Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/960

 

С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Т.Мөнхсүлд, Ш.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1477 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч С.Б-д холбогдох 2103 00241 0322 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн С-ын Б, 1985 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянхонгор аймгийн ... сумын ... дүгээр баг, -д оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

С.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цаг 18 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Замын булаг гэх газрын урд замд Ё.Ө-ын эзэмшлийн “Bieben ND 3250” загварын 00-00БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1. Замын тэмдэглэл 1.3. “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1 – хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, мөн дүрмийн 1.4, 1.1-1.3, 1.15.1-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.М-ийн жолоодон явсан “Nissan Advan” загварын 00-00ГГГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Б-ы амь насыг хохироож, эрэгтэй М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Г-ийн эзэмшлийн “Nissan Advan” загварын 00-00ГГГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 5.323.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурор газар: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...1. Тус шүүгдэгчид холбогдох гэмт хэрэг нь авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчигдсөн бодит нөхцөл байдлын хүрээнд үйлдэгдсэн нь тогтоогдсон байх тул тухайн авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг чанд мөрдөх, мөрдүүлэх үүрэг бүхий хувь хүн, хуулийн этгээдийн хийж гүйцэтгэх ажлын хүрээ хязгаар, үүргийн зөрчлүүд, хариуцлагын асуудлыг хангалттай нотлох баримт, үндэслэлийн хүрээнд нэг мөр, бодитойгоор нарийвчлан тогтоож, шалган шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “Тухайн үед зориулалтын өөр гарц, чиглэл гаргасан, өөрчилсөн талаар огт хэлээгүй, дохиочин байгаагүй, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө өгөөгүй, зарим заавар зөвлөгөөг нөхөн зуруулсан” тухай мэдүүлснээс гадна шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгч нар “А” ХХК, туслан гүйцэтгэгч “Ч” ХХК, тэдгээрийн эрх бүхий хүмүүс замын засварын аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүрэм, журмыг зөрчсөн талаар санал, дүгнэлт гаргасныг таамаглан үгүйсгэх боломжгүй.

1.1. Ерөнхий гүйцэтгэгч “А” ХХК, туслан гүйцэтгэгч “Ч” ХХК, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан, ажилтнууд тус бүр “Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам”-ыг хэрхэн яаж зөрчсөн эсэхийг нарийвчлан тогтоох, бодитой шийдвэрлэх шаардлагатай.

Тус нотолбол зохих асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, Зам, замын байгууламжийн норм ба дүрэм, 15-002-2016, Авто замын барилга угсралт, засвар арчлалтын ажлын үед Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм 4595:2007, Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын тусгай зөвшөөрөл олгох журам, Замын засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн үүрэгт хамаарах Замын хөдөлгөөний дүрмийн 27.4. а/, б/, в/, г/-д заасан үндэслэл, журам, Зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгсэл тэнхлэгийн даацад хязгаарлалт тогтоох журам, Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, засварлах, ашиглах журам зэрэг тусгайлсан хууль тогтоомжуудын хүрээнд үүрэг хүлээвэл зохих хувь хүн, хуулийн этгээд тус бүрийг хамааруулан нарийвчлан тогтоож, хариуцлагын асуудлын нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж үзнэ.

1.2. Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын ажил хийгдэж байсан орчин нөхцөлд үйлдэгдсэн тухайн зам тээврийн осол гарахад Замын хөдөлгөөний дүрмээс гадна мөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд хамаарах бусад тусгайлсан дүрэм, стандарт, журмууд нэгэн адил мөрдөгдөхөөр байх тул тус асуудлыг техникийн шинжээч ба хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн нарын дүгнэлтийг дангаар эсхүл хамтарсан байдлаар гаргуулах, холбогдох бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэн шалгахгүйгээр тус хэрэгт хууль зүйн зөв дүгнэлт хийх боломжгүй.

Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн байх нь эрсдэл аюул гарахгүй, гаргуулахгүй байх буюу эрсдэл аюулыг багасахад нөлөөлөх хүчин зүйлс болох учраас тухайн хүлээсэн үүргүүдийн зөрчлүүд ба эрсдэл аюулын харилцан хамаарал, нийлмэл шалтгаант холбооны асуудлыг бүрэн гүйцэд, хангалттай нотлон тогтоох, улмаар хууль зүйн хүрээнд зөв үнэлж, дүгнэх зайлшгүй шаардлагатай.

1.3. Ерөнхий гүйцэтгэгч “А” ХХК, туслан гүйцэтгэгч “Ч” ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд зарим тодорхой бус асуудлыг тодруулах, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг нягтлан шалгах, зөв дүгнэлт хийх шаардлага үүссэн.

Тухайлбал, ерөнхий гүйцэтгэгч “А " ХХК нь бусдаар зарим ажлыг туслан гүйцэтгүүлэх гэрээ хийсэн /1хх 212-215/ нь “Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам”-д хамаарах хууль тогтоомжид хэрхэн нийцсэн эсэх, туслан гүйцэтгэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөл, бусад шаардлагыг хэрхэн хангах, хангуулах ёстой байсан эсэх, гэрээний гол нөхцөл гэх “туслан гүйцэтгэгчийн автомашинуудаар ажил гүйцэтгэнэ” гэдэгт ямар ажлыг хэрхэн хамааруулж байсан, гүйцэтгэх ажилд хамаарах газрын хил хязгаар буюу талбай, чиглэл ямар байсан байсан эсэх, ерөнхий гүйцэтгэгч нь “Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам”-д хамаарах хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн яаж хариуцахаар үүрэг хүлээсэн, хүлээх ёстой эсэх, тус гэрээг туслан гүйцэтгэгч “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох Б.Г-тэй эсхүл Г.Т-тай хийсэн эсэх зэрэг тодорхойгүй асуудлыг бодитойгоор нотлон тогтоох шаардлагатай.

Мөн Г.Т нь “...Би “Ч” ХХК-ийг төлөөлж гэрээ хийсэн. ...” /3хх 101 /, ...“А” ХХК татвараас чөлөөлөгдөхийн тулд хувь хүнтэй биш хуулийн этгээдтэй гэрээ хийх ёстой гэсэн тул би “Ч” ХХК-аар гэрээ хийсэн, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг нөхөн зуруулсан зэрэг асуудлын тухай шүүх хуралдаанд мэдүүлсэн, талуудын гэрээнд туслан гүйцэтгэгчийг төлөөлж Б.Г, Г.Т-ын нарын нэр бичигдсэн, мөн хэнийх нь тодорхойгүй гарын үсэг зурагдсан /1хх 212-215/ байх тул тэдгээрийн үндэслэл, шалтгаан, эрхгүй этгээд гарын үсэг зурсан, нөхөн гүйцэтгэсэн эсэх зэргийг тогтоох зайлшгүй шаардлагатай.

2. Хангалттай бөгөөд эргэлзээгүй нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлж, шалгаж үнэлэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хууль ёсоор аль хувь хүн, хуулийн этгээд хэрхэн яаж хариуцах үндэслэл, журмыг таамаглан шийдвэрлэх боломжгүй. Авто зам, замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журмаар хүлээсэн үүргийг ерөнхий ба туслан гүйцэтгэгч хуулийн этгээд хэрхэн яаж зөрчсөн эсэх, үүргийн зөрчилд ямар хариуцлага хүлээлгэх эсэх нь нотлох баримын хүрээнд үндэслэлтэй, зөв шийдвэрлэгдээгүй орхигдсон тухайн тохиолдолд иргэний хариуцагчийг таамаглан тогтоох, таамагласан байдлаар хохирлыг шийдвэрлэх үндэслэлгүй.

3. Иргэний хариуцагч, түүний төлөөлөгчийг зөв татах, тогтоох, авто зам, замын байгууламжийн засварын ажлыг хийж гүйцэтгэж, гүйцэтгүүлж байсан албан ёсны эрх, үүрэг бүхий этгээд нь хуулийн этгээд байсаар атал тус хэрэгт зөвхөн хуулийн этгээдийн ажилтан гэх хууль ёсоор төлөөлөх, хариуцах үүрэггүй хувь хүнийг иргэний хариуцагчаар татсан байгааг зөвтгөх боломжгүй.

Тус хэрэгт иргэний хариуцагчаар “А” ХХК, “Ч” ХХК зэргийг хуулийн дагуу иргэний хариуцагчаар огт татаагүй, харин иргэний хариуцагчаар “А” ХХК-ийн хуулийн зөвлөх гэх Л.Г-ыг /Зхх 92/, “Ч” ХХК-д ямар ажилтай эсэх нь тодорхойгүй иргэн Г.Т-ыг /Зхх 99/, “Т” ХХК-ийн инженер Б.Б-ийг /Зхх 106/ тус тус татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хууль, Компанийн тухай хуульд тусгайлан заасан үндэслэл, журамд нийцээгүй. Мөн “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм хэрэгт авагдаагүй байх тул гүйцэтгэх захирал гэх Б.Т тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх, төлөөлөгч томилох эрхтэй эсэх нь тодорхойгүй, мөн иргэний хариуцагч Л.Г нь шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “А” ХХК-аас шүүх хуралдаанд оролцох эрхийг итгэмжлэлээр олгоогүй тул шүүх хуралдаанд хуралд оролцохгүй” гэсэн нь иргэний хариуцагч хуулийн этгээд, түүний төлөөлөгчийн асуудлыг зөв шийдвэрлээгүй болохыг илэрхийлж байна.

“Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар “Б овогтой Г”-г томилж бүртгэсэн /Зхх 102/, харин тус компанид ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэг баримт байхгүй байхад хууль ёсны бус гараар бичсэн, тодорхойгүй баримтын авч улмаар Г.Т-ыг гүйцэтгэл захирал гэж үзэн иргэний хариуцагчаар татсан нь /Зхх 98, 99/ хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

4. Тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дээрх үндэслэл нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн захирамж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн магадлал /Зхх-65-66, 80-83/-ын холбогдох зарим заалтууд бүрэн биелэгдээгүйн бодит илрэл болно. Энэ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нийтдээ 600.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн баримтуудыг шалгаж тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоож улмаар нягтлан шалгаж, дүгнэхгүйгээр орхигдуулсан.” гэж дүгнэж, С.Б-д холбогдох эрүүгийн 2103 00241 0322 дугаартай хэргийг Тээврийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэргийг прокурорт очтол С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт ВСЕ ангиллын 4хххххх дугаартай жолоочийн үнэмлэхийг хэргийн хамт Тээврийн Прокурорын газарт буцаан хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж хуульчилсан. Хэргийн хувьд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ө.О, иргэний нэхэмжлэгч М.М, гэрч М.А, С.Ө нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтад үндэслэн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байдлыг тогтоох ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болно. Нөгөөтэйгүүр зам тээврийн ослын хэрэгт мөрдөгч нь магадлагаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаанд хамаарах бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тайлбарлуулж байгаа ажиллагаа биш юм. Иймд мөрдөгчийн гаргасан магадлагаа нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Жолооч С.Б нь зам дээр хориглосон тэмдэг, тэмдэглэгээг давж хөдөлгөөнд оролцсон, мөн “амжина” гэж өөртөө хэт найдан төв замаар давуу эрхтэй зорчин явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй түрүүлж замын хөдөлгөөнд оролцсон нь дээрх зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон. С.Б-ын жолоодон явсан “Bieben ND 3250” загварын 00-00БББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хувь хүн буюу Ё.Ө-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авсан.

Гэрч М.А-ийн мэдүүлэг /1хх 68-69/, гэрч С.Ө-ы мэдүүлэг /1хх 73-74/ тус тус хэрэгт авагдсан байх бөгөөд дээрх компанийн зүгээс зааварчилгаа өгч ажилласан байна. Иймд дээрх асуудалд техникийн шинжээчийн дүгнэлт болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн нараар дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч Г.Т биечлэн ирсэн ба шүүхээс гэрээн дээр зурагдсан гарын үсэг мөн эсэх талаар асуултад “...Миний гарын үсэг мөн. Би хоёр янзаар гарын үсгээ ингэж бичдэг юм...” гэсэн тайлбар хэлсэн тул захирамжид дурдагдсан хэнийх нь тодорхойгүй гарын үсэг зурагдсан байх тул тэдгээрийн үндэслэл, шалтгаан, эрхгүй этгээд гарын үсэг зурсан, нөхөн гүйцэтгэсэн эсэх зэргийг тогтоох ажиллагааг гүйцэтгэх шаардлагагүй.

Прокурор хэргийг хүлээн авч хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн ба ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатар "А” ХХК болон “Ч” ХХК-ыг тус тус иргэний хариуцагчаар татсан ба “А” ХХК-ийг төлөөлөн Л.Г, “Ч” ХХК-ийг төлөөлөн Г.Т нар нь иргэний хариуцагчаар тус тус мэдүүлэг өгсөн ажиллагаа хийгдсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно." гэж хуульчилсан байх бөгөөд прокурорын шатанд амь хохирогчийн ажиллаж байсан гэх “Т” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-аас амь хохирогчийн буяны ажилд зарцуулагдсан нийт 68.003.037 төгрөг, хохирогч Ө.О нь 28 ширхэг буюу 1.385.207 төгрөгийн баримт, иргэний нэхэмжлэгч М.М нь 13 ширхэг буюу 4.659.389 төгрөгийн баримт тус тус гаргаж өгснийг хэрэгт хавсаргасан, иргэний нэхэмжлэгч Д.Г нь тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол болох 5.323.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба баримтуудыг тус тус шалгаж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоож улмаар нягтлан шалгасан бөгөөд дүгнэхгүйгээр орхигдуулсан зүйл байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1477 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-ы өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 1477 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Манай хохирогч, нөхөн олговрыг иргэний хариуцагчаас төлбөр тооцоо нэхэмжилсэн. 68.630.000 төгрөгийн оршуулгын зардал гаргаж өгсөн. 3 хүүхэдтэй. Нөхөн олговрын асуудлыг 2 байгууллагын хэн нь хариуцах, бусад зардлыг төлөх асуудал маргаантай байгаа учраас зөв шийдвэр гаргасан. Шүүх хуралдаанд “Ч” компани болон "А” компани нь хоорондоо хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр, яаж хийсэн нь тодорхой байдаггүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан гэж үзсэн. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Т.Мөнхсүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдийг шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад хүлээн зөвшөөрч байгаа вэ гэхээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар тодорхой үндэслэлийг тавьсан. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн эрх зүйн байдал болон нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай, хохирол гэсэн 3 асуудлаар анхан шатны шүүх дахин мөрдөн байцаалтад буцаасан. 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа бол өмнөх захирамжийн биелэлтийг хангуулаагүй гэдэг үндэслэлээр буцаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Учир нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нарт тухайн гэм хорын хохирлыг хэн хариуцахыг тодорхой болгох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх хэргийн процессыг бүхэлд нь хянах эрх үүрэгтэй. Энэ хүрээнд бид ямар асуудлыг тавьж байна вэ гэхээр шүүгдэгч 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг  хүртэл  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Өмнө нь хувийн баталгаа гаргах арга хэмжээ авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөх үндэслэл бүрдээгүй байхад шүүх арга хэмжээ авсан. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн шинж гэдэг ойлголтыг томъёолсон байгаа. Шүүгч гэмт хэргийн шинж болон мөрдөн байцаалтад буцааж байгаатай холбогдуулж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөөр шийдсэн гэдэг. Тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг юм. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд тодорхой гэмт хэргийн шинжтэй нь холбогдуулж таслан сэргийлэх арга хэмжээг сунгах болон өөрчлөхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Болгоомжгүй гэмт хэрэгт шууд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шууд сунгах үндэслэл байхгүй. Энэ үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ш.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон хохирогчийн ар гэрээс харамсалтай хэрэг гарсанд уучлалт хүсэж байна. Өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн гаргасан үндэслэлийг дэмжиж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1477 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй байна. Миний үйлчлүүлэгч С.Б-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Прокуророос С.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөний улмаас М.М-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Б-ы амь нас хохирсон, М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Г-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Ерөнхий гүйцэтгэгч “А” ХХК, туслан гүйцэтгэгч “Ч” ХХК, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан, ажилтнууд нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэхийг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэрэв зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тэдгээр үйлдэл, эс үйлдэл нь энэхүү осол гарахад нөлөөлсөн эсэх, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг бий болох бодит боломжийг бүрдүүлсэн буюу эрх бүхий албан тушаалтан, ажилтны үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой эсэх, тэдгээрт хариуцлага хүлээлгэх эсэхэд дүгнэлт өгөх үндэслэл болно.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хуульд заасан хор уршиг тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнээр дамжиж учирч буй боловч энэ нь бусад этгээдийн хууль бус үйлдэлтэй холбоотой эсэхийг шалган тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6-д заасан нотолбол зохих байдалд хамаарахаас гадна гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн тогтоолоор “А” ХХК-ийн хуулийн зөвлөх Л.Г-ыг /3хх 92/, “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Г.Т-ыг /3хх 99/, “Т” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Б.Б-ийг /3хх 106/ тус тус иргэний хариуцагчаар татсан байх бөгөөд тэдгээр нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

Тодруулбал, “А” ХХК-аас ирүүлсэн хүсэлт /3хх 91/-д тус компанид хуулийн зөвлөх ажилтай Л.Г-ыг төлөөлөгчөөр томилсон байхад түүнийг иргэний хариуцагчаар татсан, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Г-г гүйцэтгэх захирлаар 2020 онд сонгосныг бүртгэсэн байхад гүйцэтгэх захирал гэх Г.Т-ыг иргэний хариуцагчаар татсан, “Т” ХХК-аас ирүүлсэн тус компанид инженер ажилтай Б.Б-ийг иргэний хариуцагчаар томилсон агуулга бүхий  албан бичиг /3хх 105/-ийн дагуу Б.Б-ийг иргэний хариуцагчаар татсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд аливаа хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах, иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд нь өөрийнхөө эрх, үүргийг төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх асуудлыг ялгаа заагтай шийдвэрлэх шаардлагатай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиар давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1477 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа шүүгдэгч С.Б-ын үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдийн 1477 дугаартай захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1477 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ