Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                              П.Нямсүрэн

            Улсын яллагч                                            Э.Энхбат

            Шүүгдэгч                                                    Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Од холбогдох 1732000000076 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

     

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэпгэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *, Хиадборжигон овогт Ганболдын О РД:/*/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Г.О нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р хэсгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс Ану” нэртэй баарны гадаа  2017 оны 11 сарын 28-ны орой иргэн П.Дыг өөрийг нь тоохгүй, юм ярисангүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 700000 төгрөгний хохирол төлсөн. Маш их харамсаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Д мэдүүлэхдээ: ... “...Төгс Ану” баарнаас 22 цаг болж байхад гарахад Г.О ах миний араас нуруу руу цохихоор нь би эргээд харсан чинь нүүрлүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед миний хөмсөгнөөс цус гарсан ба Занданбат, Жанчив ах нар салгасан.Би Баруунхараагийн эмнэлэгт очиж 8 оёдол тавиулчихаад Дархан-Уул аймгийн эмнэлэгт толгойны зураг авхуулахад баруун чамархай хэсэгт жоохон цус хуралттай байна гэж хэлсэн.....Эмчилгээний зардалд 500000 төгрөг зарцуулсаныг Г.О ах төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10-11-р тал/

Шинжээчийн №1150 дугаартай дүгнэлтэн дэх “...П.Дын биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархай хэсгийн цусархаг няцрал, тархи дОт, баруун хөмсөгний шарх, 1 шүдний хугарал, 1 шүдний хөдөлгөөтэй байдал, баруун нүдний зовхины цус хуралт, доод эрүүний баруун тал, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” /хх-ийн 13-р тал/

Шүүгдэгч Г.О нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р хэсгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс Ану” нэртэй баарны гадаа  2017 оны 11 сарын 28-ны орой иргэн П.Дыг өөрийг нь тоохгүй, юм ярисангүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч П.Дын биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархай хэсгийн цусархаг няцрал, тархи дОт, баруун хөмсөгний шарх, 1 шүдний хугарал, 1 шүдний хөдөлгөөтэй байдал, баруун нүдний зовхины цус хуралт, доод эрүүний баруун тал, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Хиадборжигон овогт Ганболдын Оыг  хүний эрүүл, мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

            2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Г.Оыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгосугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.О нь 650.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон 03 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

6. Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ