Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 218/МА2020/00016

 

 ******* банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00406 тоот шийдвэртэй,

******* банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт хариуцагдах зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7261523,39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагч *******

Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *******, ******* нар ******* банкны Дундговь аймгийн тооцооны төвөөс 2017.05.02 өдөр ... зээлийн гэрээ байгуулан 11000000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар авсан. ... Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй. ... Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5941552,55 төгрөг, зээлийн хүү 1278045,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41924,93 төгрөг, нотариатын төлбөр 4500, улсын тэмдэгтийн хураамж 131134,37 төгрөгийг гаргуулахаар, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... 5 ханатай гэр, зурагт, хөргөгч зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... миний бие ******* банкны нэхэмжилсэн 7266023,39 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Миний бие *******ыг цалингийн зээл авахад гарын үсэг зурсан нь үнэн боловч нэг ч төгрөг хэрэглээгүй. Би 2018 оны 11 сараас 2019 оны 04 cap хүртэл уг зээлээс 5 сая төгрөг төлж байсан. ... Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* банкны нэхэмжилсэн 7266023,39 төгрөгийн төлбөрийг төлөхөө зөвшөөрч байна гэжээ.

Анхан шатны шүүх:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******аас зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү, нийт 7261523,39 төгрөгийг гаргуулан ******* банкны Дундговь салбарт олгож, хариуцагч *******гаас зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах тухай нэмэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2.Хариуцагч ******* зээлийн төлбөр 7261523,93 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох таван ханатай гэр, зурагт, хөргөгчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131134.37 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 131134.37 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дундговь салбарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах нь тухайн хувь хүний байдалтай холбоотой тул ******* цалингаа барьцаалж зээл авсан нь зөвхөн *******т хамааралтай бөгөөд хариуцагч *******д хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг хариуцуулах нь үндэслэлгүй юм. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4-р зүйлийн 4.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч тухайн зээлийг авч ашиглах эрхгүй байх тул тухайн зээлийг мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүргийг хүлээх нь үндэслэлгүй гэж хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зээлдэгч ******* ******* банкны Дундговь салбараас зээл авахад ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч гэрээнд заасан хэмжээний мөнгө ахуйн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байгаа талаарх хүсэлтээ гаргаж, хэн аль нь цалин орлогоо судлуулсаны үндсэн дээр тухайн зээл олгогдсон бөгөөд цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ зээлдэгч нар илэрхийлж, гэрээний үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Түүнчлэн зээлдэгч *******, ******* нар төрсөн ээж, хүү бөгөөд гэрээний дагуу ******* Банк ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ гэж, мөн зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийн бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй байна. Хэрвээ ******* зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй, цалин орлогоо судлуулаагүй байсан бол тухайн зээл олгогдохгүй байсан. Өөрөөр хэлбэл *******ын цалин орлого зээлийн гэрээнд заасан хэмжээний зээлийг авахад өр орлогыг харьцаа хангахгүй байсан учраас *******гийн цалин, бусад орлогыг хамтад нь тооцож судалсаны үндсэн дээр зээл авах эрх үүссэн юм.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ" гэж заажээ. Өөрөөр хэлбэл зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь ******* банкны Дундговь салбартай 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2017 тоот зээлийн болон БГХ2017 тоот барьцааны гэрээ байгуулснаар *******гийн хувьд гэрээгээр банкны өмнө үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь иргэний хууль болон гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу зээлдүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг үүрэг гүйцэтгэгч ******* өөрөө ухамсарлаж 2018 оны 11 сараас 2019 оны 4 cap хүртэл хугацаанд 5 сая төгрөг төлж байсан гэдгээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсанаас үзвэл гэрээний үүргээ биелүүлж байсан болох нь нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч ******* нь хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг ямар хуульд заасны дагуу хариуцах үндэслэлгүй гэдгээ хууль зүйн үндэслэл зааж дүгнээгүй. Иргэний эрх зүйн дээрх харилцаанд өрөөсгөл дүгнэлт хийж хэрэглэх ёстой хуулийн зохих заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т ...Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ'' гэж, мөн зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2017 тоот зээлийн болон БГХ2017 тоот барьцааны гэрээнд зээлдэгчээр *******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр ******* нар гарын үсэг зурсанаар хамтран үүрэг гүйцэтгэгч *******гийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч шаардах эрх бүхий буюу 242.2-т заасан хамтран хүлээх үүрэг нь гэрээнд зааснаар үүссэн байхад шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг нь үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх хуулийн шаардлагатай.

Иргэний хуульд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг хууль тогтоогчоос батлахдаа тус хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар тодорхойлсон болно.

Хариуцагч *******гийн хувьд уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч хувьдаа хэрэглээгүй гэж маргадаг бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулах, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох талаар шүүхэд шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн хүрээнд бус дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т шүүхийн шийдвэр нь шүүхэд гаргасан нэхэжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн шаардаагүй, иргэний хэрэг үүсгэгдээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргах эрхгүйгээр тайлбарласантай нийцээгүй байна гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 0 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00406 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хамтран үүрэг гүйцэтгэгч *******гаас зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар мөн адил гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар *******, ******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Шүүхээс хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасны дагуу хяналаа.

Нэхэмжлэгч ******* банкнаас хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7261523,39 төгрөг, нотариатын төлбөр 4500 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шаардсаныг шүүх хянан үзээд зээлдэгч Ч.Мөнхбаяраас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн төлбөрт 7261523,39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *******гаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэсгүй хэмээн давж заалджээ.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсын бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа хуульд заасан зарчим журмын дагуу явагдаж оролцогчдын эрхийг хангаж шийдвэрлэсэн, эрх зөрчсөн ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл болон хуулийн заалтыг үндэстэй сонгон тайлбарлаж хэрэглэжээ.

Талуудын байгуулсан гэрээ хэлцэл нь Монгол Улсын Иргэний хуулийн Банкны зээлийн үйл ажиллагаа гэсэн бүлэгт хамаарч байх бөгөөд энэ бүлгийн холбогдох зүйл ангийг үндэстэйгээр сонгон зүйлчилж хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд *******, ******* нарыг зээлдэгч нар гэж тодорхойлжээ. Гэтэл тэдгээрийн хооронд байгуулсан ЗГ201743034779 тоот гэрээнд ******* нь зээлдэгч биш харин хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, хариуцлага хүлээх үүргийг тодорхойлжээ.

Зээлийн гэрээний 4 дүгээр бүлэгт зааснаар бол хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн мөнгө хүлээн авахаас бусад эрхийг эдлэхээр заажээ.

Эндээс дүгнэн үзвэл маргаан үүссэн зээлийн гэрээний зээлдэгч нь *******, зээлдүүлэгч нь ******* банк байгаа нь ойлгомжтой байна.

Зээлийн гэрээний үндсэн дээр үүссэн маргааныг хууль болон гэрээнд нийцүүлэн хангаж шийдвэрлэсэн шүүхийн энэ шийдвэрлэлтийг буруутгах, хүчингүй болгох өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.8-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хожимдуулсан зөрчил нь бусад үүрэг гүйцэтгэгчид хамаарахгүй байхаар зохицуулсныг давж заалдах шатны шүүх анхаарч үзэв.

Сум дундын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан шаардлагын дагуу явагдсан байх тул давж заалдах шатны шүүхээс сум дундын шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00406 тоот шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нотариатын зардал 4500 төгрөг нэхэмжилснийг шүүх гаргуулахаар тодорхойлсон ч үнийн дүнг орхигдуулсныг мөн хууль хэрэглээний болон техникийн шинжтэй өөрчлөлт оруулан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисон тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 131134,37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00406 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.4, 242 дугаар зүйлийн 242.8, 242.11 гэж нэмж ...7261523,39 төгрөг гаргуулж гэснийг 7266023,39 төгрөг гаргуулж гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131134,37 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР