Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2024/01128

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/01210/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* байрлах ******* ХХК (утас: *******, *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

5,873,184.24 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Д.******* нь ******* ХХК-тай 2023 оны 11 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4,769,910 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийхийг шаардсан боловч төлж барагдуулаагүй. Иймд Д.*******гаас 5,873,184.24 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...******* овогтой ******* би ******* өгөх төлбөрөө 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж сар бүр 600,000 төгрөгөөр хийж төлөхөөр тохиролцсон” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 5,873,184.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,873,184.24 төгрөгийг 10 сарын хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасныг нэхэмжлэгч талаас хүлээн авч зохигчид маргааны зүйлийн талаар хугацаа тохирч эвлэрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,920.94 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,461 төгрөг, төрийн сангийн орлогоос 54,461 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох “5,873,184.24 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч нь 5,873,184.24 төгрөгийг 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж сар бүр 600,000 төгрөгөөр хийж төлөхөөр тохиролцсон” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,920.94 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,461 төгрөг, төрийн сангийн орлогоос 54,461 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН