Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0739

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийтгэлийн

хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн дүгнэлттэй, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэвээнжавд холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай байхад хуулийн зүйл заалт, торгуулийн хэмжээг буруу хэрэглэсэн байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа явуулах, шийтгэлийг зөвтгүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэвээнжавын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0146186 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт ажиллагаа явуулах, шийтгэлийг зөвтгүүлэхээр дүгнэлт бичив. гэжээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэвээнжав шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэвээнжав би Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаар прокурорын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0146186 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтээр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэвээнжавд холбогдуулан ...дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай байхад хуулийн зүйл заалт, торгуулийн хэмжээг буруу хэрэглэсэн байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа явуулах, шийтгэлийг зөвтгүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэвээнжав нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэвээнжавын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0146186 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт ажиллагаа явуулах, шийтгэлийг зөвтгүүлэх дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэвээнжавын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0146186 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН