй, тохиролцоогүй тайлбарыг өгдөг.
Илүү төлсөн түрээсийн төлбөрийг Л ХХК-иас нэхэмжлээд үр дүнд хүрээгүй тул шүүхэд хандахаар шийдвэрлэн "А" ХХК-иар өөрийн түрээсэлж байсан Лагшан төвийн 5 давхарт байрлах 0 тоот өрөөг хэмжүүлэхэд "11 м2 хэмжээтэй" гэсэн дүгнэлт гарсан. Л ХХК-ийн захирал С.Г-ийг түрээсийн өрөөний хэмжээний талаар түрээслэгч надад үндэслэлгүй, худал мэдээлэл өгч, сар бүр 4 м2 талбайн түрээс илүү авч, хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч миний Л ХХК-ийн захирал С.Г-тэй 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулсан Ажлын байрны талбай түрээслэх гэрээнд түрээсийн төлбөрийн хэмжээг түрээслэх өрөөний нэг м2-ийн үнийг төгрөгөөр хатуу тогтоож, түүнийгээ түрээсийн өрөөний нийт 15 м2-аар үржүүлэн тооцож сарын түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг. Ажлын байрны талбай түрээслэх гэрээ тус бүрийн "1.2-т Талбай: 15 м2", мөн гэрээний 2.1-д м2-ийн түрээсийн төлбөрийг хатуу тогтоосон байдлаар 2021 онд 30.000 төгрөгөөр, нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээг 450.000 мянга, 2022 онд м2-ийн түрээсийн төлбөрийг 35.000 мянган төгрөг, нэг сарын түрээсийн төлбөрийг 525.000 төгрөгөөр, 2023 онд м2-ийн түрээсийн төлбөрийг 40.000 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээг 600.000 төгрөг байхаар тус тус тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Н сар бүрийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлж байсан байна.
Энэ компанитай байгуулсан анхны гэрээ буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг байгуулахаас өмнө буюу 2021 оны 1,2 дугаар сарын төлбөрт би тус тус 450.000 нийт 900.000 төгрөгийг мөн төлсөн.
"А" ХХК-ийн хийсэн хэмжилтээр би сар бүр 4 м2-ийн түрээсийн төлбөрийг илүү төлсөн байх бөгөөд тооцон үзэхэд 2021 онд 1 сая 440 мянга, 2022 онд 1 сая 640 мянга, 2023 онд 1 сая 840 мянга, 2024 оны 4 сар хүртэл хугацаанд 480 мянган төгрөгийн түрээсийн төлбөрийг илүү төлсөн байх бөгөөд ЛХХК нь 3 жилийн хугацаанд надад нийт 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Иймд Л ХХК-иас 5,300,000 /таван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Н-д олгуулах шаардлага тавин гаргаж байгаа нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,300,000 /таван сая гурван зуун мянган төгрөг/ гэж тодорхойлсон бөгөөд уг шаардлагын 2,120,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 3,180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар эвлэрч байна. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,180,000 болгосныг хүлээн зөвшөөрч эвлэрч байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 3,180,000 төгрөгийг энэ гэрээг шүүхээс баталгаажуулсан захирамж гармагц төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан 5,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан гаргасан 5,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ 2,120,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Л ХХК нь үлдэх 3,180,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Ийнхүү зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, Л ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан гаргасан 5,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ 2,120,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Л ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,180,000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, Л ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,750 төгрөгөөс 49,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 32,915 төгрөгийг, хариуцагч Л ХХК-иас 32,915 /гучин хоёр мянга есөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА