Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 218/МА2020/00018

 

 

 

Н.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00423 тоот шийдвэртэй,

Н.Ганболдын нэхэмжлэлтэй Д.Одгэрэл, Б.Занабат нарт хариуцагдах 16761000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Ганболд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Хариуцагч Д.Одгэрэл

Хариуцагчийн өмгөөлөгч В.Сайнбилэг, Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

 

Нэхэмжпэгч Н.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 7 сард иргэн Д.Одгэрэлд зэс худалдсан бөгөөд надаас мөн мөнгө зээлж авсан. Ингээд Д.Одгэрэл нь надад нийт 16761000 төгрөг өгөх ёстой боловч өгөхгүй өдийг хүрч байна. Миний бие мөнгөө 2018 оны 04 сард нэхэхэд өгөх нь үнэн. Гэвч боломжгүй байгаа тул 2018 оны 04 сараас 12 сарын хооронд уг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэж гэрээ байгуулаад явсан боловч мөн өгөхгүй байна. Иймд 16761000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 сарын эхээр 2 тонн зэсийг Б.Занабат, Д.Одгэрэл нарт зарсан юм. Энэ хүмүүс өөрсдөө ирээд ачаад явсан. Тал зэсний мөнгийг хийсэн. Одоо 1065 кг зэсний үнэ 14910000 төгрөг мөн Д.Одгэрэлийн надаас зээлсэн мөнгө болох 1850000 төгрөг нийт 16761000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Д.Одгэрэл надтай өөрөө эвлэрлийн гэрээг Дундговь аймагт хийсэн. Гэрээ хийхдээ Б.Занабаттай утсаар яриад танд ийм хэмжээний мөнгө өгөх нь үнэн юм байна гээд гэрээ хийж гарын үсэг зурсан. Б.Занабат, Д.Одгэрэл нар надаас 2 тонн зэсийг өөрсдөө ирээд ачаад аваад явсан тул хамтдаа хариуцах ёстой гэж үзэж Б.Занабатыг хариуцагчаар татсан.... гэв.

 

Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Өмнөговь аймгийн Гашуун сухайт хэмээх газар оршин суудаг. Н.Ганболд нь хаягдал зэс гууль, хөнгөн цагаан гэх мэт хоёрдогч түүхий эдийг надад аваачиж өгч би бага хэмжээгээр хил гаргаж өгдөг байсан. Жил гаруйн өмнө Н.Ганболд гашуун сухайтад байх манай гэрт 2 тонн орчим зэсийг аваачиж өгсөн. Түүнээс 400 гаруй кг-г бид хил авч гарахдаа БНХАУ-н хилийн бүсийн цагдаад хураалгасан. Гааль дээр хураалгасан тохиолдолд эрсдэлээ би өөрөө хариуцдаг. Гааль дээр хураалгасан зэсний үнийг тодорхойлохдоо хоёрдогч түүхий эдийн үнэлгээгээр буюу 3500-5500 төгрөгөөр кг тутмыг үнэлэх боломжтой. 700 кг орчим зэсийг Мэндээ хэмээх хүн манай гэрийн грашийн хаалгыг эвдэж орж ачаад явсан. Энэ тухай би Н.Ганболдод утсаар хэлж байсан. 900 кг орчим зэсийг нь Н.Ганболдын хятад дахь бизнесийн харилцагчид болох Улаанаа, Минжээ гэх хүмүүст би өөрөө хил гаргаж өгсөн. Хятадын харилцагч түншүүдтэйгээ Н.Ганболд өөрөө очиж төлбөр тооцоогоо барагдуулдаг байсан. Дараа нь Н.Ганболд өөрөө очиж үлдсэн зэсээ авч явсан. Н.Ганболд ямар үндэслэлээр 16761000 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй байна, Н.Ганболд надад зэс худалдсан, мөнгө зээлсэн гэх үндэслэлээр 16761000 төгрөг нэхэмжилж байх боловч миний бие түүнээс зэс худалдаж аваагүй, мөнгө зээлээгүй бөгөөд зөвхөн түүний хүсэлт гуйлтаар түүний зэсийг Хятад дахь түнш нарт нь хил гаргаж өгдөг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ганболдоос 2 тонн орчим зэсийг ирж ачаад явсан нь үнэн. Гэхдээ би тухайн зэсийг нь худалдаж аваагүй. Зэсийг нь бага хэмжээгээр хил гаргаж мөнгийг нь хятад түншүүдээс нь авч өгдөг байсан. 2 тонн зэсний үнийг нь би урьдчилж аваад Н.Ганболд уруу явуулчихсан. Би нэг кг зэсний үнэ дээр 7 юань нэмж ашиг олдог байсан. Энэ үйлдлээ би хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэж байгаа. Би Н.Ганболдоос мөнгө зээлж аваагүй. Би нэхэмжпэгчээс зэс худалдаж аваагүй. Энэ хүний зэсийг удаа дараалан олон жил хил гаалиар гаргадаг байсан. Сүүлийн удаад надад нэг эрсдэл гарсан юм. Тухайн зэсийг грашинд хийсэн байсан. Тэгтэл нэг хүн манай грашийг эвдээд зэсийг авчихсан юм. Түүнийг энэ хүнд тайлбарласан. Бидний дунд ямар ч худалдан авах гэрээ байгуулагдсан зүйл байхгүй. Энэ хүний зүйлийг зөөж өгч би дундаас нь ашиг харж, мөн энэ хүнд ч ашиг гаргаж өгдөг байсан. Хил гааль дээр эрсдэл гарвал энэ хүнийг нууцлаад би өөрөө хариуцаад гардаг. Харин хохирол гарвал энэ хүн өөрөө хариуцах аман гэрээтэй байдаг. Өдий олон жил итгэл найдвараар зуучлал болж явдаг байсан. Одоо зэсийг нь алдчихсан чинь намайг худалдаж авсан гэж ярьж байна. Би ачаад явахдаа зөвхөн тээврийнхээ хөлс бензинийг хийгээд явдаг. Би энэ хүнээс зэсийг худалдаж авч яваагүй гэв.

 

Хариуцагч Б.Занабат шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: .. Би энэ асуудлын талаар мэдэхгүй. Би Д.Одгэрэлтэй хамт явахдаа машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж эвдэрвэл засвар үйлчилгээгээ хийгээд явдаг. Өөр асуудал мэдэхгүй гэв.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Одгэрэлээс 16761000 /арван зургаан сая долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ганболдод олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /хариуцагч Б.Занабатаас зэсний үнэ, зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага /-ийг хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241755 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Одгэрэлээс 241755 /хоёр зуун дөчин нэгэн мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч В.Сайнбилэг, хариуцагч Д.Одгэрэл нар давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00423 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн, хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь талуудын хооронд худалдах худалдан авах, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэх хүртэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан бөгөөд шүүх хуралдаан дээр 1065 кг зэсний үнэ 14910000 төгрөг, зээлсэн мөнгө 1850000 төгрөг нэхэмжилж байна гэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байснаас хариуцагч зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа 1850000 төгрөгтэй холбоотой нотлох баримт, тайлбар, татгалзлаа гаргах боломж нөхцлөөр хангагдаагүй, мэтгэлцэх зарчим хэрэгжих нөхцөл боломжгүйгээр шүүх хуралдаан үргэлжилсэн.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд анх ямар харилцаа үүссэнийг тогтоож байж эвлэрлийн гэрээг үнэлэх ёстой байтал хавтаст хэргийн материалд авагдсан эвлэрлийн гэрээг шууд үнэлж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж байна. Нэхэмжлэгч Н.Ганболд нь 1850000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэлд зээлсэн гэдгээ нотолж чадаагүй, нэхэмжлэгч, гэрч нар бэлэн мөнгө зээлсэн, юань зээлсэн байх гэх зэргээр хэзээ, хэдэн төгрөгийг хэрхэн зээлснээ нотолж чадалгүйгээр зөрүүтэй тайлбар, мэдүүлгийг өгч байхад зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагыг хангахгүй байна. Үндсэн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй байх нөхцөл нь үндсэн гэрээ байгуулагдсан, үүрэг үүссэн эрх зүйн үйл баримт тогтоогдсон байхыг шаардана. Хэрэгт байгаа баримтын хүрээнд Н.Ганболд болон Д.Одгэрэл нарын хооронд худалдах-худалдан авах, зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн үүрэг үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй тул үүрэг гүйцэтгэх, үүргийг хангуулах эрх зүйн үр дагавар байхгүй, улмаар Эвлэрлийн гэрээ-ний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ..." хариуцагч тал тухайн зэсийн үнийг нэхэмжлэгч талд бүрэн хэмжээгээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч тал уг тайлбарыг эс зөвшөөрч маргаж байна. Хариуцагч тал 2017 оны 07 сарын 06 өдөр 44600, 2017 оны 09 сарын 27 өдөр 50000 юань тус тус нэхэмжлэгч талд шилжүүлсэн байх боловч дээрхи мөнгө маргаан бүхий /2тонн/ зэсний үнэ эсэх нь тодорхойгүй байна... гэж дүгнэсэн нь тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагч Д.Одгэрэл нь нэхэмжлэгч Н.Ганболдод Өмнөговь аймгийн Гашуун Сухайтын боомт дахь ХААН банкны салбараас Н.Ганболдын эзэмшлийн ХААН банкны валютын 5450407197 дансанд 2016-2017 оны хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр юаныг шилжүүлсэн байдаг бөгөөд гүйлгээний утга бүр дээр Одгэрэлээс гэж бичсэн байдаг. Энэхүү мөнгөн шилжүүлэг нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зэсийг хилээр гаргасан цаг хугацаатай давхцаж байгааг, хариуцагч Д.Одгэрэлээс би зэсийг нь хилээр гаргаж өгдөг, зэсийг нь худалдаж авдаг хүн нь зэсний үнэ болох юаныг надаар буцаагаад явуулдаг, би түүнийг нь Д.Ганболдын гадаад валютын данс руу Гашуун сухайтын боомтоос шилжүүлдэг байсан гэдэг тайлбарыг нотолж байхад шүүх анхаарч үзээгүй.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Н.Ганболд нь Д.Одгэрэл бид хоёрын хооронд 2017 оны 08 сараас өмнө ямар нэг өглөг, авлагын тооцоо байгаагүй гэсэн тайлбарыг хэлдэг бөгөөд Н.Ганболдоос гадаад валютын 5450407197 тоот дансанд 2017.08.29- нөөс 2017.09.27-ны хооронд 2 удаагийн гүйлгээгээр Д.Одгэрэлээс шилжүүлсэн 94.600 юань буюу 35.096.600 төгрөгийг зэсний үнэ биш гэдэг дээр маргаагүй байхад шүүх энэ юань / мөнгө/ нь зэсний үнэ эсэх нь тодорхойгүй байна гэж үнэлсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Д.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч В.Сайнбилэг нарын гомдолд үндэслэн сум дундын шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00423 тоот шийдвэртэй хэргийг хянав.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг зөрчиж явагдсан, хуулийг зөв тайлбарлах болон маргааны үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийсэн эсэх нь эргэлзээтэй бөгөөд энэ талаар хариуцагч талын зүгээс тавьсан гомдол үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Д.Одгэрэл гэж хариуцагчаа тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс Б.Занабатыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангасан байна. Хариуцагчийн өмгөөлөгч В.Сайнбилэгийн зүгээс Б.Занабат энэ хэрэгт хариуцагч биш болохыг тогтоолгохоор хүссэн ч хүлээн аваагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэхдээ Б.Занабатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэг маргааны үндэслэл болж буй эвлэрлийн гэрээнд талууд маргадаг бөгөөд энэхүү гэрээнд Б.Занабат гэрээний нэг тал болсон гэх нотолгоо байхгүй. Ийм ч үндэслэлээр Б.Занабатад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хэргийн жинхэнэ хариуцагч эсэх нь тодорхой тогтоогдож байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан ажиллагааг явуулах боломжтой. Хэрэгт холбогдолгүй хүнийг чирэгдүүлж, оролцогчийн эрхийг ноцтой зөрчих нөхцөл үүсгэхгүй байх боломжтой.

Мөн хариуцагч гэх Б.Занабатад тухайн үед ямар нэхэмжлэлийн хувь гардуулсан нь тодорхойгүй ямар шаардлага бүхий нэхэмжлэл байсан нь хавтаст хэргээс харагдахгүй байна. Д.Одгэрэлийг хариуцагчаар татсан, Д.Одгэрэлд гардуулсан тэрхүү нэхэмжлэлийн хувийг гардуулсан бол энэ нь хэт өрөөсгөл, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал гэж үзэхээс өөр үндэслэлгүй.

Зохигчдын маргааны үйл баримт мэтгэлцээний явцаас үзэхэд чухам ямар гэрээ хэлцэл байгуулагдсан нь тодорхойгүй, шүүх энэ асуудлыг бүрэн тодорхойлж, эргэлзээгүй үнэн бодит дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэх үндэстэй байна. Нэхэмжлэгч тал маргаж буй 2тн зэсийг чухам хэдийд өгч авалцсанаа тодорхойлж чадаагүй, үүнээс хичнээн хэмжээтэйг буцаан авч, одоо ямар хэмжээтэй, хичнээн төгрөгийн үнэ хүрэх зэсийг нэхэмжилж байгаагаа тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй, зах зээлийн үнэлгээ байх эсэхийг ч тодруулаагүй байна.

Зээлсэн мөнгө 1850000 төгрөг нэхэмжилснийг чухам ямар нотлох баримтыг үндэслэн хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжинд Д.Одгэрэлд хариуцагдах хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамжилсан зэргийг анхаарах ёстой.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн үндэслэл, хууль зүйн дүгнэлт бодитой биш нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, мэтгэлцээний нөхцөлд бодитой дүгнэлт хийгээгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг өөрчлөн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Гомдол гаргагчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241755 төгрөгийг магадлал хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгох болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00423 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.    Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241755 /хоёр зуун дөчин нэгэн мянга долоон зуун тавин тав/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР