| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00804/И |
| Дугаар | 135/ШШ2024/01111 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2024/01111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00804/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* өөрийн байр хаягт байрлах “*******” ХХК-д холбогдох,
“114,444,694 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...“*******” ХХК нь “*******” ХХК-аас барилгын арматурын төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг “*******” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэвч “*******” ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд арматурын төмрийг “*******” ХХК-д хүлээлгэн өгөөгүй тул талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар “*******” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч Д.Баярмаа, “*******” ХХК-ийг төлөөлөн ахлах нягтлан бодогч С.******* нар оролцсон. Тус тооцооны үлдэгдлийн баталгаа ******* тоот хуудсаар “*******” ХХК нь “*******” ХХК-д 114,444,694 төгрөгийн өртэй гарсан болно. “*******” ХХК-ийн өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан албан бичгийг хүргүүлж байсан хэдий ч хариу өгөхгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан авах эрхтэй” гэж, 492.1.1-т “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл харилцан тохиролцсон арматурын төмрөө хүлээлгэн өгөх үүргээ “*******” ХХК нь биелүүлээгүй, “*******” ХХК-ийн арматурын төмөр худалдан авахаар шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүрсэн ба тус компани нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.
... “*******” ХХК-ийн зүгээр “*******” ХХК-аас 114,457,824 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тус хоёр компанийн хооронд дахь тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан үнийн дүн нь 114,444,694 төгрөг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг “*******” ХХК-аас 114,444,694 төгрөг гаргуулах тухай болгон тодруулж байна” гэжээ.
2.Хариуцагч “*******” ХХК нь хариу тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөх боломжгүй байна. Үүнд,
Нэхэмжлэлд “*******” ХХК нь “*******” ХХК-аас барилгын арматур төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг “*******” ХХК-ийн дансанд шилжүүлсэн” гэж дурдсан боловч нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтад төлбөр төлсөн баримт байхгүй байна.
Талуудын байгуулсан гэх тооцооны үлдэгдлийн баталгаанд төлөгч байгууллагын тэмдэг дарагдаагүй. Мөн өглөг авлагын товч тайланд тамган тэмдэг дарагдаагүй нь дээрх баримтууд хууль зүйн хүчин төгөлдөр нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс дээрх баримтыг үндэслэж нэхэмжилсэн төлбөрийг төлөх хуулийн үүрэггүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/2024-25 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2011/03/16-01 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаа, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл өглөг, авлагын товчоо тайлан, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2116545 дугаартай Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05/027 дугаартай “*******” ХХК-ийн “Төлбөр шаардах тухай” албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/210 дугаартай “*******” ХХК-ийн “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 720 дугаартай кассын зарлага, 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15808 дугаартай бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны хуудас, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны хуудас, баримт, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2458 дугаартай кассын зарлага, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15808 дугаартай бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зочид буудлын бүртгэл, тооцооны хуудас, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 507 дугаартай кассын зарлага, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15808 дугаартай бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зочид буудлын бүртгэл, тооцооны хуудас, ******* ХХК-ийн төлбөрийн баримт, санхүүгийн баримт, “*******” ХК-ийн баримт, харилцагчийн гүйлгээний баримт (хх 3-11, 34-44, 50-54,71,72х) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/1130 дугаартай итгэмжлэл (хх 19,20х) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдох “114,444,694 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Манай компани ******* ХХК-иас арматурын төмөр худалдан авах зорилгоор 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 100,000,000 төгрөг, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 130,000,000 төгрөг шилжүүлсэн боловч ******* хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд арматурын төмрийг хүлээлгэн өгөөгүй тул үлдэгдэл талуудын тооцоо нийлсэн актын дагуу 114,444,694 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Арматур худалдан авахаар 2007 онд 230,000,000 төгрөг шилжүүлсэн гэж нэхэмжлэгч шаардлага гаргасан ба уг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж буй нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, компанийн санхүүгийн тамга тэмдэг дарагдаагүй, хэн гарын үсэг зурсан нь мэдэгдэхгүй, хэний данс руу мөнгө шилжүүлсэн нь харагдахгүй байна. ******* рүү мөнгө шилжүүлсэн гэх боловч талууд гэрээ хэлцэл байгуулаагүй, юуны мөнгө шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна...” гэж тайлбар гаргасан.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа /******* ТӨХК гэсэн бүдэг тамга харагдана/ хх71х, өглөг авлагын товчоо тайлан хх72х, Голомт банкны шилжүүлгийн баримтууд хх51,53х, харилцагчийн гүйлгээ дэлгэрэнгүй баримт хх54х гэх баримтуудаар нэхэмжлэгч нь 2007 онд арматурын төмөр худалдан авахаар 230,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, үүнээс 114,444,694 төгрөгийн арматурын төмрийг хариуцагч нийлүүлээгүй тооцооны үлдэгдэлтэй байгаа үйл баримт тогтоогдож байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй, 254.4-т Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-аас дутуу нийлүүлсэн арматурын үнийг буцаан шаардах эрхтэй.
7.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ. 75.2.1.Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэжээ.
2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар тооцоо нийлж тооцооны үлдэгдлийг баталгаажуулснаас эхлэн нэхэмжлэгчид хариуцагчаас үлдэгдэл мөнгөө шаардах эрх үүссэн байх ба энэ хугацаанаас хойш 2023 оныг хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Нэхэмжлэгчээс 2015, 2017, 2019 онд компанийн ажилтнууд нь Дархан-Уул аймаг руу очиж хариуцагчаас мөнгөө шаардахаар уулзаж байсан гэж боловч үүнтэй холбогдуулан гаргаж өгсөн кассын зарлага, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зочид буудлын бүртгэл тооцооны хуудас зэрэг томилолтын баримтууд дээр нэхэмжлэгч компанийн ажилтнууд ямар албан ажлаар Дархан руу томилолтоор явсан талаар дурдаагүй, энэ талаар тодорхойлох боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тухайн маргаантай асуудлаар өмнө шүүхэд хандаж байсан гэх боловч нотлох баримтаа ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
8.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН