| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2022/0243/Э |
| Дугаар | 0084 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 0084
Б.Гэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Б.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Г
Хохирогч Ш.Н
Шинжээч эмч Ж.Г
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Гэд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт Б-н Г,
Б.Г нь 2022 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө аймгийн сумын багийн тоотод иргэн Ш.Нг зодож, эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Х овогт Б-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баттөрийн Гийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Гээс 446.930 төгрөг гаргуулан хохирогч Ш.Над олгож, хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Б.Гээс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би Нын тархинд гэмтэл учруулаагүй. Мөн түүний биед байгаа 7 тооны цус хуралтыг үүсгээгүй. Би Ныг миний хувцсыг өмсчихсөн гаднаас орж ирэхээр нь тайл гээд тайлахгүй болохоор нь хоёр болон гурван удаа алгадсан нь үнэн, хацар руу нь алгадсан. Миний алгадсанаас болоод Нын тархи гэмтсэн гэхэд эргэлзсэн байна. Иймд энэ хэргийг дахин шалгаж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа:
... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шинэ гэмтэл гэж шинжээч үзэж байгаа тул бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай. Таслан сэргийлэх арга хэмжээ болон зүйлчлэлийг өөрчилж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г тайлбартаа:
... Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогч өөрөө гэмтэл авснаа мэдээгүй явсан. Б.Г нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан. Харин хүнд гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй байна. Хохирогч гэмтэл авснаас хойш мэс засалд орох хүртэл ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх боломжгүй. Эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй. 3 дугаар сарын 01-нийг хүртэл манайд байсан, гараад явсан гэж ээж нь мэдүүлдэг. 03 дугаар сарын 02-05-нд Хур буудалд байсан. Шинжээчийн дүгнэлтэд нүдний гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна гэсэн байгаа. Иймд зүйлчлэлийг өөрчилж, торгох ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг хасаж тооцно уу. Хуульд өөрчлөлт орсон тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ш.Н тайлбартаа:
... Нэлээн хэдэн удаа алгадсан. Өөрөө мэдэж байгаа. Би хувцсыг нь өмсөөгүй. Оймсыг нь өмссөн. Хур буудалд хүнд зодуулаагүй, Гээс өөр хүнд зодуулаагүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ...Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Гийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч, хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
“Х” овогт Б-н Г нь 2022 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө аймгийн сумын багийн тоотод оршин суух иргэн Т.Б-н гэрт хохирогч Ш.Ныг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Ш.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр анх мэдүүлэхдээ:
“... 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үед найз Ц-тэй уулзсан. Тухайн үед Ц түүний найз залуу мөн Г гэх /тухайн үед танилцсан/ залуутай баг тоотод Ц-д архи ууж хоносон. Хонож байх үед Г гэх залуу нь надтай бэлгийн харьцаанд орно гэхээр нь дургүйцтэл нүүр рүү алгадаад, толгой руу цохисон, яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд хоёр нүд хөхөрч хавдсан байсан. Тэрнээс хойш гайгүй болчих байх гэж бодоод яваад байсан боловч толгой өвдөөд байсан болохоор толгойны эм тухайн үед нь уугаад яваад байсан ...” гэж /хх-52-53/
дахин буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэхдээ: “... Тухайн шөнө бид дөрөв 00 цаг өнгөрөөд унтсан, шөнө унтаж байтал Г намайг хамт унтая гээд татаад байхаар нь би чадахгүй гэж хэлсэн. Энэ үед Г нь гараараа миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон, би хэд цохисныг мэдэхгүй байна ... 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цагдаад дуудлага өгөөд цагдаагийн албан хаагчид ирсэн, тухайн үед Г надаас уучлал гуйж бид хоёр хоорондоо тохиролцож эмчид үзүүлэхээр болоод би ямар нэгэн гомдол гаргаагүй.
... өдөр 15 цагийн үед би Х-д байх аавынхаа гэрч очсон, очиход ээж, аав байсан. Тухайн өдрөөс хойш би аавын гэрт байж байхад 2022 оны 03 дугаар сарын 04 билүү 05-ны өдөр Ц над руу залгаад Х буудалд найз нартайгаа хамт байна хүрээд ир гэсэн ... Би Ц-н найз залуугийн гэрт байх үед Г гэх залууд зодуулсан, өөр хэн нэгэнд зодуулаагүй ... аавын гэрт очсон, тухайн өдрөөс эхэлж миний толгой өвдөөд байхаар нь Х-н ойролцоох эмийн сангаас цитрамион нэрэй эм авч хэд хоног уусан боловч толгойны өвчин намдахгүй байсан ... ” гэж /хх-55-56/,
анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “... 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Ц гээд найзтайгаа Ц-н найз залуугийнд очиж хамт архи уусан. Би Б.Гийн хувцсыг нь өмсөөгүй. Оймсыг нь бол цагдаа дуудахаар гарахдаа өмссөн байсан. Өмд хувцсыг нь бол өмсөөгүй. Би одоо толгойгоо нөхүүлмээр байна. Цоорхой толгойтой байгаа. Архи уусан нь үнэн. Манай ээж хүртэл мэднэ, ... би мэдэхгүй байна. Намайг алгадахаар нь би нүдээ аньчихсан байсан болохоор. Толгойн хэсэг рүү ээлжлээд алгадна, хавсарч алгадаж байсан ..., тэр өдөр Б.Г намайг зодоогүй байсан бол би биеэрээ хохирно гэж байхгүй ..., хэвтүүлж байгаад цохисон ..., ... хөлөөрөө өшиглөөгүй гараараа цохисон...” гэж тус тус мэдүүлсэн байна.
Хохирогчийн өгсөн дээрх мэдүүлгүүд нь гэрч Б.Э-н “ ... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутын үед 304 тоот өрөөнд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийт тавуулаа орцгоосон. 2022 оны 03 сарын 05-ны өдөр манай ресепшин Б над дээр ирээд 302 тоотод эмэгтэй хүн бие нь эвгүйрхээд байна гэхээр нь яваад ороход нэг эмэгтэй орон дээр хамаг бие нь чангарчихсан, таталт өгч байхаар нь би түргэн тусламж дуудсан. Уг өрөөнд ороход 304 тоотод орсон 3 залуугийн нэг нь анх орж ирсэн эмэгтэйн хамт, 305 тоотод ганцаараа хоносон эмэгтэй нар 302 тоотод ороод ирчихсэн, хоорондоо нийлчихсэн, согтуу байцгааж байсан. Тэд нар хоорондоо нэгнийгээ таньдаг гэцгээж байсан ... тэр хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдсон зүйл гаргаагүй, чимээ шуугиан гараагүй. Таталт өгч байсан эмэгтэй анх орж ирэхдээ л 2 нүд нь хөхөрчихсөн орж ирсэн ба ажилчиддаа зодоон, нүдээн хийчихсэн хүмүүс оруулчихлаа гээд ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/,
гэрч Б.А-н ... 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 05 минутад манай яаралтай тусламжийн тасагт “Х” гэдэг зочид буудлаас овог нэр нь тодорхойгүй, 30 гаран насны эмэгтэй хүн толгойдоо бэртэлтэй байж болзошгүй, ярих чадваргүй, 2 нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. Тэгээд тухайн эмэгтэйд тархины томограффын шинжилгээ хийхэд “субдуральны гиматом” оноштой байсан тул гэмтлийн тасагт шилжүүлж яаралтай, хагалгаа хийх болсон ... гэсэн мэдүүлэг /хх-62/,
гэрч Т.Ж-н “...2022 оны 02 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, манай гэрт 10 цагийн үед ирсэн. Тухайн үед охины 2 нүд нь тагларч хавдсан байдалтай нүдээ нээж чадахгүй байсан ба би охиндоо хүйтэн жин тавьж өгсөн. Юу болсон талаар өөрөөс нь асуухад газар шургаад уначихсан гэж хэлсэн...Зээ хүү Н-г манай гэрт 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирэх үед нь ээжийнх нь нүд хөхөрсөн байдлыг харуулахад ээжээ та хаана ийм болчихсон юм бэ ямар аймаар юм бэ, та гэртээ ир л дээ гэж хэлж байсан...Н манай гэрт байх хугацаанд толгой өвдөөд байна гэж хэлж байсан ба цитромон гэх нэртэй эм ууж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-64-66/,
гэрч Т.Б-н ... орон дээр хэвтэж байсан эмэгтэй бие нь эвгүй болчихсон, таталт өгөөд байхаар нь би зохион байгуулагч Э руу мэдэгдэж, түргэн дуудуулсан ... давхруудаар ойр ойрхон шалгаж явсан ба хоорондоо маргалдах зодолдох чимээ шуугиан гараагүй. Өрөөнд нь ороход хүртэл маргалдаж муудалцсан байдал харагдаагүй. Намайг харахад нүд нь хөхөрсөн байдалтай харагдсан ...” гэсэн мэдүүлэг /хх-68/,
гэрч О.О-н “... манай эхнэр гэрээсээ гараад 10 гаруй хонож байгаа юм ... 2022 оны 03 дугаар сарын 04-ний Баасан гаригт манай том хүү өвөөгийндөө очиж хоноод хагассайных нь өглөө ирэхдээ ээжтэйгээ уулдсан байсан ба ээжийн нүд нь хөхөрчихсөн явж байсан гэж хэлж байсан.Тэгээд би маргааш нь Н руу залгаж гэртээ ирэхгүй юм уу гэхэд нүүр, ам жоохон тийм байнаа гайгүй болохоор нь очно гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-70/,
гэрч Т.Б-н “ ... Ц манай хуурай дүү Г, Н бид дөрөв 2 шил архи, 1 сав пиво уугаад бид нар нилээн согтоод би Ц-тэй орон дээр, Н, Г нар нь газраа ор засаад унтацгаасан. Өглөө дөнгөж гэгээ орж байх үед Н нь Ц-г сэрээх гээд татаж байгаад гарч яваад хэсэг хугацааны дараа гаднаас орж ирээд Ц бид хоёрыг сэрээгээд миний нүдийг хар даа, Г надтай хүчээр бэлгийн харьцаанд орох гээд зодчихлоо гэж хэлэхээр нь би Ганааг татаж сэрээгээд чи хүний нүдийг яагаад ийм аймар болгосон юм бэ гэтэл Г нь мэдэхгүй байна гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /хх-72/,
гэрч Х.О-ы “ ... уг өдрөөс өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Ш.Н нь найз Ц-н хамт манай гэрт орж ирсэн бөгөөд тухайн үед Нын 2 нүд нь хавдчихсан, хоёр нүд нь бараг юм харж чадахгүй юм шиг байсан болохоор нүдээ яасан юм гэтэл нэг залуу намайг оролдоод байхаар нь болиултал уурлаад цохичихсон юм гэж байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-74/,
гэрч Г.Ц-н “... Б, Г, Н бид дөрөв хоол хийж идээд хөзөр тоглож байгаад нэг шил архи, нэг том пиво уусан. 23 цаг хүртэл сууж байгаад архи, пиво дуусаад дахин нэг шил архи авахаар болж бид дөрөв дэлгүүр явсан. Өглөө үүрээр гэрийн хаалга дуугарах шиг болохоор нь сэрээд харахад өглөөний 5 цаг болж байсан. Б сэрүүн байхаар нь хэн гараад явсан бэ гэхэд Ныг гараад явчихлаа гэсэн. Би босоод хувцсаа өмсөөд араас нь гарахад харанхуй гудамжинд хүн харагдахгүй болохоор нь буцаж орж ирээд сууж байтал Н хэсэг хугацааны дараа гаднаас цагдаатай орж ирэхээр нь гэрэл асаагаад хартал Нын 2 нүд нь хавдаад аймар болчихсон, Г намайг зодчихлоо гэтэл цагдаа нар Г-г босгоод Н бид гурав цагдаа дээр ирээд Н, Г хоёр цагдаатай уулзаад бид нар явцгаасан, Уг өдрөөс хойш 3 орчим хоногийн дараа Б руу утсаар залгаад хүний нүд амыг ийм айхтар болгочихоод ядаад эм тариа авч өгөөч гэж Г-даа хэлээч гэтэл утас нь холбогдохгүй байна гэж хэлж байсан ... Х буудалд байх үед Ныг хэн нэгэн зодож цохисон зүйл болоогүй... ” гэсэн мэдүүлэг /хх-76, 79/,
гэрч Б.А-н “ ... Ш.Н гэх иргэн хэлэхдээ Б.Г гэх хамт байсан залууг зодсон гэж хэлж байсан. Ш.Нын хоёр нүд хөхөрч, хавдсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-83/,
гэрч Б.Б-н “ ... 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Х буудалд намайг анх очих үед Ө, Ж нартай байсан хоёр эмэгтэй баг зэрэг согтуу, туранхай жижиг биетэй эмэгтэйн нүүр, нүд хэсэг нь тэр чигтээ хөхөрч хавдсан байдалтай байсан ... тухайн өдөр уг эмэгтэй юу ч ярихгүй суугаад л байсан архи өгөхөөр нэг хоёр уучихаад буцаагаад өгч байсан. Ямар нэг зүйл ярихгүй байсан ... их архи уугаагүй ... ” гэсэн мэдүүлэг /хх-87/,
гэрч Ш.Н-н “ ... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Э, аав Ш бид гурав аймаг руу ажил гараад явсан. Тухайн өдөр нөхөр бид хоёр аавын гэрт орох үед эгч Н байсан ба түүний нүд нь хөхөрч хавдсан, зүүн талын чих нь хөхөрсөн, эрүү нь хөхөрсөн байдалтай байсан, эгч Н босоод 00 орох гээд явж байхдаа нэг сонин алхаад байсан, буцаж орж ирэхээр нь хэнд зодуулсан юм бэ, юмаар цохиулчихсан юм уу гэж асуусан чинь юмаар цохиулаагүй, нэг залуу зодсон гэж хэлэхээр нь цагдаад очиж мэдэгдье гэхэд очиж уулзсан гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /хх-90/,
гэрч Т.Ш-н “... Миний охин Н нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны үеэр багт байх манай гэрт ирэх үед хоёр нүд нь битүү хөхөрч хавдсан байдалтай ирэхээр нь эхнэр Ж нь Наас нүдээ яачихсан юм бэ гэж асуусан чинь бүдрээд уначихсан гэж хэлсэн. Тухайн үед би багт байрлах барилга дээр ажиллаж байсан болохоор ажилдаа явчихсан, тухайн өдрөөс хойш 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл охин Н нь манай гэрт байсан гэрээс гараагүй, би өглөө 08 цагийн үед ажилдаа орой 19 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирдэг. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин Н болон хүргэн Э нарын хамт аймаг руу явсан бид нар өглөөний 10 цагийн үед гэрээсээ гарч явсан, энэ үед манай эхнэр Ж охин Н нар үлдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-93-94/
Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн “ ... Ш.Нын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй .. гэсэн дүгнэлт /хх-105-106/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 284 дугаартай шинжээчийн “... Ш.Нын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан доорх баруун тал бөмбөлгийг хамарсан их хэмжээний цусан хураа, хоёр нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун гуя, өвдөг зүүн шилбэ, дал мөрний зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, 2 нүдний салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан доорх цусан хураа нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хоёр нүдний салтсын доорх цус харвалт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 113-114/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай “... 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 284 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан доорх баруун тал бөмбөлгийг хамарсан их хэмжээний цусан хураа, хоёр нүдний дээд зовхи, эрүү, баруун гуя, өвдөг, зүүн шилбэ, далд мөрний зөөлөн эдэд 7 тооны цус хуралт гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл болно. Энэ талаар 284 тоот дүгнэлтэд нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд гэж тодорхой дүгнэсэн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 119-120/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ж.Г нь “... гавал тархины битүү гэмтлийн үед “саруул үе” гэж байдаг. Энэ үед эрүүл хүн шиг байж ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илэрдэггүй. Саруул үе нь хэдэн цагаас, сар, 2 сар хүртэл ч үргэлжилдэг. Цусан хурааны хэмжээ нэмэгдэж, хүндрэлийн шинжүүд үүсэх хүртэл эрүүл хүн шиг явдаг. Тархины хатуу бүрхүүл, хальсан доорх цусан хурааны хэмжээ нэмэгдэн тархи дарагдах, хавагнах шинжүүд илрэх үед тархины гэмтлийн шинж тэмдгүүд илрэн хураа их хэмжээтэй болсны улмаас тархи дарагдах шинж илэрвэл амь насанд аюултай байдал үүсдэг. Цусан хураа нь гавал тархины битүү гэмтлийн улмаас үүссэн бөгөөд гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлийн үйлчлэлд цохих, өшиглөх, дэвсэх, унах гэх мэт үйлчлэлүүд багтана...” гэж мэдүүлжээ.
Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээч Ж.Г “ ... хохирогчийн биед учирсан гэмтлийг шинэ гэмтэл гэж үзсэн. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... ” гэсэн тайлбар гаргаснаас гадна хэрэгт авагдсан Мэс заслын тэмдэглэлд “... цус тогтоож үзэхэд хатуу хальс хөхөрч чинэрч харагдаж байна, ... хальсан доор цусан хураа олгойдож гарч ирэв, хатуу хальсан доорх нөжөрсөн хар хүрэн их хэмжээний цусыг шпател болон соруулаар авч үзэхэд тархи цааш шахагдсан хөндий үүссэн байсан ...” гэж тэмдэглэгдсэн байна.
Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээчээс авсан мэдүүлэг зэрэг нь хоорондоо зөрүүгүй, хэрэг болсон цаг хугацаанд үйлдэгдсэн байх боломжтой байх бөгөөд хохирогчийн Ш.Нын биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрч нарын зөрүүгүй мэдүүлгүүд, хавтаст цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Г нь “ ... Ш.Нын тархинд гэмтэл учруулаагүй ... ” гэсэн давж заалдах гомдол, мөн түүний өмгөөлөгч Д.О “...дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү, .... хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн тайлбар, өмгөөлөгч Э.Г “... хэргийн зүйлчлэлийг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү ... ” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байх боловч шүүгдэгчийн гомдол, өмгөөлөгч нарын тайлбар болон санал нь дээр дурьдсан нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдсэн болно.
Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын бүхий л баримтуудыг харьцуулан, шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Б.Гийг хохирогч Ш.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирогч нь өөр шалтгааны улмаас тархиндаа гэмтэл авсан, эсхүл өөр хэн нэгэн түүнд гэмтэл учруулсан байдал тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар зөв зүйлчилж, хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР