Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/961

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Р.Батцогт,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/1041 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-д холбогдох 1809 04615 0961 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Б, 1970 оны ... дугаар сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Орхон аймгийн ... сум, ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ... /;

Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө иргэн Ц.Б-ийн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд байрлах Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, уг хаалгаар нэвтрэн орж "Haier" загварын зурагт, “MNBC" нэртэй антен хүлээн авагч төхөөрөмж зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 672.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00:00 цагийн үед Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны ... тоотод иргэн Л.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар элэг рүү нь гараараа гурван удаа цохиж, газар унасных нь дараа толгой, нүүр, хамар, гэдэс, нуруу хэсэгт нь удаа дараа дэвсэж, эрүүл мэндэд нь “Хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал, урагдал, ходоодны чацархайн урагдал, элэгний няцрал, цээжний битүү гэмтэл, хоёр талын уушгины няцрал, цээжний зүүн хөндийн цусан хураа, зүүн 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын хугарал, нүүр, зүүн бугалга, шуу, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хөмсөг, дээд, доод уруулд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун тохойнд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Б.Б-ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Б.Б-ын цагдан хоригдсон 52 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцохоор, хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, энэ гэмтлийн улмаас гарах, гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, баримтаар төлөх төлбөргүй, Б.Б-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Р.Батцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол гаргах хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх “52 хоног” гэж буруу тооцсоныг залруулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах., мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Б-д холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гардаж авсан. Өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хууль, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон. Анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр болсон. Шүүгдэгчийн 78 хоног цагдан хоригдсон хоногийг шүүхийн шийтгэх тогтоолд “52 хоног” гэж бичсэнийг зөвтгүүлэх нь зүйтэй. Хоригдож байгаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас хасвал энэ ялын биелэгдэх шинж хангагдана гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

  1. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хохирогч Ц.Б-ийн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд байх Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтрэн орж "Haier" загварын зурагт, “MNBC" нэртэй антен хүлээн авагч төхөөрөмж зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 672.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Б-ийн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 07 цагт ажилдаа яваад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ирэхэд гэрээс зурагт хулгайд алдагдсан байсан. ...Аавтай хамт архи уусан өөрийгөө “Харцага” гэж нэрлээд байгаа хүнийг сэжиглэж байна. ...” /1хх 27-28/,

гэрч М.Ц-ийн: “...Би том шилтэй архи хоёрыг аваад танилцсан гэх Б.Б /Харцага/ гэх хүнтэй хамт архи уусан. ...Би Б.Б, П хоёртой муудалцсан. Юунаас болоод муудалцсанаа санахгүй байгаа. Тэгээд байж байсан чинь П түрүүлээд гараад явсан. Араас нь нөхөр нь гарсан. ...Б.Б нь байхгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ ирсэн. Намайг гэрт ирсэн чинь манай гэрийн цоожийг цохиж онгойлгон орж зурагт, хүлээн авагч хоёр аваад явсан байсан. ...” /1хх 30/,

шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Тухайн үед гурвуулаа хоёр шил архи уугаад дахин архи уух гээд Ц.Б-ийн гэрийг нь онгойлгож, зурагтыг нь авсан. ...” /2хх 203/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ц.Б-ийн гэрээс алдагдсан “Haier” загварын зурагт, “MNBC” хүлээн авагчийн үнэлгээг 672.000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн дүгнэлт /1хх 36-37/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-16/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд энэ гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд нийгмийн хор аюул их гэж үзэж хууль тогтоогч хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Хохирогч Ц.Б-ийн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсны улмаас Ц.Б-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд анхан шатны шүүх Б.Б-ын энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

  1. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00:00 цагийн үед Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хохирогч Л.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар элэг рүү нь гараараа гурван удаа цохиж, толгой, нүүр, хамар, гэдэс, нуруу хэсэгт нь удаа дараа дэвсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Б-ийн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр архи уугаад бүгд согтож эхэлсэн бөгөөд би гудас дэвсээд унтаад өгсөн. Нэг мэдсэн хүмүүс хэрэлдээд орилоод эхэлсэн. ...Намайг Г газар маш олон удаа цохиж, зодсон бөгөөд би ухаан алдаад унасан байсан. Надад шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг “Начин” гэх хочтой залуу учруулсан бөгөөд миний элэг рүү гараараа гурван удаа цохиж, газар унасны дараа толгой, нүүр, хамар, гэдэс, нуруу болон бүх газар руу дэвссэн. ...” /2хх 83-85/,

хохирогч Д.Н-ийн: “...Манай найз Ё.Б “Чи миний найзыг яаж байна” гэхэд түүнийг мөн л зодож эхэлсэн. Би гэрээс гүйж гараад хүмүүсээс утас гуйсан боловч тоохгүй байсан тул би буцаж орж ирэхэд манай найз нил цус болчихсон хэвтэж байсан....” /2хх 77-78/,

шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Л.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 203/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд “Хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал, урагдал, ходоодны чацархайн урагдал, элэгний няцрал, цээжний битүү гэмтэл, хоёр талын уушгины няцрал, цээжний зүүн хөндийн цусан хураа, зүүн 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын хугарал, нүүр, зүүн бугалга, шуу, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хөмсөг, дээд, доод уруулд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун тохойд зулгаралт” бүхий хүнд гэмтэл учирсан, эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9278 дугаартай дүгнэлт /2хх 94/,

таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Б.Б-ын гэрэл зургийг №5 гэж дугаарлан 1-6 гэж дугаарласан гэрэл зургийг хохирогч Л.Б-д дахин үзүүлэхэд №5 гэж дугаарласан гэрэл зургийг “Энэ намайг зодож, миний биед гэмтэл учруулсан “Начин” гэх хочтой эрэгтэй байна” гэв. ...” гэх тэмдэглэл /2хх 96-99/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тэдгээрийн ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, харьцуулан шинжлэн судлах замаар шүүх үнэлж, дүгнэлт хийдэг.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б-ын хохирогч Л.Б-тэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаар мэдүүлсэн хохирогч Л.Б, Д.Н нарын мэдүүлэг нь таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээр давхар нотлогдож байгаагаас гадна шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9278 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь шүүгдэгч Б.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд анхан шатны шүүх түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон, хуульд нийцсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас батлан, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус заасан.

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх  зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах дүйцүүлэн сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгчийг Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух бүртгэлтэйг харгалзан түүнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

          Аль ч шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол  эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хууль болон Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл, зарчмын хүрээнд шийдвэрлэдэг болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү хэм хэмжээ нь дээр дурдсанчлан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, энэхүү зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хассан, дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд ялуудыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах оногдуулахдаа уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн эсэх, хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх эсэхийг дурдаагүй орхигдуулсан байна.

            Мөн шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэл нийт 78 /далан найм/ хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх цагдан хоригдсон хугацааг буруу тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 52 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид аль ашигтай байдлаар хуулийг хэрэглэх учиртай.

Хорих ял нь зорчих эрхийг хязгаарлах ялтай харьцуулахад тодорхой эрх бүхий байгууллагын хяналт дор эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж байдгаараа илүү хүнд ялд тооцогддог тул шүүгдэгч Б.Б-ын урьд цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь хуульд нийцнэ.

Иймд, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлоос “цагдан хоригдсон хоногийг зөвтгүүлэх” хэсгийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/1041 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/1041 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            6 дахь заалтын “...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох...” гэснийг “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох...” гэж,

            7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ын цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж,

            тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж эдлүүлсүгэй”,

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтууд тус тус оруулсугай.

  1. Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 93 /ерэн гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ