Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2024/01138

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01203/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* тоотод байрлах ******* ГХОХХК (утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* ХХК,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******) нарт холбогдох,  

“130,034,558 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* (цахимаар),

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “....******* ХХК нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.*******тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Агентын гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн. Талууд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Тамхи зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу худалдан авагч тал нийт 90,000,000 төгрөгийг 3 тэнцүү хуваан нийт 3 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Талууд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр тооцооны асуудлаар уулзалт зохион байгуулж, тооцоо нийлсэн бөгөөд уг тооцоогоор 189,984,558 төгрөгийн тооцоотой байсан. Үүнээс 10,000,000 төгрөгийг тухайн өдрөө тушаасан боловч дахин төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч нараас 179,984,558 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь хариу тайлбартаа:

“...2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 189,984,558 төгрөгийн тооцоотой байсан. Уг тооцооноос 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчтэй бэлэн гэрээтийн авлага барагдуулах баримтыг үйлдэж, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 103201851275 тоот Төрийн банкны дансанд шилжүүлж, 99,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний худалдан авалтын хөнгөлөлт 5 хувийг хасаж тооцон 175,034,558 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Үлдэгдэл 175,034,558 төгрөгөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 103201851275 тоот Төрийн банкны дансанд тус тус шилжүүлж өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байна. Иймд өнөөдрийн байдлаар гэрээний төлбөрт хариуцагчийн зүгээс 130,034,558 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна.

Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг 179,984,558 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байгаа нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэгчээс нэхэмжилж буй үнийн дүнг тодруулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь хариуцагч ******* ХХК, Л.******* нарт холбогдуулан “179,984,558 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 130,034,558 төгрөг болгон багасгасан.

2.Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь нэхэмжлэлийн багасгасан үнийн дүн болох 130,034,558 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.5-д “...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.

4.Дээрх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,057,873 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, Л.******* нараас 130,034,558 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамжид 808,123 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ГХОХХК нэхэмжлэлтэй, ******* ХХК, Л.******* нарт холбогдох “130,034,558 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,057,873 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, Л.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 808,123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.НОМИН