Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0740

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто замын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханд холбогдох Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгийн дүгнэлт бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүү нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Авто замын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайхан нь Монгол ЛЗ зам гүүр ХХК-ийн зөрчилд 0178888 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөрчлийн тухай хуулийн зүйл хэсэг, заалтыг орхигдуулан шийтгэл оногдуулсан зөрчил гаргажээ. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон авто тээврийн хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханы 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0178888 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто замын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайхан нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгээс гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр илэрхийлж байх бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто замын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайхан нь тухайн зөрчилд ногдуусан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгийн Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто замын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханд холбогдуулан гаргасан Авто замын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханы 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0178888 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ