| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00061/Э |
| Дугаар | 00170 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 00170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Э.Энхбат
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганболд
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Дд холбогдох 201718020018 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт *, урьд ял шийтгэлгүй, Хотон овгийн Жумдааны Д, /РД: */
Шүүгдэгч Ж.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Шарлангийн уулзвараас Ерөөгийн халуун рашаан явах замд 13-76 СББ улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “..Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..”, 9.2 “..Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 21 дүгээр зүйл 21.3 “..хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. а/ “...Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлагын дээд ирмэгээс багагүй байх, в/ “...Тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу зассан суудал нь түшлэгтэй байх..”, г/ “..Зорчигчдийг буулгах, суулгах шаттай байх..” гэх заалтуудыг тус тус зөрчин хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс тээврийн хэрэгсэл хойшоо ухарч баруун талаар унасаны улмаас тус тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан иргэн Л.Ганзаяагийн амь насыг хохирсоон гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Ерөөгийн халуун рашааны чиглэлдээ голынхоо хойд талын замаар явж байхад машин хойшоо дугчиж гулгасан, тэгээд гулгахад нь аль болох унагаахгүйн тулд тормозоо гишгэсэн боловч дугуй гулгасаар хуучин машин явж байсан мөрний ховил таараад машины баруун талын дугуй орчихсон. Тэгээд дугуйгаа гаргаж чадахгүй явсаар байтал машины зөв талын дугуй хажуу талын эрэг рүү гарч ирээд машин зогсоод л аажуухан унасан. Тэгээд би кабинаас гарч ирээд кабинд байсан 3 хүнийхээ нэгийг татаж гаргасан. Тэгээд байж байтал ачаан дээр байсан бусад хүмүүс бүгд буусан байсан. Би бүгд зүгээр үү гэж асуухад зүгээр гэсэн. Тэгээд машинаас буутал хажууд талийгаач Ганзаяа байсан. тэгээд цаанаас Даваа гэдэг залуу ирээд энд хүн дарагдсан байна гэхэд цаанаас Ариунсүх гэдэг залуу ирээд тэр хоёр дамжлаад гудсан дээр тавьсан. Тэгээд би өөр хүн амьтан байна уу гээд машиныг тойрч үзэж байхад талийгаачийн ах нь хажууд нь ирчихсэн толгойгийн барьж байсан. Тэгээд 2, 3 хүн болон манай эгч хажууд нь байж хиймэл амьсгаа хийж байсан. Тэгээд би очоод наад хүн чинь зүгээр үү гэсэн чинь эгч найдваргүй болчихсон байна гэсэн. Тэгээд би балмагдсан. Ийм асуудал болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгээс мэдүүлэхдээ...... 2017 оны 01 дүгээр сарын 08-нд манай нөхөр Ганзаяа нь надруу ярьсан. Ярихдаа би Сэлэнгэ аймгийн Мандал суманд явж байна самарт явлаа олсон мөнгөө хайрлуугаа явуулна, миний хайр зээлэндээ санаа зовоод хэрэггүй гэж хэлсэн.Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай хадам эгч надруу залгаж ингээд осолд орчихсон байна гэсэн тэр үед нь би итгэж чадахгүй юу яриад байгаа юм бэ гээд гэнэтийн цочролд орсон. Тухайн үед манай нөхөр төрсөн ах Гансүхийн хамт явсан байдаг. Өмнө нь 1 удаа Улаанбаатар хотдоо ойрхон самранд яваад ирж байсан гэв.
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Да мэдүүлэхдээ: ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр уул руу самарт явахаар 3ил-131 загварын Д жолоочтой 18-19 цагийн орчим Зүүнхараагаас гарсан. Цагдаагийн пост өнгөрөөд 01 цагийн орчимд осол болсон....Дээр байсан хүмүүс бүгд л унтаж байсан. Нэг нөхөр л машин уначихлаа гэж орилж байсан....Тэгээд хойшоо эргэж хараад овоолсон хөнжил пүүгээнүүдийг холдуулаад байж байтал сарны гэрэлд хүний царай харагдах шиг болсон. Лавлаад сайн хартал хүн хэвтэж байсан. Тэгээд “Энд хүн байна ш дээ” гээд нэг цаасан хайрцаг болон хөнжил пүүгээнүүдэд дарагдсан байсныг нь холдуултал толгой нь машины явж байсан зүүн чиглэлд түрүүлгээ харсан байдалтай баруун гар нь тохой арын хэсгээрээ нугалараад ардаа гарсан байдалтай нүүр зүүн хацраараа газар харж урагш харсан байдалтай байсан. Тэгээд хүмүүс ирээд бүгдээрээ өргөөд тэр газраас нь холдуулаад хөнжил дээр тавьсан. Машин баруун талаараа унасан байсан бөгөөд машинаас 2-3 метрийн зайд унасан байсныг урагш нь өргөж холдуулсан. Тэр үед ухаан орохгүй юм хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Агийн мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн үед уул руу 3ил-131 машинтай жолооч нь Дашка гээд залуутай 30 гаруй хүн тэвшин дээрээ бүх ачаагаа ачаад явсан. Осол 01 цагийн орчимд гарсан бөгөөд тэр үед унтаж явсан юм. Сэрсэн чинь машин онхолдсон байсан. ...Талийгаачийн дээр нэг цаасан хайрцагтай эд зүйлүүд хөнжил гудас л байсан. Тэрийг нь Даваа гээд залуу унагаагаад татаж авсан. Тэгсэн чинь ухаан алдчихсан байсан. Сэрэхгүй ухаан орохгүй байсан. Би 3 удаа цээжин дээр дарж массаж хийсэн...тэгээд талийгаач нүүр хөхрөөд байсан. Тэгэхээр нь би “энэ хүн чинь болохоо байлаа ш дээ” гэж хэлсэн. Тэгээд л талийгаач удаагүй нас барсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Ба мэдүүлэхдээ: ..тэр үед би унтаж байсан юм. Тэгээд яг юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь нойрон дунд “уналаа ш дээ гээд орилоод байсан би зүүдлээд байгаа юм болов уу гэж бодсон тэгсэн чинь миний дээрээс баахан юм нураад ороод ирсэн. Би тэвшний баруун хойд хэсэгт зорчиж явсан бөгөөд машин баруун талаараа унахад миний дээгүүр баахан хүн амьтан дээгүүр даваад унасан талийгаач надаас 2-3 метр зайд доошоо түрүүлгээ хараад толгой нь явж байсан чиглэл рүү зүүн тийш харсан байдалтай хэвтэж байсан талийгаачид хиймэл амьсгаа хийгээд цээжинд массаж хийж байсан. Талийгаач тэр үед огт ухаан ороогүй юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Г мэдүүлэхдээ: ... “...Талийгаач амьсгал авч чадахгүй ойр ойрхон амьсгал аваад ч байлуу нэг тиймэрхүү байдалтай байсан. Байсан газраас нь холдуулаад ах нь хиймэл амьсгал хийж байсан. Бас цээжинд нь массаж хийж байсан. Ухаанорохгүй байсаар л байсан. Тэгээд л өнгөрчихлөө гээд ах нь уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Л мэдүүлэхдээ: ... Би осол болох үед сэрүүн явсан. Бусад хүмүүс ер нь бүгд л унтаж байсан. Осол болох үед би толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн байсан учир юу ч хараагүй. Ямар ч байсан машин ухарсан бөгөөд эвгүй хазайгаад зогссоныхоо дараа хажуугаараа зөөлөн удаан хазайж ирж байгаад унасан. Тэр үед би балмагдаад юу болсоноо санадаггүй юм. Нэг мэдсэн чинь машинаас буучихсан газар зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Ба мэдүүлэхдээ: “...Талийгаач тэвшнээс урагш 2 алхам л зайтай газарт намайг очиход дээшээ харсан ухаангүй байсан. Би судсыг нь барьж үзэхэд судасны цохилт мэдрэгдээгүй юм. Дээр нь бас ямар нэгэн хариу үйлдэлгүй байсан. тэгээд би зүрхэн тушаа газар нь 5 удаа гараараа дарж массажпасан....ямар ч ухаан ороогүй хариу үйлдэл үзүүлээгүй тэгээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15-р хуудас, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р хуудас/
Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын №07 дугаартай шинжээчийн дүгнэлт: “..Хотон овгийн Жумдааны Д нь өөрийн 3ил-131 загварын 13-76 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.Тээврийн хэрэгслийн хурд...9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.Хүн тээвэрлэх...21.3.”Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлаганы дээд ирмэгээс багагүй байх, в/Тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу зассан суудал нь түшлэгтэй байх...г/зорчигчдыг буулгах суулгах шаттай байх....гэснийг зөрчсөн....гэх /хх-ийн 19-р хуудас/
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн №10 дугаартай “...Нас барагч Л.Ганзаяагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед толгойгоороо гадны биетийг мөргөх үед үүсэх боломжтой гэмтэл юм. Нас барагчийн биед үүссэн гэмтэл нь хүний гар хөлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Нас барагч нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Нас барагчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй болно. Нас барагч Л.Ганзаяа нь дотор эрхтнүүдийн цус эргэлтийн хурц хямралын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23, 28-30-
р хуудас/
Ж.Дын сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд, хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах хуудас /хх-ийн 69-79-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар:
Шүүгдэгч Ж.Д нь Самарт явах хүн тээвэрлэн явахдаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Ерөөгийн халуун рашаан гэх газарт 13-76 СББ улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “..Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..”, 9.2 “..Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 21 дүгээр зүйл 21.3 “..хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. а/ “...Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлагын дээд ирмэгээс багагүй байх, в/ “...Тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу зассан суудал нь түшлэгтэй байх..”, г/ “..Зорчигчдийг буулгах, суулгах шаттай байх..” гэх заалтуудыг тус тус зөрчин хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс тээврийн хэрэгсэл өөд газар машин арагшаа ухарч баруун талаар унасаны улмаас тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан 27 зорчигчийн нэг болох иргэн 36 настай Л.Ганзаяагийн амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар “ Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг 2015 оны эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг шилжүүлэн хэргийг зүйлчилж хуульд заасны дагуу үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч Ж.Д нь анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нотлох баримтаар тооцогдох 2911700 төгрөгний төлбөрөөс нас барагчийн эхнэр Д.Бямбасүрэнд 4750000 төгргөгийг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохирогч тэжээгч нас барсны тэтгэлэгийн зөрүү нэхэмжлэх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд хандах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, жолооны үнэмлэх шүүхэд ирээгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, Зил -131 маркын 13-76 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох зэргийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Хотон овгийн Жумдааны Дыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар Ж.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэхь хэсэгт зааснаар Ялтан Ж.Д нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1680000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнд төлөх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж Д нь оршин суугаа газраа өөрчлөх удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгасугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн нь тэжээгч нас барсан тэтгэлгийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд хандах эрхтэйг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Ж.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж анхааруулсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, жолооны үнэмлэх шүүхэд ирээгүйг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
8.Энэ хэрэгт Зил-130 маркын 13-76 СББ улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/ өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ