| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03124/И |
| Дугаар | 181/ШШ2024/03482 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/03482
| 2024 09 24 | 181/ШШ2024/03482 |
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 08 дугаар хороо,0 тоотод байрлах Ж ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 0 тоотод байрлах О ХХК /РД:0-д холбогдох,
Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 7,825,075 төгрөг, алданги 3,912,537 төгрөг, нийт 11,737,612 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Ж" ХХК нь О ХХК-тай 2021 оны 09-р сарын 01-ны өдөр 21-439 тоот түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан.
Хариуцагч нь түрээсийн гэрээгээр хэв, труба, булан гэх нийт 170 ширхэг бараа материал түрээслэн авч 157-450 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байна.
Хариуцагч нь түрээслэн авсан 170 ширхэг бараа материалаас 6 метрийн труба 35 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг "Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.3 дах хэсэгт Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө" заасны дагуу тус барааг зарах үнээр тооцоолсон болно.
Актын тооцоо: актлагдсан бараа: 6м труба цагаан хуучин, тоо: 6, нэгж үнэ: 125,400, дүн: 4,389,000 төгрөг.
Мөн Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт /түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө/ гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 3,912,537 төгрөгийн алданги тооцов.
Манай байгуулагын зүгээс удаа дараа гүйцэтгэх захирал Л.Ц-ай холбогдож түрээсийн үлдэгдэл тооцоог шаардаж, бүх нөхцөл байдлыг албан бичгээр мэдэгдсэн. Бид утсаар ярьж, цагдаашаар эрэн сурвалжлуулж гэрийн хаягийг тодорхойлсон, холбогдхоор удахгүй төлнө, дуусгачихнаа, ямар ч асуудалгүй, мөнгө ороод ирвэл шууд хийнэ гэх зэргээр бидэнд хэлсэн. Гэвч энхүү хугацаанд ямарч төлбөр төлөхгүй байгаа нь манай байгуулагын эрх ашигийг хохироож байна.
Иймд хариуцагч О ХХК-иас Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 7,825,075 төгрөг, алданги 3,912,537 төгрөг, нийт 11,737,612 /арван нэгэн сая долоон зуун гучин долоон мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэрэгт 2 тал харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна.
Эвлэрэлд хариуцагч О ХХК нь энэ өдрөөс хойш 20 хоногийн дотор 6,500,000 төгрөгийг төлвөл нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 11,737,612 төгрөгийн 5,237,612 төгрөгөөс татгалзаж, харин хариуцагч тал 20 хоногт багтаан тохирсон 6,500,000 төгрөгийг төлөхгүй бол нэхэмжлэлийн үндсэн шаардлага 7,825,075 төгрөг дээр алданги 1,000,000 төгрөгийг нэмж 8,825,075 төгрөгийг гаргуулж авахаар харилцан тохиролцов.
20 хоногийн дотор төлөх 6,500,000 төгрөгийг Хаан банкны 5030653265 тоот /Ням-Очир гэсэн/ дансанд хийснээр төлөгдсөнд тооцно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЖХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 7,825,075 төгрөг, алданги 3,912,537 төгрөг, нийт 11,737,612 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч О ХХК-ийг 6,500,000 төгрөгийг энэ өдрөөс 20 хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлсөн тохиолдолд барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 11,737,612 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 5,237,612 төгрөгийн шаардлагаас татгалзахаар, хэрэв 6,500,000 төгрөгийг тогтоосон хугацааны дотор төлөөгүй тохиолдолд барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 11,737,612 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 2,912,537 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч О ХХК нь үлдэх 8,825,075 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Ийнхүү зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, О ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч О ХХК-ийг 6,500,000 төгрөгийг энэ өдрөөс 20 хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлсөн тохиолдолд барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 11,737,612 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 5,237,612 төгрөгийн шаардлагаас татгалзахаар, хэрэв 6,500,000 төгрөгийг энэ өдрөөс 20 хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлөөгүй тохиолдолд барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 11,737,612 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 2,912,537 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О ХХК нь үлдэх 8,825,075 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, О ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 156,151 /нэг зуун тавин зургаан мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА